Дэлхий нийтээр..
Нийтийн тээврийн автобусны шинэ маршрут, программ хангамжийг эрчимжүүлнэ
Энэ сарын 08-ны өдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
Тэрбээр шуурхай зөвлөгөөнөөр өгч буй үүрэг даалгавруудын хэрэгжилтийг сайжруулахад анхаарахыг даалгаж, зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээг эрчимжүүлэх, халтиргаа гулгаанаас тогтмол сэргийлж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов.
Мөн "Хот, нийтийн аж ахуйн ажлууд дүүргүүдэд шилжсэнтэй холбоотойгоор дүүргүүд халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээг тогтмол, шуурхай гүйцэтгэх шаардлагатай байна. Үүнд Хот тохижилтын газраас хяналт тавина. Мөн дүүргүүдэд харьяалагддаггүй, СӨХ-ны эзэмшил талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд дүүргүүд болон Хот тохижилтын газар хяналт тавьж, СӨХ-дыг хариуцлагажуулах шаардлагатай. Орчмын 50 метр талбайг цэвэрлэх үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг сайжруулах шаардлагатай байгаа тул тухайн аж ахуйн нэгжүүдтэй дүүргүүд гэрээ байгуулан ажиллаж болно. Цас ормогц нэн түрүүнд цасыг хуссаны дараагаар давс, бодисыг цацаж, хайлмагц нь дахин түрж, цэвэрлэх дарааллаар ажиллах ёстой" хэмээлээ. Түүнчлэн
- Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийх ажлуудын эрх шилжүүлэх, худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах ажлуудыг эрчимжүүлэх
- Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын газар чөлөөлөлтийн бэлтгэл ажлыг сайтар хангах
- Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон бусад хуулиуд батлагдсантай холбогдуулан шинээр боловсруулах дүрэм, журам, шийдвэрийн төслийг танилцуулах
- Нийтийн тээврийн автобусны шинэ маршрут, программ хангамжийг эрчимжүүлэх
- Албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хориглолт хязгаарлалтыг зөрчихгүй байхад анхаарах
- Төрийн албаны тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, заавар, зөвлөмжийн дагуу байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг сайжруулах, төрийн албаны стандартыг мөрдөх
- Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, цахим хуудас мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх
- Оны эхнээс төсвийн орлогын бүрдүүлэх, татварын орлогын бааз суурийг өргөжүүлэх нэгдсэн төлөвлөгөө боловсруулж, захирамжийн төслийг танилцуулах
- Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулж, нийслэлийн өмчийн бүртгэл тооллогыг чанаржуулахад анхаарах
- Дүүргүүдэд нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн арчлалт үйлчилгээ, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалтыг бүрэн хариуцуулж, ажлаа эрчимжүүлэн, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих зэрэг үүрэг даалгаврыг өгсөн юм.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
