Дэлхий нийтээр..
УИХ-ын даргын 174 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдлаа
Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай ахалж байна. “Нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ, өнөөгийн байдал, эмчилгээний чиг хандлага” хэмээх сэдвээр Эрүүл мэндийн яамны RMC үр шилжүүлэн суулгах төвийн эмчилгээ эрхэлсэн захирал Э.Одхүү мэдээлэл хийв. Тэрбээр, Монгол Улс дахь үргүйдлийн тархалт ямар байгааг насны бүлгээр нь танилцуулаад нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг хэрхэн зохион байгуулж байгааг дурдсан юм. Мөн үр шилжүүлэн суулгах үйлчилгээний менежмэнт болон нөхөн үржихүйн эрх зүйн орчны талаарх асуудлуудыг танилцуулсан.
Мөн ажлын хэсгийн хуралдаанд Хүүхэд гэр бүл судлаач, доктор Х.Баавгай болон Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч доктор Б.Оюун-Эрдэнэ нар Монголын гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулсан юм. Судлаачид хэлэхдээ, Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, түүнд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлсийг судалж, 2004, 2010 оны суурь судалгааны ажлуудтай харьцуулан, өөрчлөлтийг тодорхойлох зорилгоор хийсэн хэмээн судалгаагаа онцоллоо. Судалгаанд орон нутгийн 1200 өрх, нийслэлийн 816 өрх хамрагдсан байна. Гэр бүлийн бүтэц, хэв маяг, харилцааны өнөөгийн байдал, онцлог, өөрчлөлт, амьдралын мөчлөг, тулгамдаж буй асуудал, уламжлалд хандах хандлага, үнэт зүйл, ураг төрлийн харилцаа, гэр бүлийн гишүүдийн зөрчил, харилцаа, эрх мэдэл, үүрэг, гэр бүлийн хүүхдэд ээлтэй орчны өнөөгийн байдал, гэр бүлийн талаар баримталж буй төрийн бодлого, эрх зүйн орчны хэрэгжилт зэрэг сэдвээр судалгааг чиглүүлжээ.
Нийт судалгаанд хамрагдсан гэр бүлийн гишүүдийн 639 буюу 31.6 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд сүүлийн 12 сарын хугацаанд ямар нэг байдлаар өртсөн гэж хариулсан байна. Харин хүчирхийллийн хохирогчдын 239 буюу 37.4 хувь нь эрэгтэй, 400 буюу 62.6 хувь нь эмэгтэй байна. Бие махбодь, сэтгэл санаа, бэлгийн гэх хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн байна. Хүйсийн хувьд 239 буюу нь 37.4 хувь нь эрэгтэй, 400 буюу 62.6 хувь нь эмэгтэйчүүд ажээ. Хүчирхийллийн хохирогчдыг харьцуулбал, бүхий л хэлбэрт эмэгтэйчүүдийн өртөх байдал эрэгтэйчүүдийг бодвол илүү байна.
Орчин үеийн гэр бүлийн хувьд зөрчлийн үндсэн шалтгаан нь санхүүгийн байдал, согтууруулах ундааны хэрэглээ, хүүхдийн асуудал, өр зээл, үзэл бодлын зөрчлөөс үүдсэн гэсэн судалгаа гарчээ. Гэр бүлийн гишүүдээр нь харьцуулбал, ихэвчлэн эхнэр-нөхрийн, эцэг, эх болон хүүхдүүд , хадмууд болон хүргэн/бэрүүдийн хооронд үүсдэг байна. Cудалгаанд хамрагдсан эцэг, эхчүүд хүүхдийг хүмүүжүүлэхдээ ихэвчлэн хүчирхийллийн шинжтэй шийтгэлийн аргуудыг хавсран хэрэглэдэг гэнэ. Мөн 1-14 насны хүүхдүүдэд 66.7 хувьд нь бие махбодийн, 21.3 хувьд нь сэтгэл санааны шийтгэлийн аргыг хэрэглэжээ гэх зэргээр танилцуулав. Танилцуулагуудтай холбогдуулан ажлын хэсгийн гишүүд асуулт асууж, хариулт авлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Үйл явдал2022/02/24
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
-
Тод зураг2022/06/16
Гоодаль цэцгээр бүсгүй хүний гоо сайхныг бэлгэддэг
-
Үйл явдал2025/01/22
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
-
Дэлхий нийтээр..2022/01/28
Эрдэнэтийн зэсийн баяжмалыг Замын-Үүд боомтоор экспортлож эхэллээ
