Тод индэр
Зах худалдааны төвүүдийг хаах шийдвэр гараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ

НЗДТГ-ын Хууль , эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Томуу, томуу төст болон шинэ коронавирусын халдвар гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг дарга А/108 дугаар захирамж гаргасан. Уг захирамжийн хүрээнд иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байж холбогдох албаныхан хяналт тавьж ажиллаж байна.
НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “БНХАУ-д илэрээд байгаа коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, аялал зугаалга, соёл урлаг, кинотеар, жолооны курс, цахим болон бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоох, 04:00 цаг хүртэл ажилладаг ресторан, караоке баар болон бусад төрлийн кафег 00:00 цаг хүртэл ажиллуулах, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг албан байгууллага, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газраар дагуулж явах, үйлчлүүлэх, үйлчлэхийг хориглосон. Захирамжтай холбогдуулан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоосон. Өнөөдрийн байдлаар хичээллэж байгаа сургууль цэцэрлэг байхгүй. Харин хүүхдийн өдөр өнжүүлэх төвүүдийн мэдээллийг цуглуулж харъяа дүүрэг хороодуудад нь мэдээллэж үйл ажиллагааг нь түр зогсоохоор ажиллаж байна. Эрүүл мэндийг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг фитнесс, чийрэгжүүлэлтийн төвүүдийг хаагаагүй” гэв. Захирамжийг зөрчсөн иргэнийг 200 мянган төгрөг, аж ахуйн нэгжийг 500 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авах бөгөөд иргэдийн эрүүл мэнд амь нас, аюулгүй байдлыг хангах үүднээс захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж хамтарч ажиллахыг иргэн аж ахуйн нэгжүүдэд уриаллаа.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.