Дэлхий нийтээр..
“Өнөр” хорооллын хуучин орон сууцуудын дээвэр, фасад, лифтийг бүрэн шинэчилнэ
Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2025 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хуучин угсармал орон сууцуудын дээвэр, фасад, лифтийг шинэчилж засах зорилт тусгагдсан.
Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн “Өнөр” хороолол орчимд хотын дарга болон холбогдох албаны хүмүүс ажиллалаа.
“Өнөр” хорооллын хуучин угсармал орон сууцууд 1980 оны дунд үеэр баригдсан. Ашиглалтад орсноос хойш лифт болон дээврийг шинэчлээгүй. Үүний улмаас оршин суугчдын тав тухтай амьдрах нөхцөл алдагдсан. Мөн орон сууцны дулаан алдалт их болсноос иргэдээс гомдол, шүүмжлэл цөөнгүй хэлдэг. Тиймээс “Өнөр” хороолол орчмын хуучин орон сууцуудын дээвэр, фасад, лифтийг 2025 онд шинэчлэхээр төлөвлөөд байна. Үргэлжлүүлэн 2026 онд Хан-Уул, Баянгол, 2027 онд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хуучин угсармал орон сууцуудын дээвэр, фасад, лифтийг засаж шинэчлэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн тухайн байршилд ажиллах үеэрээ хотын дарга “Өнөр” хороолол орчимд хийгдэж байгаа болон хийгдэх зарим бүтээн байгуулалтаас дурдаж, ажлыг гүйцэтгэхийг албаны хүмүүст үүрэг болголоо.
Өнгөрсөн 3 жилд “Өнөр” хорооллын арын хэсгээр 1200 гараашийг буулгаж, газрыг чөлөөлсөн. Улмаар “Өнөр” хорооллын арын дэнж болон III хорооллын арын дэнж гэсэн өндөрлөг хэсэгт анх удаа ногоон байгууламж, автомашины зогсоол бүхий таун хаус хэлбэрийн хайбрид орон сууцыг барихаар 2025 оны улсын төсөвт зээлийн төсвийг суулгуулаад байна. Одоогийн байдлаар нийслэлийн зарим байршилд төслийг амжилттай туршиж буй.
Мөн “Өнөр” хорооллын ард 2.7 км, Үйлдвэрчний эвлэлийн гудамжинд 5.6 км авто замыг жишиг байдлаар барих ажлыг Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэх гэж байгаа талаар албаны мэргэжилтэн хотын даргад танилцууллаа. Энэ нь замын ердийн шинэчлэлээс илүү нийтийн тээвэр, явган хүний зам, авто зам, дугуйн зам, ногоон байгууламж зэргийг цогцоор нь шийдэх зохион байгуулалттай шинэ жишиг төсөл гэдгийг тухайн төслийн зохицуулагч Х.Булгаа хэллээ.
Ташрамд, Яармагийн шинэ гүүрийг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох авто зам баригдсаны дараа “Өнөр” бүсийн замын хөдөлгөөний ачааллыг ч мөн бууруулах ач холбогдолтой.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2025/03/06
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулахад аюултай хог хаягдлыг цэгцлэ...
-
Үйл явдал2019/12/04
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны төсвийн тухай хуульд хориг тавилаа
-
Үйл явдал2023/09/19
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна
-
Тод зураг2020/01/16
Хууль бусаар мод бэлтгэх, ан амьтан агнах, гол, нууруудад загас агнахыг хориглон...
