Дэлхий нийтээр..
Монгол Улсад анх удаа спортын ачааллын дараах сэргэлт, нөхөн сэргээх эмчилгээ хийж эхэллээ
Спортын төв ордны өргөтгөлд Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн Ачааллын дараах нөхөн сэргээх эмчилгээний хэсгийн нээлт боллоо.
Арга хэмжээнд Монгол Улсын сайд, ОНБТСҮХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ, Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг, “Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох баг тамирчдыг дэмжих багийн ахлагч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох, Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн захирал Ч.Зоригтбаатар тэргүүтэй хүмүүс оролцлоо.
Энэ барилгад засвар үйлчилгээ, орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмж худалдан авах зэрэгт улсын төсвийн нийт 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулсан байна.
Монгол Улсад анх удаа үүд хаалгаа нээж буй энэ төвд 10 төрлийн 20 гаруй тоног төхөөрөмж бий.
Онцолбол, "Targeted radiofrequncy" төхөөрөмж нь тамирчдын булчин амраах, эд эсийг сэргээх, хаван бууруулах, өвчин намдаах зэрэг үйлчилгээ үзүүлдэг бол Mergen аппарат нь хүний биеийн хэсгийг цочроох зорилгоор долгионы тусламжтайгаар өвдөлт намдаах зорилгоор ашигладаг юм. Монголын баг тамирчдын одоо үзүүлж буй амжилтыг нэмэгдүүлэхэд дээрх төхөөрөмжүүд жинтэй нөлөө үзүүлнэ гэж салбарын мэргэжилтнүүд дүгнэж байна.
Энэ үеэр Б.Бат-Эрдэнэ сайд “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн талаар төрийн дэвшүүлсэн томоохон бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд бид шинжлэх ухаанд суурилах ёстой. Тиймээс Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийг бид онцгойлон анхаарч, ажил авснаас хойших хугцааанд 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна” гэж тодотголоо.
Харин Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг “Спортын шинжлэх ухаан өндөр хөгжсөн улс орнуудтай өрсөлдөхүйц хэмжээний тоног төхөөрөмжөөр хангагдсанаар тамирчдын ажиллах чадвар нэмэгдэж, бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэлээс бэлтгэлийн хооронд дахь сэргэлтийг хурдасгах зэрэг давуу тал гарна” хэмээн тэмдэглэлээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2024/09/12
“Гадаад улсын виз гаргаж өгнө” гэж олон хүнийг залилсан этгээдийг ба...
-
Дэлхий нийтээр..2024/05/16
У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж бай...
-
Тод зураг2019/07/30
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Үйл явдал2022/12/22
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
