Дэлхий нийтээр..
Шар хад, Да хүрээ захын орчимд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хашаалсан хашаа, хайсыг буулгалаа
2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах үүрэг бүхий таван Ажлын хэсэг ажиллаж буй. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг БЗД-ийн 17-р хороо, Шар хад, Да хүрээ зах орчимд ажиллалаа.

Тус Ажлын хэсэг өөрсдийн хариуцсан трасст хээрийн судалгааг хийн, энэ сарын 10-ны өдрөөс эхлэн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үүссэн газар, хашаа, хайс, барилга байгууламжтай холбоотой зөрчлийг арилгуулах, хаягийн байгууламж, гэрэлтүүлгийн шон, инженерийн шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг стандартын дагуу хангуулах мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн юм.
Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхэлж байсан ААН-ийн зөрчлийг илрүүлж, талбайг чөлөөлөх ажлыг эхлүүллээ. Тодруулбал, Да хүрээ захын орчимд үйл ажиллагаа явуулдаг “Мануул Трэйвэл” ХХК нь эзэмшлийн газраасаа 1629 м.кв газрыг хэтрүүлэн хашаалж, уг хэсэгт төлбөртэй зогсоол ажиллуулж байжээ. Өнөөдрөөс хашааг буулгаж, талбайг чөлөөлөх ажлыг эхлүүлсэн юм.

Мөн “Да хүрээ Трейд” ХХК нь эзэмшлийн газраасаа 496 м.кв газрыг хэтрүүлэн хашаалсан байсныг илрүүлсэн юм. Тус компани хэтрүүлэн хашаалсан газарт контейнер байршуулж, иргэдэд түрээсэлдэг байжээ. Тус талбайг чөлөөлөх ажлыг энэ сарын 12-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар контейнер зөөх, талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байна.

Түүнчлэн Шар хад, Да хүрээ захын орчимд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хашаалсан зөрчилтэй 20 ААН-ийн 508 метр хашааг буулгалаа.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг:
-Тухайн байршилд авто машин, сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 орчим ААН, иргэн байдаг байна. Эдгээр ААН-ийн эрхэлж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор уг байршилд хөрсний бохирдол хамгийн өндөр байдаг. Мөн НҮБ-ын судалгаагаар Шархад, Да хүрээ орчимд амьдардаг хүүхдүүдийн цусанд хар тугалганы агууламж хамгийн өндөр гарсан. Энэ орчимд авто машин, сэлбэгийн худалдаа байхад тохиромжгүй. Мөн мэдэгдэх хуудас авсан ААН, иргэд заасан хугацаанд зөрчлийг арилгаагүй тохиолдолд хэтрүүлэн барьсан хашаа хайс, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг албадан чөлөөлнө гэв.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2026/07/25
Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлжээ
-
Хэн юу хэлэв...2019/10/14
Угаартсан хүнд үзүүлэх анхны тусламж
-
Дэлхий нийтээр..2022/01/10
Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал боллоо
-
Үйл явдал2023/07/04
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
