Хэн юу хэлэв...
С.Пагам-Орлом: Арьс, гоо заслын салбар эдийн засагт чухал хувь нэмэр оруулдаг салбар байх боломжтой
Сайхан байх гэдэг хүний төрөлхийн хүсэл тэмүүлэл. Тэрхүү хүсэл тэмүүллийг нь бодит болгоход тусалдаг арьс, гоо заслын салбарын өнөөгийн хөгжил, ирээдүйн талаар бид Монголын анхны арьс гоо заслын эмнэлгүүдийн нэг болох BeauMonde эмнэлгийн захирал Пагам-Орломтой ярилцлаа. Манай улсын арьс гоо заслын анхны мэргэжлийн эмнэлгүүдийн нэг BeauMonde эмнэлэг байгуулагдаад 15 жил болжээ. Өнөөг хүртэл ажилласан туршлагаасаа харахад энэ салбарын хөгжил өнөөдөр манай улсад ямар түвшинд байна гэж та бодож байна вэ?
Анх 2009 онд Шанхайд сурч ирээд Монголдоо анхны IPL лазер эмчилгээг нэвтрүүлэн эмнэлгээ нээж байлаа. Түүнээс хойш дандаа л хамгийн орчин үеийн технологи, үйлчилгээг эх орондоо нэвтрүүлдэг байхын төлөө 15 жил ажиллажээ. Одоо бол гадаадын аль нэг оронд очихдоо ижил төстэй эмнэлгүүдээр ороход манай эмнэлгүүд ерөөсөө ч хоцрогдоогүй, яг ижил түвшинд явж байгаа нь мэдрэгддэг.
Тэгэхээр бид, бас энэ салбар маань өнгөрсөн хугацаанд чамгүй хөгжжээ. Салбар өөрөө дандаа өндөр технологи ашигладаг учраас тэр хэрээр бид цаг алдалгүй судалгаагаа сайн хийх, эмчилгээ үйлчилгээгээ судлах, нэвтрүүлэх хэрэгцээтэй байдаг нь ингэж хурдацтай хөгжихөд нөлөөлдөг болов уу. Үүнд бас манай Монгол үйлчлүүлэгчдийн шинэ соргог зүйлд тэмүүлдэг, гоё сайхан байх дуртай зан төлөв нь ч нөлөөлж байна. Хүмүүс гадагшаа чөлөөтэй зорчдог болсон болохоор Солонгос, Японд, Америкт очиж ирээд манай Монголын эмнэлгүүд дутахааргүй зарим нэг талаар илүү ч үйлчилгээ үзүүлдэг юм байна гэдгийг ойлгоод ирдэг, хэлдэг юм. Нөгөө талаар арьс арчилгааны технологи хамгийн өндөр хөгжиж байгаа Япон, БНСУ зэрэг орнуудтай манайх ойрхон, харилцаа холбоо сайтай, эмч мэргэжилтнүүд нь хамтран ажилладаг, мэргэжил дээшлүүлдэг болсон зэрэг зүйлс нөлөөлж байна. Арваад жилийн өмнө эмнэлгээ байгуулж байхад тоотой хэдхэн эмнэлэг байлаа. Гэтэл одоо зөвхөн бүртгэлтэй 270- 290 эмнэлэг байна.

Дээрээс нь эмнэлгийн тусгай зөвшөөрөлгүй хэр нь эмнэлэгт хийх ёстой үйлчилгээг үзүүлж байгаа гоо сайхны салонууд маш олон болсон. Энэ тоо жишээ нь салбар өөрөө хэрхэн хурдтай өсөж томорч байгааг харуулж байна. Үүнийгээ дагаад сайн муу зүйл олон байгаа ч зах зээлийнхээ зарчмаар шигшигдээд илүү сайжраад явах болов уу. Гол нь хүмүүс маань гоо сайхны салон болон мэргэжлийн эмнэлгийн ялгааг олж харах, өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр нэмэгдэж байгаа зар сурталчилгаанаас үнэн бодит байдлыг нь ялгаж сурах нь чухал юм.
-Сурталчилгаа гэснээс гоо сайхны эмнэлгүүд, бүтээгдэхүүний сурталчилгаа дээр 5 насаар, 10 насаар залуужуулна гэж их бичсэн байдаг. Яг үнэндээ энэ хэр үнэний хувьтай вэ, ийм байх боломжтой юу?
Мэдээж арьсаа арчилсан хүн арчлаагүй хүн хоёрын хооронд ялгаа байна гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ яг ямар технологи, ямар бүтээгдэхүүн онцгой сайн үр дүн харуулж байна вэ гэдэг нь сонин.
Жишээ нь манай эмнэлгээр 10-15 жил үйлчлүүлж байгаа харилцагч нараасаа харж байхад тогтмол давтамжтайгаар, тууштай арьс арчилгаа хийлгээд явдаг хүмүүс яг ижилхэн насны хүмүүсээсээ яах аргагүй 5-10 насаар залуу харагддаг. Тэгэхдээ сурталчилгааны хэллэг шиг нэг удаа аль нэг үйлчилгээнд ороод 5-10 насаар залуужна гэвэл дэгс зүйл. Өөрөөр хэлбэл бид өнөөдрөөс арьсаа арчлаад эхэлж байгаа хүнийг 10 жилийн дараа гэхэд өнөөдөр байгаа арьсныхаа гоо сайхныг хадгалсан байх, хөгшрөлтийг нь удаашруулсан байхыг зорихоос биш одоо 5 насаар залуужуулаад өгнө гэж хэлээд янз бүрийн зүйл шахаад мөнгийг нь үрэх бол ёс зүйгүй асуудал. Нөгөө талаас энэ технологиуд чинь маш олон удаа, шинжлэх ухааны үндэстэйгээр судлагдчихсан, энэ салбарт маш их хөрөнгө оруулалт хийгддэг учраас хуурамч байх, үр дүнгүй байх үндэслэлгүй юм. Гол нь тухайн үйлчилгээ дээр яг шаардлага хангасан аппаратыг нь ашиглаж байна уу, тухайн технологийг ашиглаж байгаа хүн хэр зэрэг туршлагатай, мэдлэгтэй, зөв ашиглаж байна вэ гэдэг чухал. Нөгөө талаас хүн гоё сайхан, залуу байна гэдэг бол дан ганцхан арьс арчилгааны асуудал биш юм. Тухайн хүний сэтгэлзүй, амьдралын хэв маяг, амьдралын чанар, идэж байгаа хоол хүнс, найз нөхдийн хүрээлэл зэрэг маш олон зүйлүүд нийлж байж хүнийг эрүүл, сайхан харагдуулдаг юм болов уу.

-Тэгвэл гоо сайхан байх, арьсаа арчилдаг байх, түүнд цаг зав, мөнгөө зарцуулдаг байх нь хүнд яагаад чухал юм бэ?
Би хувьдаа хүн гоё арьстай байх нь амжилттай байх эхний алхам гэж боддог. Энэ нь нэгдүгээрт хүнд өөртөө итгэх итгэлийг бий болгож байдаг. Хүний өөдөөс цэх шулуун хараад бүрэн дүүрэн ярих, өөрийгөө илэрхийлэх тэр итгэлийг өгч байдаг. Тэгэхлээр арьс арчилгаа гэдэг бол тухайн хүний амьдралын чанар, ажил бизнес, нийгмийн карьерын гол үндэс нь. Ямар ч хүн хөөрхөн, сайхан хүнтэй харилцах дуртай байдаг шүү дээ. Тэгэхээр сайхан арьстай, өөрийнхөө бие галбир царай төрхдөө итгэлтэй байдаг хүмүүсийг амжилт ч мөн дагадаг. Өөртөө тавих анхаарал нэмэгдэхийн хирээр тухайн хүний бизнесийн, улс төрийн карьер өсөж байдаг маш олон жишээ би мэднэ. Манай үйлчлүүлэгчдийн ихэнх нь салбар салбартаа амжилттай яваа улс төрчид бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, эрчүүд байдаг. Тэд маань энэ зүйлийн ямар чухлыг нь, өөрт нь ямар их үнэ цэн авчирдгийг нь мэдэж, мэдэрч байгаа учраас л ингээд тууштай яваад байгаа хэрэг шүү дээ. Тийм ч учраас, бид ч бас анхнаасаа хамгийн сайн, өндөр үр дүнтэй эмчилгээ үйлчилгээг санал болгож, үүнийгээ мэргэжлийн түвшинд үзүүлэх сайн боловсон хүчин, эмч мэргэжилтнүүдийг бэлтгэнэ, тэгээд үйлчлүүлэгч бүрд хамгийн өндөр үр дүнг гаргана гэдэг л зорилт тавьж ирсэн. Энэ хүрээндээ ч үргэлж сайжирч, туршлагажиж ирсэн байна. Удахгүй бид шинэ эмнэлгээ нээх гэж байна.

-Шинээр нээгдэх эмнэлгийн онцлог юу байх вэ?
Гоо сайхны эмнэлэг гэхээр хүмүүс нэг бол иллэг массаж хийдэг газар эсвэл хэдэн хүүхнийг адилхан царайтай болгодог газар гэж ойлгоод байдаг. Гэтэл хүн гоо сайхан байна гэдэг дан ганц арьс арчилгаа биш гэж дээр ярьсан. Тэгэхээр шинээр нээсэн эмнэлэг маань гоо сайхны мэс засал, үсний эмчилгээ, эрүүлжих, тураах үйлчилгээ, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн далд гоо сайхан, шүдний эмчилгээ зэрэг үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг эмнэлэг байх юм. Энэ бүгд нийлээд тухайн үйлчлүүлэгчид маань системтэйгээр үр дүн өгснөөрөө энэ хүн гоо сайхан болно гэдэг агуулгаар эмнэлгийнхээ концепцийг гаргасан. Салбарынхаа хөгжлийг дагаад мөн олон жил үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийнхээ итгэлтэй газраасаа, нэг дороос бүх үйлчилгээг авдаг байх хүсэл сонирхлынх нь дагуу ийм болгож өргөжихөөс ч аргагүй юм. Хүмүүс цаг хугацаагаа хэмнээд найдвартай газраас нэг дор олон үйлчилгээг авах, гэр бүлээрээ үйлчлүүлэх хэрэгцээтэй болж байна. Түүнд нь нийцүүлсэн үйлчилгээнүүдийг бид үзүүлэхээр төлөвлөсөн. Мэс заслын тухайд бид голчлон нөхөн сэргээх чиглэлд төвлөрнө. Төрсний дараах далд гоо сайхны хагалгаа, хөх томруулах хагалгаа, магадгүй гэнэтийн ослоос ч юм уу хамраа гэмтээсэн бол хамрын гоо сайхны хагалгаа хийх гэх мэт. Шүдний гоо сайхны, нөхөн сэргээх эмчилгээ мөн хийгдэнэ. Сайхан инээмсэглэл чинь хүний хамгийн чухал чимэг. Мөн гэр бүлээрээ үйлчлүүлэхэд боломжтой байх үүднээс өсвөр насны хүүхдүүдэд тохирсон арьс арчилгаа, хүүхдийн шүдний эмчилгээ зөвлөгөө өгөх зэргээр ажиллах юм. Түүнчлэн бид энэ салбартаа олон жил ажилласан туршлагатай эмнэлгийн хувьд салбараа дэлхийн жишигт хүргэчих юм сан гэдэг зорилгоо ч бодсон бусад эмнэлгүүдээ хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн, тариа тарилга зэргээр хангадаг ханган нийлүүлэгчээр ажиллаж эхлэхээр болсон. Манай эмнэлэг байгуулагдсан цагаасаа эхлэн хэрэглэж байгаа бүтээгдэхүүн тариа тарилга, дагалдах хэрэгслээ дандаа хамгийн сайн гэсэн үйлдвэрлэгчдээс өөрсдөө захиалж авч хэрэглэж ирсэн. Гэтэл зах зээл дээр тэдгээрийг ганзагаар оруулж ирэх, хувь хүн оруулж ирээд хадгалалт хамгаалалт алдагдах гэх мэт асуудлууд байдаг. Гоо сайхан гэдэг хүний хамгийн эмзэг чухал зүйл учраас бүтээгдэхүүний найдвартай байдал, ариун байдал, чанар гэдэг юу юунаас илүү чухал шүү дээ. Тийм учраас бид дэргэдээ ханган нийлүүлэх байгууллагатай болсон. Түүнээс гадна бид хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор дэргэдээ лаборатори ажиллуулж байна. Энэ давхар өөрсдийгөө ч эрсдэлээс сэргийлж байгаа хэрэг. Ер нь миний хувьд анх энэ салбарт ажиллаж эхлэхдээ л хүнийг гоо сайхан байлгахад туслах бүх боломжийг нэг дор төвлөрүүлсэн, нэг хаалгаар ороод бүх үйлчилгээгээ авч болох тийм боломжийг бүрдүүлэх сэн гэж хүсдэг байсан тэр зорилгоо бодит болголоо.

Та түрүүнд салбараа дэлхийн жишигт хүргэхийн төлөө ажилладаг гэж ярилаа. Энэ салбар хөгжих нь эдийн засагт болоод улс орны хөгжилд ямар хувь нэмэр оруулах боломжтой юм бэ?
Өнөөдрийн байдлаар манай салбарт 300 гаруй тэрбум төгрөг эргэлдэж байдаг. Бараг л уул уурхайн салбарын дараа орох байх. Тэгэхээр энэ их мөнгө гадагшаа гараад явчих боломжтой байсан гэсэн үг шүү дээ. Анх бол манайхан гоо сайхны хагалгаа, үзлэг хийлгэж зөвлөгөө авах гэж гадагшаа маш их явдаг байсан. Одоо тэр урсгалын тодорхой хэсэг нь эх орондоо үлдэж байна. Учир нь манай эмнэлгүүдийн хүчин чадал сайжирсан эмч нар маань туршлагажсан. Гоо сайхны хагалгаа гэхэд эмч өвчтөн хоёр маш сайн ойлголцох нь чухал учраас энгийн мэс заслуудыг эх орондоо хийлгэсэн нь илүү дээр болсныг үйлчлүүлэгчид маань ойлгодог болжээ. Тэгэхээр энэ салбар хөгжих тусам гадагшаа гарах мөнгөний урсгалыг эх орондоо үлдээхээс гадна гаднаас мөнгөн урсгал татах боломжтой. Жишээ нь манай эмнэлгийн хамгийн их ачаалалтай сар 6-7 сар байдаг. Энэ нь гадаадад байгаа Монголчууд маань эх орондоо амрах гэж ирэхдээ Монголынхоо эмнэлгүүдэд эмчилгээ үйлчилгээ хийлгээд явдаг үе юм. Тодорхой хэмжээний валютын урсгалыг эх орондоо авчирч байна шүү дээ тэд маань.

Түүнээс гадна манай улсад нэмэгдэж байгаа аялал жуулчлалыг дагаад бид нар бүс нутгийн улс орнуудад тухайлбал ОХУ, ӨМӨЗО, Киргизстан, Казакстан зэрэг орнуудаас эрүүл мэнд гоо сайхны аялал жуулчлалыг татах боломжтой. Өнгөрсөн жилүүдэд хэд хэдэн орнуудаар явж үзэхэд эдгээр орны иргэд Япон, Солонгос руу явахаас арай хямд зардлаар, өөрийн орныхоос илүү өндөр түвшний үйлчилгээг манай улсаас авах боломжтой нь харагдаж байсан. Манай шинэ залуу эмч нар маань бүгд англи хэлтэй төгсөж байна. Тэгэхээр бид бүс нутгийн түвшинд технологи, туршлага аль алинаараа тэргүүлж байгаагийнх эрүүл мэнд, гоо сайхны аялал жуулчлалыг хөгжүүлэх, тухайн улс орнуудад салбар эмнэлгээ байгуулах зэргээр ажиллах бүрэн боломж бий гэж харж байна.
-Тийм юм байна. Тэгэхээр та бүхэн шинэ эмнэлгээ нээж байгаатай холбогдуулаад дахиад шинэлэг эмчилгээ үйлчилгээ нэвтрүүлж байгаа юу?
Шинэ эмнэлэг нээгдсэн, мөн 15 жилийн ой болж байгаатай холбогдуулаад бид PRP эмчилгээний цоо шинэ технологийг Монголд оруулж ирсэн. Энэ нь арьсыг нөхөн төлжүүлдэг PRP технологийг үс ургуулах, үе мөчний эмчилгээнд, чихрийн шижинд хүртэл хослуулж хэрэглэж болох шинэ технологи. Өнөөдөр дэлхий нийтээр гоо сайхны маш олон нэр төрлийн эмчилгээ тарилгууд цаг алдалгүй хөгжиж байдаг. Гэхдээ аль ч үед тухайн хүний өөрийнх нь эд эсээр нөхөн сэргээдэг энэхүү PRP эмчилгээ ердөөсөө моодноос гардаггүй, дагаад л хөгжөөд явдаг хамгийн аюулгүй эрсдэлгүй тэгсэн хэр нь үр дүнтэй байдаг. Тиймээс бид өнгөрсөн жил Америкийн, Холливудын, Дубай, Канадын алдартай эмч нар яг ямар PRP ашиглаад байна вэ гэдгийг багагүй хугацаанд судлаад энэхүү VIRTOUSE брэндийг сонгон албан ёсны түншээр ажиллаж эхлээд байна.

Сүүлийн 10 гаран жил PRP эмчилгээ манай гол эмчилгээнүүдийн нэг байсан бас тодорхой хэмжээнд туршлагыг бид хуримтлуулсан байна. Ер нь бол PRP чинь хүнээс өөрөөс нь хамгийн сайн буюу дархлааны эсүүдийг нь сонгомлоор ялгаж аваад бие организмын хаана нь эд эсийн хөгшрөлт явагдаж, асуудал үүсэж байна тэр хэсгийг өөрийнх нь эд эсээр нөхөн сэргээх боломжтой эмчилгээ. Тэгэхээр энэ шинэ PRP-ын онцлог бол өмнөхөөсөө илүү өргөн хүрээнд жишээ нь шүдний буйлыг нөхөн сэргээх, имплант суулгах, хүнд хагалгааны шарх хурдан эдгээж чадахгүй байх үед, мөн дээрээс нь гоо сайхны эмнэлгүүд арьсны эмчилгээ үйлчилгээнд ашиглахаас гадна үс ургуулах, тэр бүү хэл үе мөчний нөхөн сэргээлт, чихрийн шижинд хүртэл ашиглаж болох ийм эмчилгээ юм.
Өмнө нь PRP гэхээр нэг хуруу шилэнд цуснаас сийвэн ялгаад тарьчихдаг гэсэн энэ ойлголтыг эвдээд маш өндөр технологийн аргаар 5-аас 10 төрлөөр бий болгоод үйлчилгээ болгон дээр сонгомлоор ашиглах боломжийг бий болгож өгснөөрөө VIRTOISE онцгой байна. Тэгэхээр дан ганцхан бид нар өөрийнхөө эрх ашгийн төлөө биш нийт хүмүүсийг эрүүл аюулгүй эмчилгээ авахад бас тодорхой хэмжээгээр өөрсдийнхөө хувь нэмрийг оруулж байгаа гэж бодож энэ технологийг нэвтрүүлээд ажиллаж байна.
Сүүлийн асуулт. Эмнэлгүүд маань олон болж хөгжихийн хэрээр үнийг дагаад янз бүрийн эрсдэлүүд гарах, үйлчлүүлэгчдийн дунд эргэлзээ үүсэх, мэс засал хийлгэхийн сайн муу тал гээд маш их сэтгэгдлүүд байдаг. Энэ тал дээр танай эмнэлэг хэрхэн ажиллаж ирсэн бэ?
Өнгөрсөн 15 жилийн хугацаанд манай эмнэлэг дээр харьцангуй гомдол санал гарах нь бага байсан. Энэ нь магадгүй манайх мэсийн бус эмчилгээнүүд дээр төвлөрч үйл ажиллагаа явуулж ирсэнтэй холбоотой байх. Гэхдээ ямар ч эмчилгээ үйлчилгээг хийлгэхээсээ өмнө бид нар эрсдэлээ заавал тооцдог байх хэрэгтэй. Эрсдэлийг тухайд хаа ч адилхан шүү дээ. Солонгост жишээ нь бид хамрын хагалгаанд орлоо гэхэд л хагалгааны явцад эсвэл нойрсуулах явцад ямар нэгэн эрсдэл тохиолдоод амь насаа алдлаа гэхэд гомдолгүй гэсэн гарын үсэг зуруулаад л хагалгаанд оруулдаг. Тухайн хүний биеийн байдал, гэнэтийн ямар ч зүйл тохиолдохыг үгүйсгэхгүй. Гол нь асуудал тулгарлаа гэхэд мэргэжлийн ур чадвартай эмч нар яаралтай арга хэмжээ авах боломж, техник хэрэгсэл бүхий найдвартай эмнэлэг, туршлагатай эмчээ л зөв сонгох хэрэгтэй. Энгийн тарилга хийлгэхэд хүртэл арьс руу хатгалт хийгдэнэ гэдэг утгаараа ариутгал, бүтээгдэхүүний найдвартай газарт үйлдвэрлэгдсэн эсэх , зөв тээвэрлэгдсэн үү, хадгалалт ямар горимд байсан, ямар эмчээр хийлгэх вэ зэрэг бүгд чухал.

Солонгос бол жишээ нь 40 жилийн өмнөөс энэ салбараа бодлогоор хөгжүүлээд анагаахын сургуулиуд нь пластик гоо сайхны мэс заслын ангиар эмчээ бэлтгэж байна. Манай тухайд дандаа мэргэшүүлэх байдлаар богино хугацааны сургалтуудаар эмч нараа бэлдэж байна. Голцуу хувийн хэвшлийнхэн эмнэлгүүд өөрсдөө эмч мэргэжилтнүүдээ сургалтад хамруулах, гаднаас эмч урьж сургалт авах гэх зэргээр л бэлтгэж ирлээ. Тэгэхээр энэ салбарыг хөгжүүлэх бодлогын түвшинд тар засаг биш юм гэхэд ядахдаа бид холбоогоороо дамжуулаад Америкийн, Солонгосын эмч нараас нэгдсэн байдлаар суралцдаг, хамтдаа хөгждөг байх нь чухал гэж бодож байна. Тэгж чадвал энэ салбар гадагшаа урсаж байгаа олон сая долларыг эх орондоо үлдээх эргээд эх орондоо валютын урсгал татдаг, жуулчдыг авчирдаг, эдийн засагт өндөр хувь нэмэр оруулдаг салбар болж хөгжих бүрэн боломжтой.
Ярилцсанд баярлалаа. Хүсэж төлөвлөж байгаа бүхэнд нь амжилт хүсье.
Хэн юу хэлэв...
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.30/ Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үүнд үзэгчдийн суудал, дотоод зам, дээврийн хэсгийн засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, үйлчилгээний хэсгийн зохион байгуулалтын ажлууд багтаж байна.
Шадар сайд баяр наадмын өдрүүдэд авто зогсоол, нийтийн тээвэр, ариун цэврийн байгууламж, үйлчилгээний стандартын бэлтгэлийг сайтар хангах шаардлагатайг онцоллоо. Мөн энэ жилийн зохион байгуулалтын туршлага, анхаарах асуудлыг нэгтгэсэн гарын авлага боловсруулж үлдээх чиглэл өглөө.

Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагч Д.Баярбаатарын мэдээлснээр долдугаар сарын 3, 7-нд наадмын нээлтийн тоглолтын бэлтгэл ажлын явцтай танилцахаар төлөвлөж байна гэлээ.
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.
Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах, жуулчдад зориулсан тайлбар, мэдээллийг олон хэлээр бэлтгэх, тасалбарын борлуулалтын тухайд урилга байсан ч төлбөртэй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн сур, шагайн харвааны талбайн тохижилт, хоол үйлчилгээний стандарт, иргэдэд нээлттэй шууд дамжуулалтын зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.






Хэн юу хэлэв...
Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхыг үүрэг болголоо
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдөр Төмөр замын газар, "Монголын төмөр зам" ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" ХНН болон нефть импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Уулзалтын үеэр дэлхий дахин болон бүс нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан нефтийн нийлүүлэлт хүндрэх эрсдэл байгааг онцолж, төмөр замын байгууллагуудад газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.
Мөн нефть импортлогч компаниуд болон холбогдох байгууллагуудад шатахуун, түлшний нөөцөө хангалттай бүрдүүлэх, нийлүүлэлтийг тасралтгүй байлгах, гаалийн байгууллагатай нягт хамтран ажиллахыг сануулсан байна.
Түүнчлэн иргэний нисэх болон төмөр замын байгууллагууд одоогийн түлш, шатахууны нөөц, цаашдын хэрэгцээний тооцоогоо яаралтай танилцуулж, бүтээн байгуулалтын ажлуудад шатахууны нийлүүлэлтээс шалтгаалсан саатал үүсгэхгүйгээр төлөвлөн ажиллах шаардлагатайг Зам, тээврийн сайд онцоллоо.
Түүнээс гадна Зам, тээврийн яамнаас баримталж буй бодлогын хүрээнд нефть импортлогч компаниудын хүсэлтийг үндэслэн аюултай ачаа хадгалах агуулах, сав барих зориулалтын газрын асуудлыг төрийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Хэн юу хэлэв...
Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. Тахилгын өмнөх орой “Тэнгэр үзэлтний мөнх тэнгэр нэгдсэн хороо” НҮТББ-ын бөө нар лус, галын тахилга, хайрхны тэнгэрийг тахих ёслол үйлдлээ.
Төрийн нэрийн өмнөөс бөө нараар зан үйл хийлгэдэг түүхэн уламжлал байсныг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл, Жужан, Хятан Улсын тухай түүхэн эх сурвалжуудыг харьцуулан судалж тогтоосон. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн тахилгад бөө нарыг оролцуулах шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард гаргасан юм. Энэ дагуу төрийн тахилгад шилмэл 99 бөө оролцож, тус тусын зан үйлээ үйлдлээ.
Мөн орой Хэнтий, Төв аймгийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа.
Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.
Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Төрийн хонжин тэргүүтэй Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг залсны дараа Их сүлдэч зул, арц, хүж асаан хүндэтгэл үзүүллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хамаг монголчуудын дээд шүтээн Хэнтий хан, Бурхан Халдун уул бол Эзэн богд Чингис хааны сүр хүч, суу алдрыг тэтгэгч Сүлд тэнгэрийг оршоосон, үеийн үед тахиж, өнө мөнхөд шүтэх зарлигтай хайрхан гэдгийг онцоллоо.
Оройн дээд шүтээн Эзэн Богд Чингис хааны айлтгалтай Бурхан Халдун хайрхны цадиг түүх бол төрт ёс, түүхэн уламжлал, түмэн олны сүсэг бишрэл, төр, шашны эрхэм ёс, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх ардын ухаан, өв соёл, зан заншлын цогц илэрхийлэл болохыг тэмдэглэлээ.
Иймээс Их хааны айлтгал, Их Монгол Улсын өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээг бататган илэрхийлэх үүднээс Бурхан Халдун уулын хүндэтгэлийн цогцолборыг төрийн тэргүүний зарлигаар шинээр бүтээж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн морин жил ёслол төгөлдөр нээж байгааг сонордууллаа.
Ерөнхийлөгч, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчуудын эрхэм дээд үүрэг гэдгийг хэллээ. Мөн Хэнтий хан хайрхан, Бурхан Халдун уулын шүтээн Сүлд тэнгэр монгол төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж байхыг сүслэн даатгалаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Алтанхуягийн Үйлстөгөлдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Хэнтий аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Дамдинжавын Аюурбуньд хүлээлгэн өглөө.
Төрийн хонжин Бүх цэргийн Их хар сүлдний тайлга эхлэх команд өгөхөд хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэлээ. Их сүлдэч “Их хар сүлдийн өчил” өчих үед тахилгад оролцогсод Их хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх идээ шүүсний дээж зэргийг Их хар сүлд болон хайрхны зүг өргөж, Их хар сүлдэнд мөргөлөө.
Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Сумын мэргэн Жаргалсүрэнгийн Эрхэмбаярт хүлээлгэн өгч, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Сумын алдарт уяач, мянгат малчин Цэрэнжамцын Барссайханы цагаан /бор/ азаргыг сэтэрлэлээ.
Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хүндэтгэлийн гэрэлт цогцолборт мэхийн ёсолж, тэнгэрт дахин хүндэтгэл үзүүлснээр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга өндөрлөлөө.
Бурхан Халдун уулыг Хиад боржигины өвөг Бодончарын үеэс тахиж, Эзэн Богд Чингис хааны үед Хамаг Монгол, Монголын Эзэнт гүрний Сүлд уул болгон тахиж байсан. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уул болгосон юм. 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаас “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэжээ.
-
Дэлхий нийтээр..2024/12/13
Б.Найрамдал: Зарим станц эдэлбэр газраас 25 метр зайд байрлах норм, дүрмийг хэрэ...
-
Дэлхий нийтээр..2021/01/22
Тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн анхааралд
-
Үйл явдал2020/09/22
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Үйл явдал2025/06/13
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
