Тод мэдээ
БСШУСБХ хяналт, шалгалтын чиглэлээр хоёр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон ажлын хэсэг тус бүр долоон удаа хуралдаж, нийт 13 асуудлыг хэлэлцэж, Байнгын хорооны зургаан тогтоолын төслийг хэлэлцэн баталж, Улсын Их Хурлын гишүүний асуулт болон асуулгын хариу хоёрыг хэлэлцсэн байна.
Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд холбогдох Байнгын хороонд гурван санал, дүгнэлт бэлтгэж, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 14 саналын томьёолол бэлтгэн төслийг эцэслэн батлах бэлтгэл ханган ажиллажээ. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалтын чиглэлээр Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай тохиолдолд санал, дүгнэлт гаргах болон Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлттэй танилцаж, хяналт, шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хоёр ажлын хэсгийг байгуулсан байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо нь эрхлэх асуудлынхаа хүрээнд харьяалах байгууллагуудын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, үйл ажиллагаа, бодлого төлөвлөлттэй танилцах ажлыг зохион байгуулж ажиллажээ. Тухайлбал, МУИС-ийн хичээлийн 3 дугаар байрны барилгын явцтай танилцаж, Боловсролын багц хуулийг багш нарт танилцуулжээ.
Мөн шинжлэх ухааны цогцолборын шинэ бүтээн байгуулалт, Хими, химийн хүрээлэнгийн баяжуулалтын лаборатори, Үндэсний номын сангийн шинэ барилгын явц болон Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв болон салбаруудын хууль тогтоомжийн хэрэгжилт, бодлого төлөвлөлттэй танилцжээ.
Дээд боловсролын тухай хуулийн хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, сургуулийн багш, удирдлагуудтай уулзалт-хэлэлцүүлэгт зохион байгуулсан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод зураг2019/06/11
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
-
Өнөөдөр2025/04/18
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Тод мэдээ2022/05/30
“Парламентын боловсрол” илтгэх ур чадвар, мэтгэлцээний аварга шалгар...
-
Тод мэдээ2022/12/20
Авлига, албан тушаалын зургаан хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв