Тод мэдээ
40, 50 мянгатын орон сууцны төлөв байдалд хийсэн хяналт шалгалт хийлээ

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн өнөөдөр Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 40, 50 мянгатын орон сууцны төлөв байдалд хийсэн хяналт шалгалтын үр дүнг танилцуулах мэдээлэл хийлээ.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн хяналт шалгалтын үр дүнг хэлэхдээ “Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 64 барилгын ашиглалт, 345 иргэн, аж ахуй нэгж, байгууллага, 23 сууц өмчлөгчдийн холбооны өмчлөлийн төлөв байдалд 2 сарын хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Шалгалтаар 40, 50 мянгатын 54 нийтийн орон сууцны барилгын 1 давхрын өргөтгөлийн 321 иргэн, аж ахуйн нэгж байгууллага,10 сууц өмчлөгчдийн холбоо нь газар эзэмших, ашиглах хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй, өргөтгөлийн доор зоорийн давхар хийсэн, өрөө тусгаарлах дундын хамар ханыг буулгаж үйлчилгээний талбай болгосон.
Мөн өмчлөгч 140 иргэн, аж ахуйн дулааны техникийн нөхцөл аваагүй, барилгын халаалтын системийн анхны төлөвлөлтийг өөрчилж нэмэлтээр халаах хэрэгсэл, шугам хоолой угсарч суурилуулсан, барилгуудад аянга хамгаалалтын төхөөрөмж, газардуулгын нэгдсэн систем төлөвлөөгүй, цахилгааны дотоод сүлжээ нь аюулгүй ажиллагааны ашиглалтын шаардлага хангахгүй, ашиглалтын хугацаа дууссан.
Тус орон сууцны барилгуудад хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж буй 34 ресторан, цайны газруудаас шингэрүүлсэн шатдаг хийн баллоныг барилга дотор байрлуулсан хийн тоног төхөөрөмж, шугам хоолойг мэргэжлийн байгууллагаар угсарч суурилуулаагүй зэрэг зөрчилүүд илэрсэн.
Иймд илүү их эрсдэл гарахаас өмнө дээрх үүсээд буй нөхцөл байдалыг арилгахын тулд нэн даруй арга хэмжээ авахын тулд зарим шаардлага, мэдэгдэлийг Нийслэлийн Засаг Даргын Тамгийн газар болон холбогдох харъяа байгуулагуудад хүргэсэн” гэлээ.
Эх сурвалж: БХБЯ
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод мэдээ2023/02/07
“Улирал ба зохиолч” сэтгүүлийн шагналыг сэтгүүлч Ө.Рагчаасүрэн хүртл...
-
Тод зураг2020/05/21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Тод мэдээ2019/09/20
Шалгалтаар дэн буудлуудаас авсан нийт арчдасын 39.2 хувьд нь гэдэсний савханцар ...
-
Өнөөдөр2024/08/14
УИХ-ын ээлжит бус чуулган маргааш эхэлнэ