Дэлхий нийтээр..
"Хангай" зочид буудлын эзэмшигчид татвараа нөхөж төлөх, барилгын өнгө үзэмжийг нь сайжруулах шаардлага тавилаа
Улаанбаатар хотын төвд байрлах "Хангай" зочид буудлын барилга анх 1982 онд баригдсан байдаг. Гэсэн хэдий ч эзэмшигч нь ашиглахгүй балгас хэлбэрээр 30 орчим жил болсон. Үүнээс улбаатай гэмт хэрэг зөрчил гарах шалтгаан болж ирсэн байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Улаанбаатар хот сүүлийн 30 жил эмх замбараагүй болж, төлөвлөлт буруу хийгдэж нүдэнд үзэмжгүй хот болсон. Бидний хувьд энэ алдааг засахаар үе шаттайгаар ажиллаж байна. Уг барилга хувьчлагдаад 30 жил болсон. Даанч өнгөрсөн хугацаанд эзэнгүй мэт явж иржээ.
"Хангай" зочид буудалтай холбоотой хоёр үндсэн асуудал байгаа. Нэгдүгээрт, татварын асуудал. Хотын төвийн барилгууд, жишээ нь Энхтайваны гүүрний урд байдаг Хаан банкны байр жилд 1.4 тэрбум төгрөгийн татвар төлдөг. Энэ барилга харин 0.
Хоёрдугаарт, аюулгүй байдал хангагдахгүй, гэмт хэрэг зөрчлийн үүр болж буй. Мэдээж ардчилсан нийгэмд хүн хувийн өмчтэй байх, түүгээрээ дамжуулан эрх чөлөөгөө эдлэх эрхтэй. Гэхдээ үүнийгээ дагаад хувийн өмчийн татвараа төлдөг хариуцлагатай байх үүрэгтэй. Мөн хувийн өмч нь бусдад аюултай орчин бий болгох ёсгүй.
Уг барилгын түүхийг авч үзвэл 2010 оноос хойш барилгын үндсэн балгас болсон өндөр хэсгийн бүртгэлийн дугаарыг нь салгаад тусгай гэрчилгээтэй болсон хэдий ч Улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй буюу өдийг хүртэл татвар төлөөгүй гэсэн үг. Гэвч барилгын доод давхарт нь Б.Жаргалсайхан, Т.Баярсайхан нар өмчлөгчөөр бүртгүүлэн, бизнес эрхэлж буй. Үл хөдлөх хөрөнгөөр бүртгүүлчихээд ямар ч татварын системд бүртгэлгүй, татвараа 30 жил төлж ирээгүй байна л гэсэн үг.
2005 онд уг барилгын эргэн тойрны газар нь “Буян Холдинг” ХХК-ийн эзэмшилд байсан бөгөөд 2010 онд уг барилгыг нэг давхар болон зочид буудлынх нь хэсгээр салгаж, бүртгэлийг нь өөрчилсөн байгаа юм. Энэ үл хөдлөх хөрөнгө нь ямар нэгэн үнэлгээ хийгдэж, бүртгэгдээгүй болохоор татварын өрийг шууд тооцоход хэцүү” гэдгийг онцолсон юм.

Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2021/09/10
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжтой
-
Дэлхий нийтээр..2021/03/30
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ээлжит орон сууц ашиглалтад орлоо
-
Хэн юу хэлэв...2020/08/24
Х.Баттулга: Хүүхэд хамгаалал, эхчүүдийн нийгмийн асуудлыг төр үргэлж анхааралдаа...
-
Үйл явдал2026/09/02
Хаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд зарлуулах шаа...
