Дэлхий нийтээр..
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Төрийн ордны "Их Хуралдай" танхимд болов.
Хүндэтгэлийн хуралдаан эхлэхийн өмнө Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Их Хуралдай” танхимын голд тусгайлан зассан индэрт заллаа.
Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний ауюлгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд уригдан оролцов.
Ийнхүү Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэсний дараа хүндэтгэлийн хуралдааныг нээж, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ.(бүрэн эхээр нь эндээс)
Тэрбээр хэлсэн үгэндээ, Дэлхийд суу алдараа бадраасан 2200 гаруй жилийн төрт ёсны уламжлалтай тусгаар Монгол Улс түүхийн ээдрээ нугачааны зурваст тусгаар байдлаа алдсан хэдий ч эх орныхоо цэц эрдэмт төрийн түшээд, эрэлхэг зоригт тэмцэгчдийн ач гавьяагаар тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхийг бид үеийн үед санаж энэ улсынхаа тусгаар тогтнол, ард түмэн засаглах ёсыг нандигдан хамгаалах ёстойг онцлов.
Мөн тэрбээр, Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласныг дурдаад Монгол Улсын анхны Үндсэн хуулийг баталсан үйл явц нь хууль тогтоох үйл ажиллагаа байсны зэрэгцээ Монголын тусгаар байдал, ард түмний засаглах хувь заяаг шийдсэн түүхэн үйл явдал байсан гэлээ.
Түүнчлэн өнөөдөр бид 1924 оны анхдугаар Үндсэн хуулийн утга агуулгыг орчин үеийн үндсэн хуулиудын үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчмуудтай харьцуулан жишихийг урьтал болголгүй, уг баримт бичгийн Монголын ард түмний бүрэн эрхт засаглал, үндэсний эрх зүйн тогтолцооны цогц байдлыг бүрдүүлэхэд оруулсан хувь нэмрийг онцлон санах учиртайг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ онцолсон.
Мөн Монгол Улс энэ зуун жилийн хугацаанд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулга, мөн чанарын хувьд тасралтгүй хөгжүүлж өнөө цагийн ардчилсан Үндсэн хуулиа бүтээсэн гэдгийг цохон тэмдэглэж байлаа.
Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд, Монгол Улсын Их Хурал өнөө цагийн Үндсэн хуулийн онцгой чухал зарчим болох ард түмэн засаглах Бүгд Найрамдах Улсын эрх зүйн үндсийг тогтоосон анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, ард түмэн бид бүрнээ дагаж мөрдвөл зохих 1992 оны Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг төрийн байгууллагууд цаашид мөрдлөгө болгон ажиллах шаардлагатай гэв.
Мөн бид Бүгд Найрамдах Улсыг тунхагласан анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн түүхэн ойн өдөрт гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид бүгд найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг уламжлан дамжуулах төрийн байгуулалт, төрт ёсыг бэхжүүлэх санаа зорилго нэг байгаа гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэв.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэв.(бүрэн эхээр нь эндээс)
Тэрбээр хэлсэн үгэндээ, Чин зоригт эх оронч өвөг дээдсийн баатарлаг тэмцлийн үр дүнд 1911 оны цагаагчин гахай жил Үндэсний эрх чөлөөний хувьсгал гарч, туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн монголын ард түмний чинхүү хүсэл эрмэлзэл тэмүүлэл биеллээ олж, улмаар тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэх Ардын хувьсгалын үндэс суурийг тавьсан түүхтэй. Энэхүү түүхэн үйл хэрэг бол ноёд язгууртан, лам хувраг, эгэл ард бүх нийтээрээ эх оронч үзлээр эвлэлдэн нэгдсэн үндэсний эв нэгдлийн хүч байсан гэж хэлж болно. Тусгаар тогтнолын төлөөх мохошгүй тэмцэл 13 жилийн туршид зогсолтгүй үргэлжилсний үр дүнд, 1921 оны 07 дугаар сарын 11-нд Ардын хувьсгал ялж, хожим 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Монгол Улсын 14 дүгээр оны модон хулгана жилийн өвлийн дунд сард Монгол түмний хувь заяаг эргүүлсэн XX зууны нэгэн сод үйл явдал болсон нь Улсын анхдугаар Их Хурал хуралдаж, Үндсэн хуулийг батлан, Бүгд Найрамдах засгийг дэлхий дахинд тунхаглан зарласныг онцлон тэмдэглэсэн.
ХХ зууны эхэн үеийн дэлхийн дахины улс төр, геополитикийн нөхцөл байдал, ялангуяа манай хоёр хөршийн зүгээс Монгол Улсын тусгаар байдалд хандах хандлага ихээхэн ээдрээт түүхтэй байсныг Монгол Улсын Ерөнхийлөгч тодотгоод Монголын эрх баригчид Зөвлөлт, Хятадын удирдагчидтай уулзахдаа Монгол Улс тусгаар байдлаа ямагт хадгалах бөгөөд Дундад иргэн улсын нэг хэсэг болохыг хэзээ ч, хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хоёрдмол утгагүйгээр, итгэл төгс эрс шийдэмгий илэрхийлж байсан нь түүхэн үнэн юм. Ийм эгзэгтэй цаг үед монголын төрийн удирдагч, зүтгэлтнүүд улс төр, дипломатын уран хурц нүүдэл хийж, тусгаар тогтнолоо баталгаажуулан, улс гэрээ мандуулах арга эвийг эрэлхийлж, энэхүү эрхэм зорилгоо алхам алхмаар бататгасаар байсныг түүх гэрчилдэг хэмээв.
Ардын Засаг анхдугаар Үндсэн хуулийг хэлэлцэн батлах Улсын анхдугаар Их Хурлын төлөөлөгчдийг жинхэнэ ардчилсан зарчмаар сонгох, тэдгээрийн бүрэлдэхүүнд халх дөрвөн аймаг, их шавь болон дөрвөд, казах, буриад, алтайн ба Хөвсгөлийн урианхай, Ховдын тариачин хошуу зэрэг ястан угсаатны төлөөллийг заавал оролцуулахад онцгой анхаарч, багагүй хугацаа зарцуулсныг дурдаад Үндсэн хуулийн төслийг Ерөнхий сайд Цэрэндорж 1924 оны 11 дүгээр сарын 25-нд танилцуулж, 77 төлөөлөгч хоёр өдөр зүйл тус бүрээр хэлэлцэн Улсын анхдугаар Их Хурлаар буюу 1924 оны 11 дүгээр сарын 26-ны үдийн хойно 4 цаг 17 минутад 6 бүлэг, 50 зүйл бүхий Үндсэн хуулийг баталж байсан түүхтэй. Энэ бол төрт ёсны өнө эртний түүхтэй монголчууд бидний хувьд анх удаа бичмэл Үндсэн хуультай болсон гайхамшигт үйл явдал гэж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгийнхээ төгсгөлд, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан энэ өдөр бол монголчууд бидний улс үндэстэн, тусгаар тогтнолоороо бахархах үндэсний их бахархлын өдөр мөн. Энэ бахархлын эзэн нь эрх чөлөөт монголын ард түмэн гэдгийг онцлон тэмдэглэв.
Манай ард түмэн эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, төрт ёсны үнэт зүйл, өв соёл, үүх түүх, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс, үндэстнээрээ хамтдаа хүчин зүтгэхийг Төрийн тэргүүн ард түмэндээ хандан уриаллаа.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсан “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай" 43 дугаар тогтоолыг уншиж, танилцууллаа.
Уг тогтоолд төрийн бүх байгууллага, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар Үндсэн хуулиа дээдлэн залах, иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, айл өрх бүр Үндсэн хуулиа дээдлэн залахыг уриалахаар тусгажээ.
Мөн Үндсэн хуулийн агуулга, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг бүх түвшний боловсролын байгууллагын сургалтын агуулгад тусган, түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулахыг Монгол Улсын Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллагад даалгаж, Үндсэн хуулийн агуулга, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулах, сурталчлахыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалсан байлаа.
Мөн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын энэхүү тогтоол өнөөдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэхийг онцлон тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2020/08/08
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Хэн юу хэлэв...2023/09/12
Ч.Батзориг: Нийтийн тээврийн чанар, хүртээмж, зорчих урсгалыг нэмэгдүүлэхээр ажи...
-
Дэлхий нийтээр..2024/06/16
Зүүн бүсэд 50 гаруй хоршоонд таван тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна
-
Дэлхий нийтээр..2024/03/14
Иргэн-даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх гэрээг цуцаллаа
