Дэлхий нийтээр..
Насжилт тэтгэврийн даатгалын санд ачаалал үзүүлэх хандлагатай байна
Нийгмийн даатгалын салбарын хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтэд шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсэг дүгнэлтээ танилцууллаа.
Ажлын хэсгийн дүгнэлтээс онцолбол:
Шаардлагатай бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийг баталсан, хэрэгжилт 85 хувьтай хэдий ч тогтолцооны өөрчлөлтийн гол зорилтууд хэрэгжээгүйг анхаарах;
Албан бус салбарт ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн даатгалын хамралт хангалттай бус байна;
Одоогийн тэтгэврийн тогтолцоо дангаараа тэтгэвэр авагчийн үндсэн хамгаалалт болж чадахгүй. Иймд тогтолцооны ачааллыг задлах шаардлагатай;
Насжилт хурдтай нэмэгдэх хандлагатай байгаа нь Тэтгэврийн даатгалын санд ачаалал, дарамт үзүүлэхээр байна;
Нөхөн даатгалын хуулиуд, шимтгэлийн хувь хэмжээг бууруулсан болон бусад хуулийн нөлөөгөөр тэтгэврийн даатгалын сангийн зарлагын ачаалал 4.5 их наяд төгрөгт хүрсэн. Нөхөн даатгал хийх нь сангийн зарлагыг өсгөхөөс гадна шударга бус байдлыг бий болгож байна;
Хүүхдийн тоогоор жил нэмэгдүүлж байгаа нь тогтолцоотой агуулгын хувьд нийцэхгүй байна. Мөн цэргийн алба хаагчийг шимтгэлтэй хөтөлбөрт хамруулах эсэхийг одоо болтол шийдээгүй;
Тэтгэврийн хэмжээ нь төлж байгаа шимтгэлтэй уялдаагүй байна.
Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлснээр бодит тэтгэвэр болон олгож байгаа тэтгэврийн хэмжээний зөрүү ихсэж, далд алдагдлыг нэмэгдүүлж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2021/06/08
Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
-
Дэлхий нийтээр..2023/04/05
Г. Занданшатар: D-Parliament бол цахим хувьслаар дамжуулан, шийдвэр гаргах түвши...
-
Дэлхий нийтээр..2022/11/22
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК экспортоо дахин эхлүүллээ
-
Дэлхий нийтээр..2023/12/07
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв Мэс засал, гэмтлийн тасагтай болжээ
