Дэлхий нийтээр..
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 2023 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр хуралдаж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрбээр, Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлэх, үнийн өсөлтийг хязгаарлаж иргэдийн бодит орлогыг хамгаалахад чиглэсэн бодлого, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд улсын эдийн засаг сайжирч, улмаар урт хугацааны хөгжлийн эхний арван жилийн зорилт болох Шинэ сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлэх боломж бүрдээд байна.
Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогын гол зорилтын нэг болох “Хот хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд чиглэсэн төсөв, санхүүгийн багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр ирэх 2024 оны төсвийн төсөлд тусгасан болно гэлээ.
Ирэх оны төсөвт тусгасан онцлог арга хэмжээг дурдвал,
- Төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог тэтгэмж, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд олгох тэтгэмжийг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү арга хэмжээнд 217.7 мянган төрийн албан хаагч, 499.2 мянган тэтгэвэр авагч, давхардсан тоогоор нийт 146.9 мянган нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай хүн хамрагдах аж.
- Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг ирэх оноос хэрэгжүүлэхтэй холбогдуулан малчдын төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэний шимтгэлийг 100 хувь тус тус төрөөс хариуцах, нийт даатгуулагчдын тэтгэвэр тогтоолгоход баримтлах дараалсан 7 жилийг 5 жил болгож бууруулах, тэтгэврийн хуримтлалын нөөц санг мөнгөжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг төсвийн төсөлд тусгажээ.
- Боловсролын шинэчлэлийн хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад суралцах тэтгэлгийг ирэх оноос олгож эхлэх юм байна.
- Ирэх онд хүүхэд хамгааллын төсвийг хүрэх үр дүн, гүйцэтгэлтэй нь уялдуулан 80 хувиар нэмэгдүүлж 14.3 тэрбум төгрөгт хүргэхээр төлөвлөөд байна. Энэ нь хүүхдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг хангалттай бүрдүүлэхэд хүрэлцэхгүй хэдий ч салбар хоорондын уялдааг сайжруулах, орон нутгийн санхүүжилтийн эх үүсвэрийг оновчтой хуваарилбал тодорхой үр дүн гарах боломжтой гэж үзжээ.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг үргэлжлүүлэн дэмжиж хүнсний ногоо, газар тариалангийн ажлын явц, бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг технологийн парк, мах, ноос, арьс шир, түүхий эд, хүнс, сүү боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжихэд шаардлагатай арга хэмжээний төсөв болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүүгийн татаасанд зориулж ирэх онд нийт 223.7 тэрбум төгрөг хуваарилах аж.
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн нийгэм, эдийн засгийн үр ашиг, ач холбогдол бүхий төслүүдэд чиглүүлж, энэ хүрээнд төсвийн төсөлд нийтдээ 6.1 их наяд төгрөгийн хөрөнгийн зардлыг төлөвлөсөн нь ДНБ-ний 8.2 хувь, нэгдсэн төсвийн нийт зардлын 22.6 хувьтай тэнцэж байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3.2 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 1050 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
- Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг төсөв өргөн мэдүүлэхийн өмнө бүх аймгуудад ажиллаж, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдэд иргэдийн саналыг авах, иргэдээр эрэмбэлүүлэх ажлыг анх удаа зохион байгуулсан билээ. Үүний дагуу хот, хөдөөгийн хөгжлийг хурдасгах, эрчим хүч, автозамын төслүүдэд зориулж ирэх онд 1.9 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 154 төсөл, арга хэмжээний 593.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгаад байна. Эдгээр төслүүдийг эхлүүлэх төдий бус харин хамгийн багадаа 1 жил хамгийн ихдээ 3 жилд багтаан хэрэгжүүлж, ашиглалтад оруулах зорилт тавьж, үүний дагуу 2024 онд хамгийн багадаа 30 хувийн санхүүжилтийг тусгажээ.
- Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжих, тэргүүлэх ач холбогдолтой бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг гадаад зээл тусламжийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эдгээрээс томоохон төслүүдийг дурдвал, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл, “Чойбалсан Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх төсөл, Улаанбаатар хотын ундны ус хангамжийг сайжруулах болон төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл болон арван аймагт дулааны станц барих төсөл зэрэг байгаа аж.
Монгол Улсын ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулсан. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар дараа оны төсвийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барихдаа Төрийн аудитын байгууллагаас өгч буй дараах зөвлөмжүүдийг бүрэн хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна гэлээ. Үүнд:
- Монгол Улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барихдаа төсвийн төсөл боловсруулах тухайн үе дэх хүчин төгөлдөр мөрдөгдөж буй төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэсэн байх;
- Төсвийн төлөвлөлтийн дунд ба урт хугацааны төлөвлөлтийг төсвийн алдагдлыг 2 хувиас бага байлгах эдийн засгийн зохист харьцааг баримтлан төсвийн тогтвортой байдлын үндсэн зарчмыг хангаж төсөвт үзүүлэх гадаад өрийн ачааллыг бууруулж төлөвлөлтийг сайжруулах;
- Улсын хөгжлийн бодлогын баримт бичигтэй нийцсэн, зөвхөн төсөвлөлтийн шаардлага хангасан төсөл, арга хэмжээг төсвийн төсөлд тусгаж байх;
- “Улсын төсвөөс санхүүжүүлж хэрэгжүүлэхээр төсвийн хуульд тусгаж баталсан төсөл, арга хэмжээний төсөвт өртгийн дүнд өөрчлөлт орж буй шалтгаан нөхцөлд нарийвчилсан судалгаа, дүн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээг авч ажиллах;
- Барилга байгууламжид зураг төсөл, магадлал хийх ажлыг зохион байгуулах, худалдан авах үйл ажиллагаа, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх, улсын комисс хүлээн авах үйл ажиллагаанд субьектив сөрөг нөлөөлөлгүй байлгах тодорхой, нарийвчилсан эрх зүйн зохицуулалтыг бий болгох;
- Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д заасны дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ төлөвлөсөн хугацаанд бүрэн хэрэгжих боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд гэрээ байгуулах шийдвэр гаргахгүй байх чиглэлийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт өгч, хэрэгжилтэд хяналт тавих;
- Төсвийн төслийг тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн эсэх хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг улс, орон нутгийн хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлж удирдан зохион байгуулах;
- Гадаадын зээлийн хөрөнгөөр шинээр хэрэгжүүлэх хэлэлцээрт орж буй төсөл, арга хэмжээнд эдийн засгийн үр ашгийн тооцоог хийж, ач холбогдлоор нь эрэмбэлж санхүүжүүлэх журам арга, аргачлал боловсруулж хуулийн хэрэгжилтийг хангах;
- Хөгжлийн бодлогод нийцүүлсэн, үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтийг бүрэн хэрэгжүүлж, салбарын бодлого, төлөвлөлт хариуцсан албан хаагчдыг нэгдсэн арга зүйгээр хангаж, чадавхыг сайжруулах асуудлуудыг багтаажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асуусан. Тэрбээр, 2017 онд манай улсад хэрэгжсэн Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд өндөр насны тэтгэврийг үргэлжилсэн долоон жилийн хөдөлмөрийн хөлсний дунджаас тооцон тогтоох шийдвэр гарч 2018-2023 онд ийм аргачлалаар тэтгэврээ тооцуулсан 58 мянган иргэн байна гэлээ.
2023 оноос эхлэн тэтгэврийг үргэлжилсэн таван жилийн дунджаас тооцон тогтоох болсон ч дээрх хугацаанд тэтгэврээ тогтоолгосон хүмүүст нөхөн олговор олгох асуудал шийдэгдэлгүй үлдсэн хэмээгээд энэ асуудлыг шийдвэрлэх ямар бодлого барьж байна вэ хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяагаас тодруулсан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг ирэх оноос хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийт даатгуулагчдын тэтгэвэр тогтоолгоход баримтлах дараалсан 7 жилийг 5 жил болгож бууруулах, тэтгэврийн хуримтлалын нөөц санг мөнгөжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг төсвийн төсөлд тусгасныг тодотгоод, хуульд нөхөн олговор олгох асуудал тусгагдаагүй ч ирэх оны төсөвт тусгаснаар дээрх иргэдийн тэтгэвэр нэмэгдэж тооцогдохоор байгаа гэсэн хариултыг өглөө.
Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаан даргалагч, тус дэд хорооны дарга Б.Пүрэвдорж үг хэлсэн. Тэрбээр, Монгол Улсын нэгдсэн төсвийн зардал бол сүүлийн хэдэн жилд өссөн нь зарлагаа эхэлж тооцоод дараа нь орлогоо бичдэгээс үүдэлтэй хэмээсэн. Түүнчлэн төсвийн зарим хөрөнгө оруулалтыг хойшлуулж, төсвийн зардлаа бууруулж байж орж ирж буй орлогын зарим хэсгийг Ирээдүйн өв сандаа хуримтлуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.
Дараа нь 2018-2023 он хүртэлх хугацаанд тэтгэврээ үргэлжилсэн 6-7 жилээр тооцуулан тогтоолгосон 58 мянган иргэний тэтгэврийн зөрүү болох 93 тэрбум төгрөгийг нөхөн олгох зардлыг ирэх оны төсвийн төсөлд тусгах зарчмын зөрүүтэй санал гаргасан бөгөөд уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Үүгээр хуралдаан өндөрлөж Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2020/07/08
Шинээр байгуулагдах Засгийн газрын бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид тан...
-
Үйл явдал2020/06/02
Захиалгат нислэгээр Энэтхэг Улсаас 219 ламхайг эх оронд нь авч ирнэ
-
Үйл явдал2019/11/05
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай Тогтоолын төсөл өргөн...
-
Дэлхий нийтээр..2021/12/14
Сайжруулсан шахмал түлшний шуудайг 300 төгрөгөөр авна
