Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Арваннэгдүгээр сарын 02-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
2024 оны арванэгдүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 9-14 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр -1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 1-3 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 0 хэм орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 1-3 хэм хүйтэн байна.
2024 оны арваннэгдүгээр сарын 02-ноос 2024 оны арваннэгдүгээр сарын 06-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Арваннэгдүгээр сарын 02-нд баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 02-нд нутгийн зарим газраар, 03-нд говь, талын нутгаар, 04-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 02, 03-нд ихэнх нутгаар, 04-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 8-13 хэм, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.
Үйл явдал
Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрчээ
Монгол Улс 2026 оны эхний хагас жилийн байдлаар дэлхийн 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Үндэсний статистикийн хорооны урьдчилсан гүйцэтгэлээр, экспорт импортын хэмжээнээс 4.3 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ. Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 57.9 хувиар өссөн дүн гарчээ.
Мөн мөнгөний нийлүүлэлт 2026 оны эхний зургаан сарын байдлаар 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр, буюу 26.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлд үндэслэсэн бөгөөд Үндэсний статистикийн хорооноос танилцуулжээ.


Үйл явдал
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барьсан. Тэгвэл тус хэсэгт жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, залуучууд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор үндэсний онцлог бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжинэ гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва зарлалаа.
Тэрбээр “Жуулчид Монголыг зорьж ирээд үндэсний хоол болон “Street food” хайх, олохгүй байх зэрэг асуудал гардаг. Тиймээс “Урт цагаан” орчимд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг болох, мөн Монголын урчуудын гар урлалын бүтээгдэхүүнүүдийг худалдаалах үйлчилгээний хэсгүүдийг нэмэгдүүлнэ. Ингэснээр жуулчдын урсгал төвлөрөхөөс гадна залуучууд чөлөөт цагаараа соёлтой үйлчилгээг авах боломжтой болно” гэв.
Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “Бид цаашид жуулчны гудамжийг улам хөгжүүлж, Улаанбаатар хотын жуулчдыг энэ гудамж руугаа татан, хотын төв рүү хүмүүсийн урсгал бий болгох зорилготой. Тиймээс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгж, иргэдийг бүтээгдэхүүн үйлчилгээний саналаа ирүүлэхийг урьж байна” гэлээ.


Үйл явдал
Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлал үргэлжилж байна.
Айлчлын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.
- “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Гадаад хэргийн сайд Сироджиддин Мухриддин,
Хоёр улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчино. Энэ нь хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, албан ёсны айлчлал, төлөөлөгчдийн солилцоог идэвхжүүлэх, улс төр, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой.
- “Олон улсын автотээврийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Тээврийн сайд Азим Иброхим,
Худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, автотээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжих, гуравдагч орнууд руу тээвэрлэлт хийх, олон улсын зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэх боломж бүрдэнэ.
- “Ургамал хамгаалал ба хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын хороо хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат, Хүнсний аюулгүй байдлын хорооны дарга Мухаммадсаид Файзуллозода,
Ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн тогтолцоог бэхжүүлэх, хорио цээрт хөнөөлт организмын тархалтаас урьдчилан сэргийлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилготой. Ургамал, ургамлын гаралтай болон бусад зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний импорт, экспорт, дамжин өнгөрөх үйл ажиллагаатай холбоотой ургамлын хорио цээрийн шаардлагыг уялдуулна.
- “Хөдөө аж ахуй, хүнсний хангамжийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын 2026-2028 оны Замын зураглал”-д Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат, Хөдөө аж ахуйн сайд Курбон Хакимзода,
Ажлын хэсэг байгуулж, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний харилцан нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, экспортлогч аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл солилцох зэрэг арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ.
- “Бэлчээрийн газрын нөхөн сэргээлт, мөсөн голын хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлт болон цөлжилтийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Байгаль орчныг хамгаалах хороо хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Цэндийн Сандаг-Очир, Байгаль орчныг хамгаалах хорооны дарга Баходур Шерализода,
Мөсөн гол болон криосферийн судалгаа, хамгаалал, бэлчээр, бэлчээрийн доройтлыг бууруулах, цөлжилт, газрын доройтлын эсрэг хамтын ажиллагаа, биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ойжуулалт, нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, ногоон санхүүжилт болон нүүрстөрөгчийн зах зээлийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлнэ.
- “Залуучууд, спортын салбарт хамран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Залуучууд, спортын хороо хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Жуковын Алдаржавхлан, Гадаад хэргийн сайд Сироджиддин Мухриддин,
Залуучуудын солилцоо, оролцоо, идэвх, сайн дурын хөтөлбөр хэрэгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх, спортын салбарын хүний нөөц бэлтгэх, тамирчдын хамтран бэлтгэл, сургалт зохион байгуулах, спортын салбарын хөрөнгө оруулалт, спортын соёл, мэдээлэл технологи, хууль, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана.
- “Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт аюулгүй байдлыг хангах төрийн хяналт шалгалтын алба хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Буриадын Дашпүрэв, Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт аюулгүй байдлыг хангах төрийн хяналт шалгалтын албаны дарга Исмоил Вализода,
Ил болон далд уурхайн аюулгүй ажиллагааг хангах, уул уурхайн аюулгүй ажиллагааны хууль, тогтоомжийн зөрчил, доголдлыг арилгах, шаардлага, стандартуудыг сайжруулах, хяналт шалгалтад дижитал технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллана.
- “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Төмөр-Очирын Ням-Очир, Боловсрол, шинжлэх ухааны сайд Рахим Саидзода,
Оюутан, багш, судлаач солилцох, хамтарсан сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний арга хэмжээ зохион байгуулах, хамтарсан болон хос дипломын хөтөлбөр хөгжүүлэх, богино хугацааны сургалт, тэтгэлэг, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллана.
- “Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Бага, дунд мэргэжлийн боловсролын хороо хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Төмөр-Очирын Ням-Очир, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Бага, дунд мэргэжлийн боловсролын хорооны дарга Фарход Рахими,
Багш, суралцагч, дадлагажуулагчийн солилцоог дэмжих, хамтарсан сургалтын хөтөлбөр, судалгаа, төсөл хэрэгжүүлэх, сургалтын арга зүй, шинэ техник, технологийн туршлага солилцох, бага хурал, семинар хийх зэргээр хамтарна.
- “Геологийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний геологийн алба болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Геологийн ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Үндэсний геологийн албаны дарга Намсрайн Мөнхбилэг, Геологийн ерөнхий газрын дарга Илхомджон Оймухаммадзода,
Хамтын ажиллагааг шинээр тогтоох, хөгжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжүүлэх, Үндэсний геологийн албаны мэргэжилтэн, судлаачдын чадавхыг бэхжүүлэх, туршлага судлах, солилцох, геологийн зураг зохиох, эрлийн ажил гүйцэтгэхэд орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх чухал ач холбогдолтой.
- “Монгол Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны газар болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Экспортын агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хөрөнгө оруулалт, худалдааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Батсайханы Батбаяр, Экспортын агентлагийн дарга Бахриддин Сироджиддинзода нар гарын үсэг зурлаа.
Экспортыг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, худалдаа эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг холбож, хамтын ажиллагааг хөгжүүлэх, форум, семинар бусад арга хэмжээ зохион байгуулах, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлан таниулах чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
-
Үйл явдал2021/08/31
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2023/02/02
НОСК: Түрээслээд өмчлөх орон сууцны төлбөрийг НӨАТ-аас чөлөөлөх саналыг гаргалаа...
-
Дэлхий нийтээр..2021/01/30
Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томиллоо
-
Дэлхий нийтээр..2024/05/14
Соёлын биет өвийн эд зүйлсийг хууль бусаар худалдахыг завдсан хэргийг шүүхэд шил...
