Тод мэдээ
Б.Бямбасайхан: 40 гаруй жилд анх удаа Сэлбэ, Дунд гол дагуу бүрэн хэмжээний цэвэрлэгээ хийж байна

Болзошгүй эрсдэлээс сэргийлж Сэлбэ, Дунд гол дагуу мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаас цэвэрлэх ажлыг өнгөрсөн долоодугаар сараас эхлүүлсэн. Мөн борооны ус ихээр тогтдог зарим байршилд шинээр ус зайлуулах шугам, хоолой тавьж буй. Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайханаас тодрууллаа.
Өнөөдрийн байдлаар мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаас цэвэрлэх ажлын явц хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?
-Сэлбэ, Дунд гол дагуу мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаас цэвэрлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийт 25 аж ахуйн нэгж хамтран хийж буй. Энэ хүрээнд 370 мянган шоо метр лаг хагшаасыг цэвэрлэхээс өнөөдрийн байдлаар 152,459 тонн шоо метр лаг хагшаас цэвэрлэж, ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна. Тухайн голууд дагуу даланг хоёр үе шаттай хийж байсан. Тодруулбал, далангийн эхний хэсгийг анх 1980 онд барьж байсан бол сүүлийнхийг нь 2011 онд барьсан түүхтэй. Энэ хугацаанд ямар ч цэвэрлэгээ хийгээгүй бөгөөд энэ жил анх удаа бүрэн хэмжээний цэвэрлэгээ хийж, голын урсцыг сайжруулах арга хэмжээ авч буй юм.
Лаг хагшаасыг зөөж цэвэрлэсний дараа ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
-Лаг хагшаасыг зөөж цэвэрлэсний дараа үе шаттайгаар дараа дараагийн ажлуудыг хийнэ. Тодруулбал, даланг өндөрлөж, өргөтгөн, хүчитгэх, зарим байршилд Сэлбэ сэргэлт төслийн хүрээнд тохижилт хийхээр төлөвлөж байна.
Улаанбаатар хотод долоодугаар сарын 20-ны 22:00 цагаас эхлэн үргэлжлэн орсон борооны улмаас лаг хагшаас цэвэрлэсэн байршлуудад асуудал үүссэн үү?
-Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарц усаар дүүрснээс үүдэн нэг машин бүтэн далд орж, нүхэн гарцаас ус халин төмөр зам дагуу урссан. Тухайн өдөр орсон хур тунадас өнгөрсөн жил “S’ Outlets” дэлгүүр орчимд хальсан хур тунадаснаас их хэмжээтэй байсан юм. Өнгөрсөн онд эл нүхэн гарцаас ус халиагүй. Өчигдөр оройны хэмжилтээр Дунд гол дагуу 40-50 см нэмэгдсэн. Гэсэн ч лаг хагшаас цэвэрлэсэн байсан тул эрэг болон далангаа халилгүй, урсгалаа даган чөлөөтэй урссан.
Энэ онд нийслэлийн хэмжээнд хэдэн байршилд шинээр ус зайлуулах шугам, хоолой тавьсан бэ?
-Энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 13 байршилд шинээр ус зайлуулах шугам, хоолой хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар долоон байршилд хийгээд байна. Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас НЗДТГ, УБЗАА-тай хамтран 2022 оноос хойш нийт 37 байршилд ус зайлуулах шугам хоолойн угсралтын ажил хийсэн. Мөн 2023 онд манай байгууллагаас нийслэлийн хэмжээнд үзлэг шалгалт хийхэд Улаанбаатар хотод ойролцоогоор 50 байршилд ус ихээр тогтдог гэсэн тооцоолол гарсан. Гэвч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын санаатай болон санамсаргүй үйл ажиллагаанаас үүдэн эдгээр байршлын тоо өсөх хандлагатай байна.
Борооны ус ихээр тогтдог байршлын усыг соруулахаас өөр арга хэмжээ авах боломжтой юу?
-Улаанбаатар хот 1250 км хатуу хучилттай авто замтай. Үүний 70 орчим хувь нь ус шүүрүүлэх худаг, зайлуулах шугамгүй байдаг. Эдгээр байршлуудад борооны ус ихээр тогтдог бөгөөд шугам хоолойгүй учраас богино хугацаандаа усыг соруулахаас өөр аргагүй. Том зургаараа нэгдсэн шугам төлөвлөх шаардлагатай. Үүнийг хийхэд зураг төсөл гаргах, ойр орчимд нь хорших инженерийн байгууламжийн шугам хоолой байршуулсан байгууллагатай зөвшилцөх, ТЭЗҮ боловсруулах зэрэг олон үе шат дамжин, цаг хугацаа их шаарддаг. Нэг, хоёр хоногийн хугацаанд шугам хоолой татах боломжгүй. Иймд эдгээр байршилд үе шаттайгаар зураг төсөл боловсруулж, хамгийн оновчтой шийдлийг нь төлөвлөн, эдийн засгийн хувьд үр ашигтай байхаар төлөвлөж байна.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод мэдээ2023/01/06
Оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэдийн бүрдүүлэх материалын ж...
-
Тод мэдээ2024/07/02
Сэлбэ, Дунд голын голдирлыг тэлж, түшиц хана хийх ажлын бэлтгэл 90 хувьтай үргэл...
-
Тод индэр2020/05/15
Эхчүүдийг дэмжсэн бодлого хамгийн ухаалаг бодлого
-
Өнөөдөр2024/05/06
УИХ: Өнөөдөр хуралдах түр хороо, ажлын хэсгүүд