Тод мэдээ
Такси үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэхээр судалж байна
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар арваннэгдүгээр сарын 11-нд МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын удирдлагууд хийгээд Улаанбаатар хотын худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийсэн.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахаар ажиллаж буй. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг ахалж байгаа бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд нийслэлийн холбогдох байгууллагуудын удирдлагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөлөл багтаж байгаа юм.
Тус Ажлын хэсэг өчигдөр хуралдаж, такси үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэн сайжруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон бөгөөд холбогдох санал, дүгнэлтүүдийг нарийвчлан судалж, дахин хуралдахаар боллоо.
Ийнхүү шаардлагатай мэдээллийг холбогдох байгууллагуудаас нэгтгэн авч, нэгдсэн санал, дүгнэлт гарган, 2024 оны нэгдүгээр улиралд багтаан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл