Дэлхий нийтээр..
Зайсангийн хуучин гүүрийн урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 12-ны шөнө хаана
Зайсангийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг энэ сарын 8-ны өдөр хааж, бохирын шугамыг шилжүүлэхээр төлөвлөж байсан.
Харин төлөвлөгөөг шинэчлэн гаргаж хуучин гүүрийн урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг маргааш буюу арваннэгдүгээр сарын 12-ны 00:00 цагаас эхлэн хэсэгчлэн хааж, бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийж, энэ сарын 30-ны 06:00 цагт нээхээр төлөвлөж байна.
Энэ хугацаанд хуучин, шинэ гүүрийн хөдөлгөөнийг хаахгүй юм.

Зайсангийн төмөрбетон гүүрийн өргөтгөл шинэчлэлтийн ажлын талаар НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн “Зайсангийн иргэдийн хэрэглэж байгаа бохир усны шугамыг шинэ татсан шугамтай холбох ажлыг гүйцэтгэх хүрээнд энэ сарын 8-12-ны өдрүүдэд шөнийн цагаар шинэ гүүрний хэсэг болох баруун хэсгийн шугам холболтын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд өдрийн цагаар хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлж байна. Харин маргааш буюу арваннэгдүгээр сарын 12-ны 00:00 цагаас эхлэн Зайсангийн гүүрний хот чиглэл буюу хуучин гүүрнээс урагш уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн тал хэсгийг 20 метр орчим хааж, бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийнэ. Энэ хугацаанд замын хөдөлгөөнийг сөрөг хөдөлгөөнөөр зорчуулах бөгөөд хоёр гүүрний хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ” хэмээв.

Ташрамд, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулсан түүхтэй. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд стандартаар ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, шинээр барихаас өөр аргагүй болсон юм. Энэ хүрээнд Зайсангийн хуучин гүүрийг 225 метр, хоёр эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчилнэ. Хажуугийн шинэ гүүрийг барьж байх хугацаанд дам нуруунуудыг 70 хувьтай бэлтгэсэн. Дам нуруу суурилуулах үед бэлтгэл бүрэн дуусна. Одоо гүйцэтгэгч бэлэн, ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ.


Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Үйл явдал2024/04/30
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон түр хороод
-
Дэлхий нийтээр..2024/09/26
Эрчим хүчний реформ хийхэд Дэлхийн банктай хамтарч ажиллахаа Ерөнхий сайд илэрхи...
-
Дэлхий нийтээр..2020/06/23
Сонгуулийн санал авах байруудад хяналт шалгалт хийв
-
Дэлхий нийтээр..2022/09/26
Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэхээр бол...
