Үйл явдал
III, IV хорооллын эцсээс Ахуйн үйлчилгээний төв хүртэлх авто замын шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн зам засвар арчлалтын хүрээнд III, IV хорооллын эцсээс Ахуйн үйлчилгээний төв хүртэлх авто замыг гурван хэсэгт хуваан шинэчилж байгаа бөгөөд ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна.

Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Замын ашиглалт хариуцсан мэргэжилтэн Б.Басхүү “Баянгол дүүрэг, Энэбишийн өргөн чөлөөний нийт 1.8 км үргэлжлэх авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн хүрээнд зургаадугаар сарын 10-16-ны хооронд III, IV хорооллын эцсээс Өргөө кино театрын уулзвар хүртэлх авто замыг шинэчилсэн. Харин хоёрдугаар хэсэг болох Өргөө кино театрын уулзвараас Ахуйн үйлчилгээний төвийн уулзвар хүртэлх урд талын хэсгийн засвар шинэчлэлтийг долоодугаар сарын 20-22-ны хооронд хааж асфальт бетон хучилтын ажлыг хийсэн. Үлдсэн хэсэг буюу Ахуйн үйлчилгээний төвийн уулзвараас Өргөө кино театрын уулзвар хүртэлх хойд талын хэсгийн авто замын хөдөлгөөнийг энэ амралтын өдрүүдэд хаан, засвар шинэчлэлтийг хийнэ. Энэ хүрээнд байгалийн боржин чулуун болон бетон хашлага суурилуулах, борооны ус зайлуулах инженерийн шугам сүлжээний худгийн тагийг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг хийх юм” гэлээ.

Ташрамд, энэ онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 16 байршилд авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээгээд буй. Мөн нэмэлтээр “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвараас зүүн тийш 133 дугаар сургууль хүртэл, 22-ын товчооны авто замын засвар шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.



Үйл явдал
Шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар боловсролын салбарын шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-2026-2027 оны хичээлийн жилээс 1 дүгээр ангийн сурах бичгийг шинээр зохиох, хэвлэх, түгээх ажил болон бусад ангиудын сурах бичгийн нөхөн хангалтын хүртээмж
-Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл
-“COP 17” арга хэмжээтэй холбоотойгоор хичээл сургалтын зохицуулалт
-Нийслэлийн хэмжээнд хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургууль байгуулах ажлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд ажиллах
-Боловсролын зээлийн сангийн 2026 оны сонгон шалгаруулалтын үр дүн, тэтгэлэг, зээл, төлбөрийн хөнгөлөлтийн хэрэгжилтийн явц, төсвийн нөхцөл байдал
-2027 оны төсвийн төлөвлөлт болон боловсролын салбарын 2026 оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төслүүдийн явцтай танилцах
-Тажикстан Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах зэрэг асуудлуудын талаар хэлэлцлээ.
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцуулсан асуудал бүр дээр шийдэл, шаардагдах төсөв, хугацааг тодорхой тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүтэц, нэгжийн удирдлагуудад даалгалаа.

Үйл явдал
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
НӨАТ-ын урамшууллын 2026 оны 07 дугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2026 оны 07 дугаар сарын 22-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иргэн та 2026 оны 06 дугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.
Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзээрэй.

Үйл явдал
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ
Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3 хувь), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3 хувь), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4 хувь) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс чанаргүй зээл 2.5 их наяд төгрөг, анхаарал хандуулах зээл 1.2 их наяд төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн зургаадугаар сарын валютын сарын дундаж ханшаар 1 ам.доллар 3576.65 төгрөг, 1 евро 4117.99 төгрөг, 1 юань 527.86 төгрөг, 1 рубль 48.40 төгрөг байсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэл болохыг Үндэсний статистикийн хороо онцолжээ.

-
Хэн юу хэлэв...2025/01/08
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ахмадын үндэсний чуулганыг нээж үг хэллээ
-
Үйл явдал2022/12/12
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Дэлхий нийтээр..2020/11/12
Иргэн, хуулийн этгээд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ
-
Дэлхий нийтээр..2021/05/11
Хагас тэрбумаар хэвлэгдсэн баучер үргүй зардал болов уу
