Дэлхий нийтээр..
Хоёр улсын хооронд төмөр зам, авто зам, агаарын тээврээр тээвэрлэлт хийх таатай нөхцөлийг бүрдүүлнэ
2025 оны нэгдүгээр сарын 25-29-ний өдрүүдэд Лаос Улсын нийслэл Вьентьян хотноо зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссын 12 дугаар хуралдааны хүрээнд тус комиссын Монголын хэсгийн дарга, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхий сайд Сонсай Сипандонгтай уулзав.

Уулзалтын эхэнд сайд Б.Дэлгэрсайхан энэ удаагийн Засгийн газар хоорондын комиссын хурал хоёр орны улс төр, эдийн засаг, соёл боловсрол, хүнс хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтэц зэрэг олон салбарын харилцаа хамтын ажиллагааг дээшлүүлэх, өргөжүүлэх талд чухал хувь нэмрийг оруулсан хурал болсон гэж үзэж байгаагаа Ерөнхий сайдад танилцуулав. Хоёр улсын харилцааг цаашид эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа бизнесийг харилцан нэмэгдүүлэх сонирхол болон нөөц боломж аль аль талд их байгаа тул энэ боломжийг ашиглахад анхаарч ажиллах нь зүйтэй байгааг онцлов.

Ялангуяа Лаосын талаас Монгол Улстай хүнсний салбарт хамтран ажиллах, түүний дотор мах, махан бүтээгдэхүүн худалдан авах сонирхолтой байгаа ба эргүүлээд жимс, ногоо, цагаан будаа, мод, модон бүтээгдэхүүн зэргийг нийлүүлэх боломжтой байгаагаа илэрхийлсэн. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тээврийн харилцаа холбоос чухал тул хоёр улсын хооронд төмөр зам, авто зам, агаарын тээврээр тээвэрлэлт хийх таатай нөхцлийг бүрдүүлэхэд хоёр улсын салбарын яамд болон бусад холбогдох байгууллагууд чармайлт гарган ажиллахаар болсон талаар дурдаж хийгдэж буй ажлуудын талаар товч мэдээлэл өгөв.

Ерөнхий сайд Сонсай Сипандонг Монголын Засгийн газрын төлөөлөгчид Вьентиан хотноо айлчлан ирж хоёр орныг улам ойртуулж, нөхөрлөл, түншлэлийг улам бататгасан арга хэмжээг зохион байгуулсан баяртай байгааг хэлж манай хоёр улс нь түүхийн хугацаанд харилцан бие биедээ тусалж дэмжиж ирсэн дотны найз нөхөд гэдгийг онцлон хэлэв. Монгол Улс 126 гишүүнтэй УИХ-тай болсонтой холбоотойгоор шинээр нэмэгдсэн гишүүдийн суух ширээ сандлыг Лаосоос бэлэглэсэн, Монголын талаас амьд хонь, хивс бэлэглэж байсан зэрэг жишээг дурдав. Мөн Зам, тээврийн сайдын зүгээс танилцуулсан тээврийн хамтын ажиллагааны саналуудыг Ерөнхий сайдын зүгээс дэмжин сайшааж байгаагаа хэлж цаашид аяал жуулчлалыг хөгжүүлэхэд нислэгийг асуудал чухал тул сайдын зүгээс анхаарч ажиллахыг хүсэв гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.

Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2024/07/23
Булган аймагт “Алтаргана-2024” наадам болно
-
Дэлхий нийтээр..2021/03/05
Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, сайжруулах чиглэлээр цахим хэлэлцүүлэг хи...
-
Тод зураг2019/08/27
“Ардчиллаас ирээдүйд бидний хүлээх 30 өөрчлөлт” сэдэвт эссе бичлэгий...
-
Дэлхий нийтээр..2023/12/18
Гурван асуудлын хүрээнд 128 гэрчийг өнөөдрийн сонсголд оролцуулахаар мэдэгдэх ху...
