Дэлхий нийтээр..
Ц.Мөнхцэцэг: УИХ анх удаа хүний эрх, жендэрийн асуудлаар өөрийн үнэлгээ хийнэ
Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат, Хүний эрхийн үндэсний зөвлөх, хүний эрх судлаач Б.Болорсайхан нар Монгол Улсын Их Хурал хүний эрх, жендэрийн асуудлаар өөрийн үнэлгээ хийх талаар өнөөдөр (2023.11.21) сэтгүүлчдэд зориулан Үндсэн хууль танхимд мэдээлэл хийлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг мэдээллийнхээ эхэнд Улсын Их Хурал нь анх удаа хүний эрх болоод жендэрийн асуудлаар өөрийн үнэлгээ хийх гэж байгааг онцлон тэмдэглэв. Тэрбээр, дэлхийн улс орнуудын парламент хүний эрхийг хангах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомжоо сайжруулах, өөрийн улс орон дахь хүний эрхийн тогтолцоогоо дэмжих эрх зүйн болон бусад шинэчлэлийг хийх үүднээс парламент өөрөө хүний эрхийн мэдрэмжтэй байх ёстой гэж үздэг. Түүнчлэн парламент жендэрийн тэгш байдлыг хангах, энэ чиглэлд манлайлан ажиллаж улмаар парламент нь хүний эрхийн талаарх хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьж, хүний эрхийг хангах үндэсний тогтолцооны байгууллагуудтай харилцах үүргээ хэр гүйцэтгэж байгаагаар нь тухайн улс орны парламентын үйл ажиллагааг хэмжих нэг гол үзүүлэлт болдгийг тэмдэглэв.
Иймд Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ) нь хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлын зарчим, хэм хэмжээ, механизмыг улс орнуудын парламент хэрхэн хэрэгжүүлж байгааг үнэлэхэд зориулсан парламентын өөрийн үнэлгээний аргачлалыг НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газар болон бусад байгууллагуудтай хамтран боловсруулж, үе шаттайгаар хэрэглээнд нэвтрүүлж иржээ. 2022 оны наймдугаар сард Олон Улсын Парламентын Холбоо болон Монгол Улсын Их Хурал харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэ хамтын ажиллагаа нь хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламентыг бүрдүүлэх замаар парламентын шийдвэр, үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулахад чиглэж буй аж.
Өөрийн үнэлгээ нь ОУПХ-ны “Парламент ба Хүний эрх”, “Парламентын жендэрийн мэдрэмжтэй байдал” өөрийн үнэлгээний аргачлалд үндэслэн тодорхойлсон асуултуудыг хамрах бөгөөд нэгдсэн болон салбар хэлэлцүүлэг хэлбэрээр 2023.11.22,23-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдана. Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээнд Улсын Их Хурлын гишүүд, Олон Улсын Парламентын Холбооны төлөөлөл, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, Хүний эрхийн Үндэсний Комисс, Жендэрийн Үндэсний хороо, төрийн болон иргэний нийгмийн 50 гаруй төлөөлөл оролцоно. Мөн түүнчлэн хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээг хийхэд олон улсын зөвлөх, Их Британийн парламентын гишүүн, сайд асан, хатагтай Мэг Манн, ОУПХ-ны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрийн ажилтан, хатагтай Мариана Дуарте мөн тус холбооны Хүний эрхийн асуудал эрхэлсэн ажилтан, хатагтай Бутайна Ламхарзи нар мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх аж.
Улсын Их Хурал, түүний Тамгын газарт хийх хүний эрхийн өөрийн үнэлгээ нь олон улсад энэ чиглэлээр хийгдэх анхны үнэлгээ болох онцлогтой бөгөөд харин жендэрийн өөрийн үнэлгээг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд дэлхийн 10 гаруй улс орны парламент хэрэгжүүлж, өнөөгийн нөхцөл байдлаа дүгнэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлсон байна. Энэхүү өөрийн үнэлгээний үр дүнд дүгнэлт, зөвлөмж бүхий тайлан бэлтгэж, зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах бөгөөд улмаар Улсын Их Хурал, түүний Тамгын газрын 2025-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөнд тусгана. Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээг хийхэд Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөл дэмжлэг үзүүлж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
-
Дэлхий нийтээр..2024/10/24
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
-
Дэлхий нийтээр..2026/02/02
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын ...
-
Дэлхий нийтээр..2021/06/04
"Пфайзер" вакцинд хамрагдах иргэд дархлаажуулалтын цэгээс зөвшөөрлийн ...
-
Дэлхий нийтээр..2022/03/04
С.Амарсайхан: Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхотгон оперативын бүлгийн хэлбэр...
