Тод мэдээ
Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан болов

Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг үндэслэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх олгох тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.2, 74.3.6 дахь заалт, 74.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан 78 нэр дэвшигчийг, нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшсэн 48 нэр дэвшигчийг тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгох тогтоол батлав.
Улмаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчдэд Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгон нийтэд мэдээлэхээр тогтлоо.
Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба Зөв намаас ирүүлсэн “…Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан нам эвсэлд хувь тэнцүүлэн суудал хуваарилахад тавигдах шаардлага нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тул энэ заалтыг Үндсэн хуулийн Цэцэд өгч байна. Иймд уг асуудлыг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэх хүртэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн дүнг, тодруулбал нам, эвсэлд жагсаалтаар нэр дэвшигчийг сонгогдсонд тооцох зарим асуудлыг хэлэлцэхгүй байхыг шаардаж байна” гэсэн агуулга бүхий шаардлагыг Хорооны хуралдаанд танилцуулж, хэлэлцүүллээ. Шаардлагын хариуг “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд санал хураалтын дүнг гаргах тухай нарийвчлан зохицуулсан хүчин төгөлдөр хуулийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргах эсэх нь Таны эрхийн асуудал болно” гэсэн албан бичгээр өглөө.
Мөн иргэн М.Сайнбаяр, Д.Баатаржав, Г.Батбаяр нараас тус Хороонд ирүүлсэн “…Үндэсний эвсэл нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.4-д заасны дагуу 7 хувийн санал авснаар УИХ-д төлөөлөлтэй болох нөхцөл бүрдэх ёстой…” гэсэн агуулга бүхий шаардлагыг Хорооны хуралдаанд танилцуулж, хэлэлцээд “…Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.9-т зааснаар Үндэсний эвслээс тус Хороонд Монголын ногоон намын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ээлжит бус 14 дүгээр Их хурлын 06 дугаар тогтоол, Монгол үндэсний ардчилсан намын 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ээлжит 6 дугаар Их хурлын 13 дугаар тогтоолоор тус тус баталсан “Үндэсний эвсэл” (МНН-МҮАН)-ийн гэрээг ирүүлсэн, мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасны дагуу Үндэсний эвслээс жагсаалтын гуравдугаарт нэр дэвшүүлсэн Д.Пүрэвдаваа нь 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Монголын либерал ардчилсан намын Ерөнхий зөвлөлд хандаж Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д заасны дагуу намын гишүүнээс татгалзах тухай өргөдөл, Монголын либерал ардчилсан намын Бүгд хурлын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 005 дугаар тогтоолоор намын даргын үүрэг ажлаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийг тус тус хавсарган ирүүлсэн байна” гэсэн хариуг албан бичгээр өгөв гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Өнөөдөр2024/08/29
Монгол Улс цахим хөгжил, инновацын чиглэлд Казахстан Улстай хамтран ажиллана
-
Тод мэдээ2024/04/25
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөд...
-
Өнөөдөр2021/06/04
Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын 45 цэг ажиллана
-
Тод мэдээ2023/08/02
БНХАУ-д албан болон хувийн ажлаар зорчиж буй иргэдийн анхааралд!