Тод мэдээ
Шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна

Ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс сулран, 0 хэм рүү орж дулаарч байгаа тул нийслэл, дүүргийн хэмжээнд шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аван ажиллаж байна.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 9, 24 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 18, 20 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 21 алба хаагч, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс есөн ажилтан, бусад аж ахуйн нэгж, байгууллагаас 13 ажилтан буюу нийт 43 ажилтан, алба хаагч 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд халиа тошингоос үүссэн мөсийг зөөвөрлөх, сувагчлал татаж ус урсгах зэрэг арга хэмжээг авч байна.
Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар дулаарч, уулархаг нутгаар орсон цас, мөс хайлан, халиа урсах нөхцөл бүрдээд буй тул шар усны үерт өртөж болзошгүй айл өрхүүд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР
Тод мэдээ
Баянгол дүүргийн 2 байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарчээ
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй дүгнэлт нь гарсан, оршин суугчдын амьдрах нөхцөл хүнд байгаа байршлуудад дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-иас ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулгаж, байршил дээр нь дахин төлөвлөлтийн 15-20 төслийг хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалтыг үе шаттай зарласан.
Ийнхүү хоёр төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа. Тодруулбал,
- Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 35, 36 дугаар орон сууцны барилгыг буулган, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Тэргүүн чансаа” ХХК;
- Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 32 дугаар орон сууцны барилгыг буулган, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Грэйт Роуд” ХХК тус тус шалгарсан юм.
Батламж гардуулах үеэр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд амжилт хүсэн “Хамгийн гол нь хариуцлага алдахгүйгээр иргэдтэйгээ харилцан тохиролцож, бүтээн байгуулалтын ажилдаа яаравчлан орох хэрэгтэй. Дахин төлөвлөлтийн ажил цаг ямагт маргаан дагуулж байдаг. Гэвч та бүхнийг өнгөрсөн алдааг давтахгүй, хариуцлагаа өндөржүүлж, айл өрхийн амьдрах орчныг сайжруулахын төлөө хичээж ажиллана гэдэгт итгэж байна” гэв.
Тод мэдээ
Улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарилыг шүршиж угаах ажлыг тогтмол хийж байна
Нийслэлийн хэмжээнд 38.8 мянга гаруй улиас мод байдаг. Үүнээс 50.4 хувь буюу 19.5 мянган гаруй улиас нь нийслэлийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд ургаж байна. Нийт улиас модны 46.9 хувь буюу 18232 ширхэг нь эм улиас гэж нэрлэгддэг. Энэхүү эм улиас модны унгарилын гаралтыг багасгах, бууруулах чиглэлээр үе шаттай ажлууд хийж байна.
Тухайлбал, 2025 оны хаврын хэлбэржүүлэлтийн ажлын хүрээнд 86 байршилд 9298 ширхэг навчит мод буюу нийт хэлбэржүүлэх эм улиас модны 51 хувийг хэлбэржүүлсэн. Харин энэ зургаадугаар сарын байдлаар нийтийн эзэмшлийн 157 га талбайд ургаж байгаа улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарил гарсан үед шүршиж угаах зэрэг ажлыг тогтмол хийж байна.
Зургаадугаар сарын эхний 7 хоногоос эхлэн эм улиасны унгарилыг усаар шүршсэн. Ингэснээр эм улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 40 хувь хүртэл буурах боломжтойг холбогдох албаныхан хэллээ. Мөн ААНБ-ууд өөрсдийн эзэмшлийн талбайд байгаа улиас модны унгарилыг усаар шүршиж цэвэрлэхийг уриаллаа.
Тод мэдээ
Э.Ниндэв: Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах шаардлагатай
Нийслэлийн зүгээс тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах төслийг боловсруулж, Зам, тээврийн яамтай санал солилцож байна.
Уг стандартыг баталснаар манай улсын автомашины дугаартай иргэд олон улсад зорчихдоо ямар нэгэн саадгүй зорчих нөхцөл бүрдэхээс гадна ашиглаж буй улсын дугаараа дур мэдэн сольж, өөрчлөх зөрчил багасах ач холбогдолтой.
Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэв “Өнөөдрийн байдлаар манай улсад мөрдөгддөг тээврийн хэрэгслийн улсын дугаарын MNS 4410:2017, MNS 4410:2002 стандарт нь олон улсын стандартад нийцдэггүй. Иймээс Монгол Улс Замын хөдөлгөөний тухай конвенц /олон улсын гэрээний эрх зүйн тухай венийн конвенц/-д нэгдсэнийхээ дагуу иргэдийн зорчих эрхийг эдлүүлэх хүрээнд тээврийн хэрэгслийн олон улсын дугаарын стандартыг нэвтрүүлэх шаардлага гарсан. Мөн лацны стандартыг батлах ёстой. Ингэснээр иргэд тээврийн хэрэгслийн дугаарыг хоорондоо дамжуулах, тэгш, сондгойгоор хязгаарласан үед болон товчоогоор гарахдаа сольдог зөрчил арилна” гэв.
Гэсэн хэдий ч автомашины улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах нь төслийн шатандаа явж байгааг анхаарах хэрэгтэй. Хэрэв стандарт батлагдаж, хэрэгжих үед бүх тээврийн хэрэгслийн улсын дугаарыг төсвийн мөнгөөр солихгүй. Өөрөөр хэлбэл иргэд тээврийн хэрэгсэлдээ шинээр дугаар авч байгаа тохиолдолд шинэ стандартаар дугаарыг олгоно. Харин хуучин дугаартай иргэд өөрсдийн хүсэлтээр дугаараа шинэ стандартад шилжүүлэх боломжтой болж байгааг тэрбээр онцолсон юм.
Ташрамд, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн уг баталсан дээд хязгаарт багтаан зургаан шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгох, бусад тохиолдолд олгохгүй байх тогтоолыг үе шаттай хэрэгжүүлж байна.
-
Тод мэдээ2022/05/18
УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгохыг холбогдох алб...
-
Чөлөөт бүс2023/09/15
Байгалийн аюулт үзэгдлээс учирсан хохирлын хэмжээ нэг тэрбум ам.долларт хүрчээ
-
Тод мэдээ2024/01/09
Нийтийн байрны орчин, нөхцөлд төлөвлөгөөт бус шалгалт хийхэд 8046 зөрчил илрэв
-
Тод мэдээ2022/03/22
Сонсголон, Яармагийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг танилцуулах үүрэг өглөө