Дэлхий нийтээр..
Д.Амарбаясгалан: Авлига бол хүний эрхийн хамгийн ноцтой зөрчил учраас парламент хүний эрх, эрх чөлөөг хангахад бодлогоо төвлөрүүлэн ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцаж, хууль, эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд санал солилцлоо.
Уулзалтад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Дам.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, М.Нарантуяа-Нара, Дав.Цогтбаатар, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал, У.Отгонбаяр нар оролцож, саналаа илэрхийлэв.
Уулзалтын эхэнд, Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа танилцуулга хийхдээ “АТГ анх байгуулагдсан өдрөөс хойш нийт 12079 эрүүгийн хэрэг шалгаж, 3 их наяд 232 тэрбум 407 сая 259 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ. 2021, 2022 онд гадаад улс орнуудаас нийт 12.2 сая ам.долларын хөрөнгө буцаан авах үндэслэлийг тогтоож, шүүхийн шийдвэрээр улсын орлого болгосон” хэмээлээ.
Түүнчлэн авлигын төсөөллийн индексийг хоёр оронтой тоонд оруулах зорилтын хүрээнд “Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах тухай хууль” болон “Гэмт хэргийн улмаас хураасан, битүүмжилсэн хөрөнгийг захиран зарцуулах тухай хуулийн төсөл”-ийг батлуулах шаардлагатай байгааг онцлов.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан авлига бол хүний эрхийн хамгийн ноцтой зөрчил гэдгийг тодотгоод таван нам, эвслийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй УИХ-аас парламентын тогтолцоог улам бүр бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлд бодлогоо төвлөрүүлэн ажиллаж эхэлсэн гэлээ. Өнгөрсөн хугацаанд өргөн хэрэглэгдэж буй 318 хуулийн зүйл, заалт тус бүрд судалгаа хийхэд хүний эрхийн зөрчилтэй 800 гаруй заалт байгааг тогтоосон учраас энэ парламент тэдгээр зүйл заалтыг засахаар ажиллаж эхэлсэн талаар дурдав. Мөн нийгмийн харилцааны 70 хувийг журмаар зохицуулж байгаа нь авлига үүсэх, албан тушаалаа урвуулан ашиглах үндэс суурь болж буйг тодотголоо. Тиймээс хуулиас давсан журмуудыг цэгцэлж, нийгмийн хэм хэмжээг хуулиар зохицуулахад УИХ анхааран ажиллана гэсэн юм. УИХ-аас 2023 онд батлагдсан 2023-2030 онд хэрэгжих “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, 2024 онд батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа УИХ-д, олон нийтэд мэдээлж ажиллахыг УИХ-ын дарга үүрэг болголоо.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүд АТГ-ын бодлого, үйл ажиллагааны талаар асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Дам.Цогтбаатар УИХ-ын дарга, УИХ-аас хууль дээдлэх ёсыг шат ахиулахаар ажиллаж эхэлснийг тодотгоод, авлигатай тэмцэх ажил тунхаг төдий бус бодит үр дүнд заавал хүрэх шаардлагатай гэв. Авлигын асуудал бол улс орны оршихуйтай холбогддог учир АТГ урьдчилан сэргийлэх ажилд анхаарлаа хандуулан ажиллах талаар саналаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2020/10/06
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Барилгын политехник коллеж болон ХНХЯ-нд ажиллалаа
-
Дэлхий нийтээр..2021/10/07
Улаанбаатар хотын 382 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ
-
Дэлхий нийтээр..2022/09/05
УИХ-ын дарга Г.Занданшатар БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит-ийг х...
-
Дэлхий нийтээр..2021/06/17
Яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын амбулатори ажиллаж эхэллээ
