Тод мэдээ
Нэг сурагчийг сургах хувьсах зардал 910 мянган төгрөг байсныг 2-3 дахин нэмэгдүүллээ

Боловсролын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үндсэн зургаан шинэчлэлийн нэг нь төсөв санхүүгийн шинэчлэл юм. Энэ хүрээнд боловсролын салбар гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд бүрэн шилжээд байна.
Багш нарын үндсэн цалин 1,2-1,3 сая төгрөг байгаа нийт багш нарын 52 хувь нь 15-40 хувийн үр дүнгийн урамшуулал авч байна. Тэгвэл өнөөдөр Хувьсах зардлын аргачлалын шинэчлэлийг танилцууллаа.
PISA сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд хамрагдаж байгаа улс орнуудын нэг сурагчид зарцуулах дундаж санхүүжилт 6-15 насанд өсөн нэмэгдэх дүнгээр 91 мянган ам.доллар байхад Монгол улс 12 мянган ам.доллар байна. Хэдийгээр манай улсын нэг сурагчдад зарцуулж байгаа санхүүжилтийн хэмжээ бага боловч сурагчдын математик, байгалийн ухааны хичээлүүдийн амжилт дундаж болон түүнээс дээш түвшинд байгаа нь сайшаалтай. Бид хувьсах зардлынхаа аргачлалыг шинэчилж, өртгийг нэмэгдүүлснээр сурлагын амжилтаа ахиулах суурь нөхцөл бүрдэж байна.
Өмнө нь нэг сурагчид оногдох хувьсах зардлыг цэцэрлэг, бага, дунд, ахлах анги гэсэн 4 түвшинд ангилж 910 мянгаас 1 сая хорин мянган төгрөгөөр бодож олгодог байсан бол шинэ аргачлалаар анги тус бүр өөр өөр буюу 1.5-2.5 сая төгрөг болгон нэмэгдүүлж байна. Мөн хувьсах зардлыг өмнө нь эдийн засгийн ангиллаар санхүүжүүлдэг байсан бол өнөөдөр зориулалт, арга хэмжээгээр 7 багцад ангилан нь хуваарилах болов. Ингэснээр сургууль цэцэрлэгүүд санхүүгийн хагас бие даасан тогтолцоонд шилжиж байгаа юм.
Хувьсах зардал нь:
-Багшийн цалин
-Сургалтын хэрэглэгдэхүүн
-Цахим хэрэглээ
-Багшийн тасралтгүй хөгжил
-Тоног төхөөрөмж
- Хүүхэд хамгаалал
Эрүүл мэндийг дэмжих зардал гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй байна.
Боловсролын салбарт нэвтрүүлсэн санхүүгийн шинэчлэлийн хүрээнд урсгал төсөв 4,2 их наяд төгрөгт хүрсэн нь ДНБ-ий 5 хувьтай тэнцэж байна. Салбарын цалингийн сан 2021 онд 915 тэрбум төгрөг байсан бол 2024 онд 2.3 их наяд болж нэмэгдээд байна. Мөн энэ онд хүүхэд хамгааллын зардлыг шинээр бий болгон 4.5 тэрбум, багшийн эрүүл мэндийг дэмжих зардалд 5,6 тэрбум, багшийн тасралтгүй хөгжилд 13,1 тэрбум, сургалтын хэрэглэгдэхүүнд 23,3 тэрбум, цахим хэрэглээ, олон улсын хөтөлбөрт 28,5 тэрбум, тоног төхөөрөмж, нөхөн хангалтын зардалд 43,6 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа нь бүх үзүүлэлтээр өссөн дүн юм.
Цаашид боловсролын салбарын төсвийг солонгоруулах буюу санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд салбарын төсөв нь улсын болон орон нутгийн, гадаад зээл тусламж гэсэн гурван эх үүсвэртэй байсан бол цаашид эдгээрээс гадна бонд, санхүүгийн түрээсийг ч нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: БШУЯ
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС