Тод индэр
Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумд оролцож, “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцууллаа. Тэрбээр нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд төвийн зургаан дүүргийн гэр хорооллын бүсэд ажиллаж буй төрийн албан хаагчидтай өнгөрсөн нэг сарын хугацаанд уулзсан. Харин өнөөдөр сүүлийн 30 жилд нийслэлд хуримтлагдсан алдаа дутагдал, ирэх 30 жилд хийгдэх хөгжлийн концепцоо хэлэлцэж, хамтран шийдэхээр нийслэлийн есөн дүүргийн салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж байна. Сүүлийн 30 жилд хүн амын талаас илүү нь нийслэлд төвлөрснөөс даац хэтэрсэн. Үүнийг дагаад түгжрэл, утаа, хог, бохирдол зэрэг олон бэрхшээл бий болсон нь төлөвлөлтийн алдаатай бодлоготой холбоотойг Ерөнхий сайд дурдлаа.
Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг Улаанбаатар хот эзэлдэг. Гэтэл хотын төвийн Бага тойруу хэсэгт төрийн 70 гаруй байгууллага ажиллаж, түгжрэл, төвлөрлийн гол шалтгааны нэг болж байна. Бага тойрууд байгаа эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй. Бүсчлэл гэдэг бол эрх мэдлийг задална гэсэн үг. Бид суурь реформ дээрээ хандлага, харах өнцгөө өөрчлөх цаг болжээ. Төр, захиргааны байгууллагууд манлайлал үзүүлэх ёстой гэдгийг мөн хэллээ.
Улсын Их Хурлын сонгуулийг энэ жил анх удаа бүсчилсэн тойргоор явуулахаар болж, Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ форум Улсын Их Хурлын сонгуулийн өмнө болж байгаа нь улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр илүү прагматик байхад, мөн мэдээллийн хувьд тэгш гараанаас эхлэх, бодлогын мэтгэлцээнд тулгуурлах тал дээр чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Хорооны Засаг даргад төсвийн эрх мэдэл байхгүй. Хуулиар эрх мэдлийг нь нэмэгдүүлж, төсөв захиран зарцуулах эрх олгох, хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах хүрээнд төвлөрлийг сааруулах бодлогыг төр, засгаас хэрэгжүүлэхээс өөр гарцгүй болсныг Ерөнхий сайд тэмдэглэв.
Форумын үр дүнд үндэслэж, Засгийн газар бүс бүрийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулна. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулж, бодитоор хэрэгжүүлж шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг тулгамдсан асуудал шийдвэрлэгдэнэ гэж үзэж байна.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.