Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

ТББХ: Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Огноо:

,

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдөр хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир даргалан явуулав. 

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Ирэх оны төсвийн төсөлд зардлыг бууруулахад дараах зарчмыг баримталсан хэмээсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн халамжийн сангаас олгох хүүхдийн мөнгөн тэтгэмж, халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж,  түүнчлэн төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж, зээлийн үйлчилгээний төлбөр, мөн хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хорооноос төсвийг нь хянаж жилийн төсөвт тусгуулахаар ирүүлсэн шүүхийн байгууллагууд болон Хүний эрхийн Үндэсний Комисс зэрэг байгууллагуудын урсгал зардлыг тус тус бууруулахгүй байхаар тусгасан байна.

Салбар харгалзахгүйгээр бүх төсөвт байгууллагуудын тавилга, эд хогшил худалдан авах, сургалт, семинар, хурал зөвлөгөөн хийх, биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах, гэрээт ажилтан ажиллуулах, дуудлагын автомашин хөлслөх, зөвлөл, хороо, комиссын гишүүний урамшууллын зардлыг 100 хувь бууруулахаар тусгажээ. Соёлын эрхийн бичиг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, Кино урлагийг дэмжих сан, засаг захиргааны нэгж, төрийн захиргааны байгууллагыг үр дүнгээр шагнах, урамшуулах, идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих болон эрүүл идэвхтэй амьдрал хөтөлбөрийн зардлыг 100 хувь, эрүүл мэнд болон тусгай чиг үүргийн байгууллагаас бусад бүх байгууллагын тээвэр шатахууны зардал, төрийн өндөр дээд айлчлал болон гадны өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолтын болон зочин төлөөлөгч хүлээн авах зардал, эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, дотоод хэргийн салбараас бусад салбарын дадлага, бэлтгэл сургуулилт хийх зардал, бүх шатны төсвийн байгууллагын дотоод албан томилолт, бичиг хэргийн зардал, багаж техник хэрэгсэл худалдан авах зардлыг тус тус 50 хувиар бууруулан төлөвлөжээ.

Улсын төсвийн хөрөнгөөр шинээр гүйцэтгэх геологийн хайгуул, судалгааны ажлыг 50 хувь, дээр дурдсан 50-100 хувь бууруулах зардлуудаас гадна байр ашиглалтын зардал, хангамж, бараа материал, нормативт эм бэлдмэл, нормын хувцас, хоол, урсгал засвар, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас, шилжүүлэг, эргэж төлөгдөх зээл, бараа үйлчилгээний бусад зардал, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх арга хэмжээ, боловсролын  тэтгэлэг, авто зам, гүүрэн байгууламжийн засвар ашиглалтын зардлыг 10 хувиар тус тус бууруулахаар тусгасан байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулсан, ажлыг эхлүүлсэн төслүүдийг дуусгахаар төлөвлөжээ.

Гэрээ байгуулаагүй, ажил эхлээгүй улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж, хойшлуулахаас гадна зарим их засвар, ТЭЗҮ, зураг төсөв, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг бууруулж, хэлэлцээрийн шатанд байгаа төслийг хойшлуулахаар төлөвлөсөн байна.

Мөн гадаад зээлийн ашиглалтыг бууруулж, хэлэлцээрийн шатанд байгаа Үндэсний хиймэл дагуулын төсөл болон бусад төслийн зээлийн ашиглалтыг хойшлуулж, “Хавдар судлалын Үндэсний төв-II” хөрөнгө оруулалтыг нэмж тусган нэгдсэн төсвийн нийт орлогыг төсвийн хөрөнгө оруулалт, зарлагын бууралттай холбогдуулан 394.8 тэрбум төгрөгөөр буурахаар тооцжээ.

Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувийн ашигтай болохоор байна хэмээн Сангийн сайд мэдээлсэн.

Аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулав. 

Тус аудитын зорилго нь Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангасан эсэх, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх зорилтод нийцсэн эсэхийг хянаж, дүгнэхэд чиглэсэн.

Монгол улсын 2025 оны төсвийн төсөл урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын үзэл баримтлал, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн боловч гадаад хүчин зүйлийн нөлөөлөл, уул уурхайн салбарын голлох нэрийн бүтээгдэхүүний эрэлтээс шалтгаалж нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй тохиолдолд зарлагыг санхүүжүүлэх эх үүсвэр дутагдах, орлого тасрах эрсдэлийг тооцох шаардлагатай хэмээн дүгнэжээ. Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг төсөвт өөрчлөлт оруулах бүрд нэмж өөрчилж байгаа нь төсвийн удирдлагын зарчим, сахилга батыг алдагдуулж, дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн ач холбогдлыг бууруулж байгааг анхааруулсан байна.

Түүнчлэн Цахим систем болон техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын өртөг зардлыг тооцож төлөвлөх, хянах, хэрэгжүүлэх, хүлээн авахтай холбоотой зохицуулалт, жишиг үнэ, заавар журам хангалтгүй байгаа нь төсөвт өртгийг үндэслэлтэй тооцож үр ашигтай төлөвлөхөд сөргөөр нөлөөлж байна гэж аудитын дүгнэлтэд тусгажээ.

Мөн төсвийн урсгал зарлагыг хумьж, зарим хэрэгжиж эхлээгүй хөтөлбөр, үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөсөн нь төсвийн зарлагын ДНБ-д эзлэх харьцааг бууруулсан сайн талтай боловч зардлыг хэт механикаар хассан нь 2025 онд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулах, тоо хэмжээг хумих эрсдэл үүсэх магадлалтай байгааг анхааруулжээ.

Ирэх оны төсвийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Зулпхар асуулт асуусан. Тэрбээр, Үндсэн хуулийн цэцийн төсвөөс 500 орчим сая төгрөг хасагдсаныг дурдаад, энэ байгууллагын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх эсэхийг тодруулсан.

Сангийн сайд Б.Жавхлан, Үндсэн хуулийн цэцийн хувьд урсгал зардлаас нь төсвийн байгууллагатай ижил зарчмаар 10 хувийг хассан. 10 хувь хасагдлаа гээд үйл ажиллагаа доголдох эрсдэл үүсэхгүй гэж бодож байна гэсэн хариулт өглөө.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Дараа нь  Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Зулпхар асуулт асуусан. Тэрбээр, УИХ 2023 онд Төмөр замын тээврийн тухай хуулийг баталсан. Хуулийн хамт батлагдсан УИХ-ын тогтоолд Төмөр замын агентлагтай байхаар тусгасан. Төмөр зам стратегийн ач холбогдолтой салбар. Гэтэл хуулийн хэрэгжилт одоо хүртэл хангагдаагүй байна. Хуулийн хэрэгжилтийг хангах ямар арга хэмжээ авах вэ хэмээн асуулаа.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Төмөр замын агентлаг байх зохицуулалт туссан. УИХ-ын тогтоолоор Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хоёр агентлаг байгуулахаар тусгасан ч Төмөр замын агентлагийг хассан. Тийм учраас хуульд заасны дагуу агентлаг байгуулах саналаа тавиад Хууль зүй, дотоод хэргийн болон Сангийн яамнаас зөвшөөрлөө аваад байна. Манай төмөр зам 1800 км байсан бол өнөөдөр 4200 орчим километр болж, нийт суурь бүтэц эзэмшигч 4, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 250 гаруй аж ахуйн нэгж байгууллагатай болжээ. Тэгэхээр зохицуулагч байгууллага зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ үүргийг Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв нэртэй төсөвт үйлдвэрийн газар зохион байгуулж байгаа. Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн төсөв манай сайдын багцад байгаа. Бид яамныхаа тодорхой орон тоог энэ агентлаг руу өгөөд ямар нэг нэмэлт зардалгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа хэмээн хариуллаа.

Дараа нь УИХ-ын гишүүн С.Зулпхарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм.

Мөн хэлэлцүүлгийн үеэр төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн засаглал, менежментийг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсад нэр хүнд бүхий хуулийн этгээдтэй хамтран төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн засаглалын шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж үр дүнг тайлагнах асуудлыг хөндөн ярилцсан. Эцэст нь хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон юм.

Мөн хуралдаанаар Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг хуулийн төсөлд тусгасан гэдгийг тэрбээр танилцуулгадаа тодотголоо. Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Огноо:

,

Энэ сарын 10-нд Европын олон улсад Палестиныг дэмжсэн жагсаал болжээ. Жагсагчид Израилийг палестинчуудын эсрэг үйлдэж буй геноцидоо зогсоохыг шаардаж, Европын орнуудын засгийн газруудыг Израильд зэвсэг нийлүүлэх болон бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлэхээ зогсоохыг уриалсан байна.
 
Мөн өдөр Их Британийн Лондон хотод олон мянган хүн цуглан Палестиныг дэмжсэн жагсаалд оролцжээ. ХТРТ-ийн сэтгүүлч Чэнь Линьцунь:Лондон хотын төвийн зарим замыг хааж, жагсаалын цуваа нэвтрэх нөхцөлийг бүрдүүлсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Лондон хотод амралтын өдрүүдээр Палестиныг дэмжсэн ийм жагсаал зохион байгуулагдах нь түгээмэл болсон байна.

Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.

 
Жагсагч: Би өөрийн гараар урласан, Газад амь үрэгдсэн 182 хүний нэрийг хатгамалсан энэ даавууг үзүүлэхээр ирлээ. Их Британи Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоож, олон улсын хуулийн дагуу хориг арга хэмжээ авах ёстой.
 
Жагсагч:Бид энд ирэхгүй байж болохгүй. Газын зурваст болж буй бүхнийг хараад дуугүй сууж болохгүй, бид заавал дуу хоолойгоо хүргэх ёстой. Хэрэв бид дуугарахгүй бол дараагийн хохирогч нь бид өөрсдөө байж мэднэ.
 
Аравдугаар сарын 10-нд Грекийн Афин хотод мөн Палестиныг дэмжсэн жагсаал болсон. Жагсагчид Израилийн геноцидын үйлдлийг зогсоох ёстой гэж мэдэгдсэн байна.
 
Жагсагч:Палестинд болж буй геноцидыг зогсоох ёстой. Үүний төлөө олон улсын хамтын нийгэмлэг бүхэлдээ хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Мөн өдөр Герман, Франц, Итали, Ирланд зэрэг Европын бусад олон улсад Палестиныг дэмжсэн жагсаал болжээ
Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ

Огноо:

,

Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.

Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.

АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.

Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав

Огноо:

,

Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.

Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.

Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.

Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.

ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.

Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал3 цаг 13 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчл...

Үйл явдал3 цаг 31 минут

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

Үйл явдал5 цаг 37 минут

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтр...

Үйл явдал5 цаг 42 минут

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Үйл явдал5 цаг 46 минут

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын а...

Үйл явдал2026/10/15

МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Хэн юу хэлэв...2026/10/15

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүх...

Хэн юу хэлэв...2026/10/15

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн ...

Үйл явдал2026/10/15

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн са...

Үйл явдал2026/10/15

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсг...

Үйл явдал2026/10/15

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Үйл явдал2026/10/15

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-...

Үйл явдал2026/10/15

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг...

Үйл явдал2026/10/13

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ...

Үйл явдал2026/10/13

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Үйл явдал2026/10/13

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний х...

Үйл явдал2026/10/13

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн...

Дэлхий нийтээр..2026/10/12

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Үйл явдал2026/10/12

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүү...

Үйл явдал2026/10/12

Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулла...

Үйл явдал2026/10/12

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуу...

Үйл явдал2026/10/12

Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэм...

Үйл явдал2026/10/12

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчо...

Үйл явдал2026/10/12

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1....

Хэн юу хэлэв...2026/10/12

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Үйл явдал2026/10/01

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл ба...

Үйл явдал2026/10/01

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

Үйл явдал2026/10/01

Жетро монголд салбараа нээнэ

Үйл явдал2026/10/01

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээли...

Үйл явдал2026/10/01

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлал...

Санал болгох