Тод мэдээ
“Морьтой Аравт” багийнхан Ховд, Завхан, Увс, Говь-Алтай аймгийн сумдад ажиллаж байна

УИХ-ын 2024 оны сонгуулийн хоёрдугаар тойрог буюу Баруун бүсэд нэр дэвшигчдийн сурталчилгаа үргэлжилж, Ховд, Завхан, Увс, Говь-Алтай аймгийн иргэд, сонгогчидтой уулзаж, ирэх дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна.
Монгол Ардын намаас нэр дэвшигч “Морьтой Аравт” багийн Дашзэгвийн Амарбаясгалан, Чимэдийн Хүрэлбаатар, Сэрээжавын Энхболд нар Завхан аймгийн Сантмаргац, Ургамал, Завханмандал сум, Ховд аймгийн Дөрвөлжин, Дөргөн, Чандмань, Булган болон Үенч, Мөст суманд ажиллалаа. Нутгийн иргэд сүүлийн жилүүдэд малын түүхий эд, тэр дундаа арьс, шир үнэгүйдэж хаягддаг болсныг онцлоод, энэ асуудлыг шийдвэрлэхэд төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй байна гэсэн юм.

Тэгвэл арьс шир боловсруулах үйлдвэр барьж, байгуулах хувийн хэвшлийг төрийн бодлогоор дэмжихээр МАН-ын мөрийн хөтөлбөрт тодорхой заалтууд тусгасан байна. Уламжлалт мал аж ахуйг олон талаар дэмжиж байгаагийн нэг нь мал сүргийнхээ ашиг шимийг өсгөх, түүхий эдэд үнэ цэн, өртөг өгөөж шингээх улс орондоо өдөр бүр эрүүл, шинэ мах, сүүтэй байх “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд иргэд багаар нь дэмжиж уг хөдөлгөөнийг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр илэрхийлж байсан юм.
Мөн мал аж ахуйгаа эрхэлж, бүс нутагтаа сайхан амьдрахын тулд эхлээд эрүүл мэнддээ анхаарах нь чухал гэдгийг тодотгоод, урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн шинжилгээг үргэлжлүүлж, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг бүс нутагт байгуулах заалтыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасныг баруун бүсийнхэн дэмжиж байлаа.



“Морьтой Аравт” багийн нэр дэвшигч Сандагийн Бямбацогт, Цэдэндамбын Цэрэнпунцаг, Батжаргалын Заяабал нар энэ хугацаанд Ховд аймгийн Дарви, Буянт сум, Увс аймгийн Тэс, Баруунтуруун, Зүүнговь суманд тус тус ажиллалаа.
Увс аймгийн Баруунтуруун сумд баруун бүсийн хэрэгцээг хангах гурил, тэжээлийн үйлдвэр байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлэх, нисэх буудлыг 4С ангилал руу өргөтгөх, замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, орон нутагт орон сууц барьж борлуулсан аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлж, эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан онцлох заалтуудаас танилцуулсан юм.
Иргэд сонгогчид үйлдвэрлэл, дэд бүтцийг цогцлоож, баруун бүсийн хөгжлийг түүчээлэх “Морьтой Аравт”-аа багаар нь сонгон дэмжихээ уулзалтын үеэр илэрхийлж, тэдэнд амжилт хүслээ.



Харин “Морьтой Аравт” багийн Баттогтохын Чойжилсүрэн, Балжиннямын Баярсайхан, Энхбатын Болормаа, Загджавын Мэндсайхан нар Завхан аймгийн Улиастай, Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Дэлгэр, Бигэр, Цогт суманд ажиллаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулав.
Энэ үеэр иргэд орон нутагт төрийн албаны тоотой хэдхэн орон тоотой учраас ажлын байр хомс. Тийм учраас залуучууд төв суурин бараадахаас өөр аргагүй байдгийг хэлсэн юм. МАН энэ удаагийн сонгуульд ялангуяа хөдөө, орон нутагт ажлын байр бий болгож, амьдрах, бизнес эрхлэх боломжийг нээж, дэмжихэд чиглэсэн бодлого барьж байгаа. Ингэж байж хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжүүлж бүс нутгийн хөгжлийг шинэ шатанд гаргана гэж үзэж байгаа юм. Мөн Говь-Алтай аймагт дулааны станц байгуулж, иргэдийн ая тухтай орчинд амьдрах, эрүүл байх нөхцөлийг бүрдүүлнэ гэдгийг онцолсон. Улмаар үйлдвэр аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа нээж ажлын байр бий болгосноор төвлөрлийг багасгаж, орон нутагт орон сууц барих, иргэд хашаандаа халаалт дулаан татах үндсэн нөхцөл бүрдэх юм.
Энэ мэтчилэн иргэдийн амьдрал, эдийн засагт нэн чухал хэрэгцээтэй бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлэхээр МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан. Иргэд сонгогчид чадварлаг, мэдлэг туршлагатай улстөрч, мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлсэн “Морьтой Аравт”-ыг мөрийн хөтөлбөрөө ажил хэрэг болгон бүрэн хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд, бүсийн хөгжлийг түүчээлэх баруун бүсэд нэр дэвшигчдээ багаар нь дэмжинэ гэлээ.



Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Өнөөдөр2022/07/25
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Өнөөдөр2021/01/27
Ховд аймагт "Ковид-19" халдварын зөөвөрлөгдсөн 2 тохиолдол бүртгэгдлээ...
-
Тод мэдээ2024/06/06
Бүгд Найрамдах Латви Улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа
-
Өнөөдөр2023/11/28
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй