Тод мэдээ
ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Эрхэмсэг ноён Вячеслав Викторович Володин 2023 оны есдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлал үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Түүнчлэн Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзана.
Уулзалт, хэлэлцээний үеэр Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын анхдугаар хуралдааныг зохион байгуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Тод мэдээ
Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төсөл хэрэгжинэ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлнэ.
НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2023 оны зургаадугаар сарын 14-ний 231 тоот тогтоолоор “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө (2023-2027)”-г баталсан.
Төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагуудад НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг сурталчлан таниулах, Засгийн газраас баталсан үндэсний төлөвлөгөөг танилцуулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа юм.
Энэ хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн жишээн дээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрхэд хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлэх юм.
Тод мэдээ
Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ ирүүллээ
Сонгуулийн ерөнхий хороонд Үндэсний аудитын газар улс төрийн 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтийг өчигдөр (2024.04.25) хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт 2024 оны гуравдугаар сарын 22-24-ний өдөр хүргүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.10 дахь хэсэгт “Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайланд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.” гэж заасан.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ 2024 оны 4 дүгээр сарын 26, 27, 28-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.
Сэтгэгдэл