Дэлхий нийтээр..
УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа
УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалтыг зохион байгуулахад хамтран ажилласан Ханнс Зейделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт, суурин төлөөлөгч ноён Феликс Гленк болон урилгаар хүрэлцэн ирж маш чухал сэдвээр илтгэл тавьсан хатагтай Виттед чин сэтгэлийн талархал илэрхийлээд, хамтын ажиллагааны үр дүнд чуулга уулзалт тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлснийг онцоллоо.
Тэрбээр, ес дэх удаагийн парламент сонгуулийн холимог тогтолцооны үр дүнд 126 гишүүнтэй бүрдсэн хэмээгээд, таван намын төлөөлөлтэй, хамгийн олон эмэгтэй гишүүнтэй, хамгийн олон мэргэжил, туршлага бүхий гишүүдтэйгээрээ онцлог болохыг дурдсан. Түүнчлэн энэ парламент бүрэн эрхийнхээ хугацаанд олон ургалч үзлийг дэлгэрүүлж, ардчиллын зарчмыг хангаж буйн хувьд эрх зүйн орчныг сайжруулах замаар улс орны хөгжлийг илүү түргэтгэнэ хэмээн иргэд өндөр хүлээлттэй байгааг тодотгосон юм.
Тэрбээр тус сургалтад оролцогчид хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх, хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах, хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо хийх аргачлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, өдөр тутмын ажилдаа ашиглах арга зүйтэй болно гэдэгт итгэлтэй байна хэмээлээ.
Хатагтай Фредерикэ Витте ХБНГУ-ын Захиргааны хэргийн шүүхээс ажлын гараагаа эхэлж, Засгийн газарт зөвөлгөө өгч ажилладаг бие даасан байгууллагад, улмаар Байгаль орчны болон Нийгмийн хамгааллын яамдын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан тухайгаа танилцуулаад, хууль тогтоомжид үнэлгээ хийх, хуулийн төсөл боловсруулахаас өмнөх урьдчилсан судалгаа хийх аргачлалын талаарх туршлагаа хуваалцан, дэмжиж ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
