Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн талаарх сайдын мэдээллийг сонсож, ЭМДҮЗ-ийн дүрмийг шинэчлэн батлав

Огноо:

,

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэлдээ, нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хүн амыг хамруулах ажлыг 2022 оны тавдугаар сарын 01-нээс орон даяар зохион байгуулж эхэлсэн болон хүүхдийн эрт илрүүлгийн товлол, давтамжийг хоёр багцад зургаан төрлөөр, насанд хүрэгчдэд дөрвөн багцад 21 төрлөөр, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-тай гэрээ байгуулсан эмнэлгүүдээр хийж буйг танилцуулсан юм.

Энэ сарын 16-ны байдлаар эрт илрүүлэгт улсын хэмжээнд 1 593 838 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 47.1 хувь болж байна. Тэдний 695 460 буюу 43.6 хувь нь эрчүүд, 898 378 буюу 56.4 хувь нь эмэгтэйчүүд, 753 093 буюу 47.3 хувь нь 0-17 насны хүүхэд байна.

Эрт илрүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулах ажлын хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн 2942 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургагч багшаар, давхардсан тоогоор 39661 хүнд цахимаар сургалт явуулж, цогц үзлэг хийх “Эрүүл мэндийг дэмжих төв” 28-ыг байгуулсны зэрэгцээ орон нутагт автомашинд суурилсан “Нүүдлийн амбулатори” ажиллуулахад нийт 42.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гаас эрт илрүүлгийн гүйцэтгэлийн зардалд 2022 онд 16.4 тэрбум төгрөг, 2023 онд 42.6 тэрбум төгрөг олгосон байна. Түүнчлэн Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас Үндэсний Дата төвтэй хамтран серверийн өгөгдөл хадгалах хэмжээг 35 террабайтаар, шуурхай санах ойн (RAM) хэмжээг 1024 гегабайтаар өргөтгөн, эрт илрүүлгийн системийг ХУР системтэй холбожээ. Одоо Е-Mongolia системээс эрүүл мэндийн лавлагаа, мэдээлэлтэй холбоотой 20 гаруй үйлчилгээ авах боломж бүрдээд байгаа юм.

Байнгын хорооны хуралдаанд эрт илрүүлгийн үр дүнг нэгтгэн дүгнэсэн мэдээллийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр танилцуулав. Уг мэээллээс үзвэл эрт илрүүлэгт хамрагдсан нийт иргэдийн 509 072 буюу 38.0 хувь нь ямар нэгэн өөрчлөлтгүй харьцангуй эрүүл байсан бол 816 361 буюу 62.0 хувь нь эрүүл мэндийн хувьд өөрчлөлттэй гарчээ. Өөрчлөлт илэрсэн хүмүүсийн 54.0 хувийн онош тодорхой тул эмчилгээнд хамруулж, 36.0 хувь буюу 290 175 хүний оношийг баталгаажуулахаар шинжилгээнд илгээсэн бол 81 636 хүний үзлэгийн үр дүн гараагүй буюу эрт илрүүлэгт бүрэн ороогүй байна. Үзлэг шинжилгээнд хамрагдсан хүүхдүүдийн дунд шүд, амны хөндийн өвчлөл, жингийн илүүдэл болон дутагдал зонхилж байгаагийн зэрэгцээ 0-5 насныхны 8.7 хүртэлх хувьд хөдөлгөөн, хэл яриа, танин мэдэхүйн, 6-14 насныхны 7.0-30.0 хувьд сэтгэл хөдлөл, зан үйлийн болон анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх, мөн харилцааны тулгамдсан асуудлын сэжиг илэрсэн байна. Харин насанд хүрэгчдийн 40.0 хүртэлх хувь нь тамхи, архи хэрэглэдэг, хоёр хүн тутмын нэг нь идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэггүй, дөрвөн хүн тутмын нэг нь жимс, хүнсний ногоог зохистой хэмжээгээр хэрэглэдэггүй, 20.4 хувь нь таргалалттай, 36.4 хувь нь жингийн илүүдэлтэй, 73.7 хувь нь халдварт бус өвчний 3-5 хүчин зүйл хавсарсан өндөр эрсдэлтэй нь тогтоогджээ. Эдгээр нь артерийн гипертензи, зүрхний ишеми, чихрийн шижин, ходоодны архаг үрэвслийн тархалтад нөлөөлөх гол хүчин зүйлс болж буй юм. Мөн гепатитын В вирусийн халдвар гурав дахин, гепатитын С вирусийн халдвар 4.6 дахин нэмэгдсэн нь элэгний фиброз, цирроз үүсэхэд нөлөөлж буйг Эрүүл мэндийн сайд мэдээлэлдээ дурдлаа. Түүнчлэн 21 насны 50 хүн тутмын нэгд солиорлын, 45 ба 60 насны 10 хүн тутмын нэгд сэтгэцийн эмгэгийн шинж илэрсэн бол, 11-14 насны хүүхдүүд, 30-59 насны хүмүүсийн дунд сүрьеэгийн сэжигтэй тохиолдол олон гарчээ. Бүдүүн гэдэсний хавдрын шинжилгээгээр дотуур цус алдалт 50-аас дээш насанд, гепатитын В, С вирусийн хавсарсан халдвар 60-аас дээш насанд давамгай тохиолдож байна. Мөн эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний хугацаанд тэмбүүгийн 170 орчим, ХДХВ-ийн халдварын дөрвөн шинэ тохиолдол батлагдсаныг эмчилгээ, хяналтад авчээ. Нийт 5797 хавдрын сэжигтэй хүний 371-д хорт хавдар шинээр оношлогдсон байна.

ЭМЯ-наас 2024 оны 12 дугаар сард зохион байгуулсан үндэсний хэлэлцүүлгээс цаашид “Эрт илрүүлэг 2.0”-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмж гарсныг сайд Т.Мөнхсайхан танилцуулсан юм. Эрт илрүүлэг 2.0-ыг ургийн хромосомын гажгийн, нярайн, сургуульд суурилсан, ажлын байранд суурилсан, хорт хавдрын гэсэн таван бүрэлдэхүүн хэсгээр зохион байгуулахаар бэлтгэж байгаа ажээ.

Эрүүл мэндийн сайдын мэдээлэл, түүнд тусгагдсан статистик дүн, тоо баримтын талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа 1.6 сая орчим хүн эрт илрүүлэгт хамрагдахад 1.3 сая нь өвчтэй байгаад нөлөөлж буй голлох хүчин зүйлс, шалтгаан, хоол боловсруулах тогтолцооны өвчлөлийн дүн өндөр гарахад ямар хүнс нөлөөлж байгаа зэргийг асууж, эмийн зэрэгцээ хүнсний бодлого, хяналтыг хэрэгжүүлэх агентлаг байгуулж ажиллах шаардлагатайг дурдсан юм. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат үзлэг, шинжилгээгээр хүн амын удамшлын өгөгдлийн сангийн мэдээллийг хэрхэн ашигласан болон үзлэг шинжилгээний багцыг баримтлахдаа уян хатан ажилласан эсэх, ариутгал халдваргүйтгэлийн шаардлагыг хангаж чадсан эсэх, хөдөө суманд эрт илрүүлгийг явуулах боловсон хүчин, техникийн боломж ямар хэмжээнд байсан, гурван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлтэй гэсэн дүгнэлт хийх үндэслэл, энэ эрсдлийн шалтгаан, хүчин зүйлсийн талаар асууж, хариулт авав. Тэрбээр ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн байрны таазны будганд хийсэн шинжилгээгээр 35.0 хувьд нь хром, 55.0 хувьд нь хар тугалга зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн нь илэрсэн талаарх судалгааны дүнг онцлон асууж, энэ асуудалд анхаарч ажиллахыг зөвлөсөн юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа Монгол Улсын 2025 оны төсвийг батлахдаа бүхий л салбарын зардал санхүүжилтийг хассан атлаа ганцхан Эрүүл мэндийн сайдын багцыг нэмсэн нь онцгойлон ач холбогдол өгч буй хэрэг гэдгийг дурдаад, эрт илрүүлэгт хамрагдаагүй хүмүүсийг хамруулах эсэх, хоёрдугаар эрт илрүүлгийг нийтийн болон чиглэсэн аргачлалын алинаар явуулах талаар асуув. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариулахдаа нийтийн буюу масс илрүүлгийн шинжилгээ нь их зардлаар бага өвчлөл илрүүлж, үр дүн багатай байсан тул хоёрдугаар эрт илрүүлгийг таван бүрэлдэхүүн хэсгээр буюу тэдгээрт чиглүүлэх байдлаар явуулна гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат эрт илрүүлгийн ажил ихээхэн үр дүнтэй болсныг дүгнээд, нэгэнт хүн амынхаа нийтлэг өвчлөл, тэдгээрийн шалтгаан нөхцлийг тодорхойлчихсон тул одоо тэрхүү шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийг арилгах талаар томоохон бодлогын арга хэмжээ авч ажиллах шаардлагатай гэсэн санал дэвшүүлэв. Энэхүү бодлогын арга хэмжээ нь далайцтай, иргэдийн анхаарлыг татсан, хүн амыг нийтээр хамруулсан, дорвитой байх ёстой гээд тэрбээр Английн тамхины эсрэг явуулсан цогц үйл ажиллагааг жишээлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен сайдын мэдээлэлд дурдагдсан тоо баримт, статистик үзүүлэлт олон нийтэд ташаа ойлголт өгөхөөр байгаад анхаарахыг зөвлөж, ерөнхий үзүүлэлтэд агуулсан тодорхой утгуудыг задалж тайлбарлах шаардлагатай гэв. Тухайлбал, гурван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн сэрүүл мэндийн эрсдэлтэй гэсний дотор тулгамдсан асуудал нь юу болох, хэд нь гар утас, компьютерийн донтолттой, хэд нь төрөлхийн эмгэгтэй гэдгийг нарийвчлан гаргах нь зүйтэй гэсэн юм. Мөн халдварт өвчний тархалт, тэр дундаа сүрьеэгийн тархалт зарим насныхны дотор өндөр байгаа нь сургууль, байгууллагад нийтийг хамарсан халдвар тархсан гэж ойлгогдохуйц үзүүлэлттэйгээр сайдын мэдээлэлд туссан байгааг анхаарууллаа.

Хүн амын эрүүл мэндийг тодорхойлогч хүчин зүйлсийг тогтоохдоо иргэдийн хаана амьдарч байгааг буюу бүс нутгийн онцлогийг харгалзсан эсэх, эрт илрүүлэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ямар хэмжээнд хамруулсан болон осол гэмтлийн тандалт судалгааг хийсэн эсэх талаар Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун асууж, хариулт авав. Тэрбээр эрт илрүүлгийн үр дүнгийн талаарх нийт өгөгдөлд прогноз хийж, цаашид авах хариу арга хэмжээ, стратегиа төлөвлөхөд анхаарч ажиллахыг зөвлөлөө. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа орон нутагт эрт илрүүлгийг хийх хүн хүч, тоног төхөөрөмж хангалтгүй байгаа, сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тогтоох, мөн сургууль, дотуур байрны хүүхдүүдийн хоол тэжээл, шим тэжээлийн судалгааг хийх шаардлагатай, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн зардал, санхүүжилтийг зохих хэмжээнд шийдвэрлэж ажиллах зэрэг хэд хэдэн асуудлыг хөндсөний зэрэгцээ дархлаажуулалт, вакцинжуулалтын асуудлаарх иргэний нийгмийн олон талт байр суурийг харгалзаж ажиллах нь зүйтэй гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн эрт илрүүлгээр илрүүлсэн өвчлөл, эрсдэлүүдээ одоо эмчлэх, хяналтанд авах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэйг онцолж, шинжилгээ, оношилгоо хийхдээ ямар нэгэн шалгуур шаардлага тавихгүй байхыг зөвлөв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг эрт илрүүлэгт хамрагдаагүй хүмүүсийг идэвхжүүлэх, хамруулах үүднээс тэдэнд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, явуулын үйлчилгээг өргөжүүлж, иргэдийг амьдарч байгаа газарт нь үзлэг, оношилгоонд хамруулах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара зонхилж байгаа өвчлөлүүд, тэдгээрт нөлөөлж байгаа хүчин зүйлтэй тэмцэхэд анхаарлаа хандуулах, үүнд тодорхой хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай бол хамтран ажиллахыг уриалав. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Д.Үүрийнтуяа нар иргэдийн эрүүл мэндийн боловсрол, зан үйлийн мэдээллийг нэгтгэн дүгнэж, судалгаанд суурилан ажиллах, хүнс, хэвшил зуршил болон хөрс, орчныг эрүүлжүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлж, зангидаж ажиллах шаардлагатайг тэмдэглэлээ.

Олон улсын хэмжээнд тогтож, шалгагдсан өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх бүтэц бий болгож, тэрхүү бүтцээр судалгаа, хяналт, урьдчилан сэргийлэх болон прогноз хийх, нийтэд мэдээлэх, анхааруулах зэрэг ажлыг цогц байдлаар хийдэг байх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Байнгын хорооны хуралдаанаар мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний Зөвлөл (ЭМДҮЗ)-ийн дүрмийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Дүрмийн төслийн талаарх танилцуулгыг Эрүүл мэндийн сайд, ЭМДҮЗ-ийн дарга Т.Мөнхсайхан хийлээ. Тус Зөвлөлийн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрэм нийт зургаан бүлэг, 33 хэсэг, 29 заалттай бол шинэчлэн боловсруулсан дүрмийн төсөлд уг дүрмийн 23 заалтыг өөрчлөн найруулж, 18 заалтыг шинээр нэмж, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон бусад хуульд орсон өөрчлөлттэй уялдуулан 25 заалтыг хасаж, давхцал хийдлийг арилгасан байна. Эрүүл мэндийн сайд танилцуулгадаа, дүрмийн шинэчилсэн төсөлд ЭМДҮЗ-ийн бүрэн эрхийг өргөжүүлсэн, ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалд хамааруулж, цалингийн сүлжээ, албан тушаалын ангилал, зэрэг дэвийг Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын ажлын албатай дүйцүүлэн тогтоосон зэрэг томоохон өөрлөлт тусгагдсаныг дурдаад Нийгмийн бодлогын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар уг дүрмийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг тусгасан тухай дэлгэрэнгүй танилцуулав.

ЭМДҮЗ-ийн дүрмийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Д.Ганмаа, Ц.Идэрбат, Б.Бейсен, О.Саранчулуун нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд ЭМДҮЗ-ийн хуралдааныг ил тод нээлттэй явуулах, давхар хариуцлага хүлээж ажилладаг тус Зөвлөлийн гишүүдэд тодорхой хэмжээний урамшуулал олгох, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой зохицуулалтыг сайжруулах, хариуцлагын механизмыг тодорхой болгох, Зөвлөлийн гишүүдийн эрх, үүргийг тэлж, бие даасан байдал, засаглалын шаардлагуудыг өндөрсгөх, Ажлын албаны чиг үүргийг тодорхой болгох, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын хүний нөөц, тэдгээрийн байршлын судалгаа, ажлын байрны зураг авалтыг хийх, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт болон тусламж, үйлчилгээний уялдааг хангах, санхүүжилт, хяналтын тогтолцоог оновчтой болгох, ЭМДЕГ-т тавих Зөвлөлийн хяналт, шалгалтын эрх, үүргийг өндөржүүлж бэхжүүлж, ЭМДС-гийн үр ашгийг дээшлүүлж, төсвийн гүйцэтгэлд тавих хяналт болон гүйцэтгэлийн санхүүжилтийн тохируулгыг сайжруулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдэд хүртээмжтэй болгох зэрэг олон асуудлыг хөндөж, ЭМДҮЗ-ийн дарга, гишүүдээс хариулт, тайлбар авсан юм.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлсний дараа “ЭМДҮЗ-ийн дүрмийг шинэчлэн батлах тухай” Нийгмийн бодлогын байнгын хорооны тогтоолын төслийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулав. Санал хураалтаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг тогтоолын төслийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулах ажлын хүрээнд ААН-үүдийн үйлдвэртэй танилцаж, туршлага судлав

Огноо:

,

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хот Хүннү хотод тээвэр логистикийн нэгдсэн төвийг нийт 1019 га талбайд барина.

Үүнээс 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулах юм.

Уг төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсэг нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн үйлдвэр, терминалтай танилцлаа. 

Энэ үeэр "Ти Ай Ложистик" XXK-ийн Тээврийн газрын захирал П.Ариунзаяа “Манай компани үүсгэн байгуулагдаад 14 жил болж байна. Импорт, экспортын бараа, бүтээгдэхүүнийг боловсруулах, гаалийн хяналтын бүс болон олон улсын тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн хувьд НЗДТГ-ын ажлын хэсгийн зүгээс Хүннү хотод шинээр байгуулах логистик, ХАБЭА-н талаар бидэнтэй уулзаж, манай үйл ажиллагаатай танилцлаа. 

Хүннү хотын логистик төвийг олон улсын стандартад нийцүүлсэн жишиг төв болгож хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Иймд, одоогийн үйл ажиллагаагаа илүү сайжруулж, хамтран ажиллахад бэлэн байна” гэв.

"Ландбридж" ХХК-ийн захирал Д.Энхтүвшин “Миний хувьд тээвэр, логистикийн салбарт 27 жил ажиллаж байна. Манай компани нь 22-ын товчоо буюу СХД-ийн 36 дугаар хороонд бараа бүтээгдэхүүнийг суурьшлын бүс рүү задалж оруулах, орон нутагт түгээх агуулахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. НЗДТГ-ын Хүннү хотыг хөгжүүлэх ажлын хэсгээс логистикийн дэд бүтэц, агуулахын чанар зэргийг цаашдын төлөвлөлтдөө оруулах зорилгоор туршлага судалж, ирж үзлээ. Энэ салбарт олон жил ажиллаж, амьдарч буй хүний хувьд Хүннү хот болон нийслэлийн захын дүүргүүдэд түгээлт, ачаа бараа боловсруулах дэд бүтэц сайжраасай гэж хүсдэг. Энэ талаараа бид өөрсдийн хийсэн бүтээснийг үзүүлж, мэддэг чаддаг бүхнээ зөвлөлдөж байгаадаа баяртай байна” гэв.

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Тээвэр логистикийн төвийг Хүннү хотод нүүлгэн шилжүүлэхтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулагдсан. Хоёр өдрийн өмнө энэхүү үйлчилгээг үзүүлдэг ААН-үүдтэй хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлгийн хүрээнд тодорхой саналууд гарсан учраас энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг ААН-үүд дээр ирж, үйл ажиллагаатай нь танилцлаа. 

Хотод төвлөрсөн логистикийн хөдөлгөөнийг сааруулахад аж ахуй эрхэлж байгаа компанийн захирлууд болон үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийллээ. Хамгийн чухал нь Хүннү хотод төлөвлөж байгаа байршил дээр ямар үйлчилгээг нэвтрүүлэх, терминалаа хаана үлдээх зэрэг олон бодитой ажил хэрэгч саналуудыг гаргаж байна. Тиймд, логистикийн төвийг шинээр байгуулахдаа үйлчилгээ эрхэлдэг ААНБ-ын бүх саналыг аль болох тусгаж, олон улсын стандартад нийцсэн ажил төлөвлөж гүйцэтгэнэ” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд 5000 гаруй хүн бүртгүүлээд байна

Огноо:

,

“Улаанбаатар Марафон 2025”-ын хамгийн бага зай болох 1.5 км-т гэр бүлээрээ болон тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой бөгөөд энэ төрөлд нийт 954 хүн гүйхээр бүртгүүлжээ. 5 км-ийн зайд 2451 иргэн гүйхээр бүртгүүлсэн бол 10 км-ийн зайд 794 хүн бүртгүүлсэн байна.

Хагас марафон буюу 21 км-ийн гүйлтэд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангиллаар оролцох боломжтой. Энэ төрөлд 700 хүн бүртгүүлээд байна. Бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18 болон түүнээс дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангиллаар гүйх бөгөөд одоогийн байдлаар 135 хүн бүртгүүлжээ.

Бүртгэлийн хураамж нь зай тус бүрээс хамааран 5000 төгрөгөөс 90,000 төгрөгийн хооронд байна. Тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй. Та бүхнийг "Улаанбаатар Марафон 2025" олон улсын гүйлтэд найз нөхөд, гэр бүл, хамт олноороо оролцож, нэгэн өдрийг эрүүл мэндийнхээ төлөө үр бүтээлтэй өнгөрүүлэхийг уриалж байна.

Марафонд гүйх хүсэлтэй иргэд https://ulaanbaatar.marathon.mn цахим хаягаар болон “Hipay” аппликейшнээр бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар олголт 2025.05.10-20-ний хооронд үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

“Эрүүл мэндийн ажилтны гарын эрүүл ахуй сахих дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна

Огноо:

,

ДЭМБ-аас жил бүрийн тавдугаар сарын 5-ны өдрийг “Эрүүл мэндийн ажилтны гарын эрүүл ахуй сахих дэлхийн өдөр” болгон тэмдэглэж, эрүүл мэндийн ажилтнуудад гарын эрүүл ахуйг сахихын ач холбогдлыг сурталчлан, мэдлэг, хандлага, дадлыг дээшлүүлэхэд чиглэсэн нөлөөлөл, сурталчилгаа зохион байгуулдаг.

Энэ 2025 онд дэлхий дахинд энэ өдрийг "Бээлийг зохистой хэрэглэе. Гарын эрүүл ахуйг сахья" уриан дор тэмдэглэх бөгөөд дараах үйл ажиллагааг зохион байгуулахыг улс орнуудад зөвлөжээ. Үүнд:

-"Гарын эрүүл ахуй сахих 5 мөч"-ийг хэрэгжүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний явцад халдвар тархахаас сэргийлэх, гарын эрүүл ахуйн зөв дадлыг түгээн дэлгэрүүлэх;

-Бээлийг шаардлагатай үед хэрэглэх нь чухал боловч энэ нь гарын эрүүл ахуйг орлохгүй, бээлийг зохистой зөв хэрэглэхийг сурталчлан таниулах;

-Бээлийг зохисгүй, хэт их хэрэглэх нь хог хаягдлыг ихэсгэж хүрээлэн буй орчныг бохирдуулдаг тул зохистой хэрэглээнд уриалах;

-Эрүүл мэндийн ажилтан бүр гарын эрүүл ахуй сахих заавар, журмыг мөрдөхийг зөвлөсөн гэж Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2 цаг 39 минут

Тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулах ажлын хүрээнд ААН-үүдийн үй...

Тод мэдээ2 цаг 42 минут

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд 5000 гаруй хүн бүр...

Тод мэдээ2 цаг 47 минут

“Эрүүл мэндийн ажилтны гарын эрүүл ахуй сахих дэлхийн өдөр” өнөө...

Тод мэдээ2 цаг 51 минут

Чингис хаан нисэх буудал руу зорчих автобусны чиглэлийн цагийн хуваа...

Тод мэдээ2 цаг 56 минут

Иргэдийг ногоон бүсэд зорчихыг хориглолоо

Тод мэдээ2 цаг 59 минут

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 15.6 км авто замын барилгын ажил ...

Өнөөдөр3 цаг 5 минут

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр3 цаг 13 минут

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

Өнөөдөр3 цаг 26 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр3 цаг 46 минут

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

Тод мэдээ2025/05/02

Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй...

Тод мэдээ2025/05/02

“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ

Тод мэдээ2025/05/02

Хүннү хотын тээвэр логистикийн талаарх мэргэжлийн холбоод, компаниуд...

Тод мэдээ2025/05/02

Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшу...

Тод мэдээ2025/05/02

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автоб...

Өнөөдөр2025/05/02

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.05.02/

Өнөөдөр2025/05/02

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр2025/05/02

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/05/02

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

Тод мэдээ2025/05/01

Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейца...

Тод мэдээ2025/05/01

“Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэли...

Тод мэдээ2025/05/01

Тавдугаар сарын 15-наас МҮОНТВ, Гандан, ТБД Андууд орчмын халуун ус ...

Тод мэдээ2025/05/01

“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр т...

Тод мэдээ2025/05/01

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 бол...

Тод мэдээ2025/05/01

АТГ: Авлигын эсрэг сургалтад 1099 албан тушаалтныг хамруулав

Өнөөдөр2025/05/01

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/05/01

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар..

Өнөөдөр2025/05/01

Улаанбаатарт бага зэргийн бороо орно

Тод мэдээ2025/04/30

Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүл...

Тод мэдээ2025/04/30

Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ

Санал болгох