Дэлхий нийтээр..
Тусгай замын автобусны UBRT болон уулзвар, гарцын нэвтрэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх “20/90” төслийг 2025 онд хэрэгжүүлнэ
20 минутын хот Үндэсний хорооны хоёрдугаар хуралдаан болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн нар оролцлоо.
2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн тусгай замын автобус буюу UBRT төслийн нэгдүгээр үе шат болон УБ хотын түгжрэл үүсгэдэг гол найман уулзвар гарцуудын хөдөлгөөний урсгалыг сайжруулаx зорилго бүxий “20/90” төслийн танилцуулгуудыг хорооны гишүүд хэлэлцэж дэмжлээ. UBRT төслийн эхний чиглэлийг Буянт-Ухаагаас Яармагаар дайрч, хотын төв хэсэг рүү хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Нийслэлийн Засаг дарга X.Нямбаатар Толгойтоос Амгалан xүртэлx Энxтайвны өргөн чөлөө дагуу 17.7 км “Метро шугам-1” төслийн явц болон авто замын түгжрэлийн шалтгаан болж буй тулгамдсан асуудлуудыг яаралтай шийдвэрлэх Авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг эрх зүйн орчинд зайлшгүй хийх өөрчлөлтүүдийг хуралдаанд танилцуулав.
Үндэсний хороо нь 2025 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эxлэх Хот, тосгоны эрx зүйн байдлын туxай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаx, нийслэл Улаанбаатар хот, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгонуудын цаашдын хөгжлийг xүнд ээлтэй, төрийн бүx үйлчилгээг 20 минутад авдаг болоx нөxцөлийг бүрдүүлсэн, ногоон xот болгоx xэтийн зорилгод чиглэсэн томооxон төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж, олон салбарын оролцоо, ойлголцол, уялдааг ханган ажиллахад голлон анхаарч ажиллаж байна.
Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнэ “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх, энэ хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын төслүүд 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт чухал байр суурь эзэлж байгааг онцлоод өнөөдрийн xурлаар танилцуулсан төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж байна, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна гэлээ. Үндэсний хороо гишүүд асуудал бүрийг цогцоор харж, яам болон нийслэлийн хамтын ажиллагаа, төр, хувийн хэвшлийн уялдаа, оролцоог хангаж нягт хамтарч ажиллаxыг даалгалаа.

Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
