Тод мэдээ
Жирэмсний хяналтад эрт орох нь эх, нярайн эндэгдлийг бууруулдаг

Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилготой “Эх хүүхдийн эрүүл мэнд - Эрдэм судлал” эрдэм шинжилгээний 34 дүгээр хурал “Сэргийлж болох эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг судлах нь” уриан дор энэ сарын 14, 15-нд болсон.
Хурлыг Эрүүл мэндийн яам, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II, “Амгалан амаржих” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, “Хүрээ” амаржих газар хамтран зохион байгууллаа.
Тус хуралд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, НҮБ-ын хүн амын сангийн суурин төлөөлөгч Калид Шарифи болон АНУ, БНСУ, Тайванийн 10 гаруй эрдэмтэн, судлаач, докторууд, салбарын 100 гаруй эмч, мэргэжилтэн оролцлоо.
“Эх хүүхдийн эрүүл мэнд - Эрдэм судлал” эрдэм шинжилгээний хурлын талаар Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, эх нялхсын эндэгдлийн асуудал болон хүүхдийн эх барихын салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээр олон улсын эмч, мэргэжилтнүүд туршлага солилцож, тулгамдсан асуудлуудаа ярилцан тодорхой зөвлөмжүүд гаргах ач холбогдолтойг дурдаад “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтод 2030 онд бүх улс орнууд 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 25 ба түүнээс доош, нярайн эндэгдлийн түвшинг 12 ба түүнээс доош, эхийн эндэгдлийн харьцааг 70 ба түүнээс доош болгон бууруулах зорилт тавьсан.
Бид өнөөдөр тогтвортой хөгжлийн зорилгодоо хүрсэн. Гэхдээ Монгол Улсын урт хугацааны бодлого “Алсын хараа 2050”-д нялхсын эндэгдлийг 1000 амьд төрөлтөд 9, эхийн эндэгдлийн харьцааг 20 болгох зорилтод хүрэхийн тулд тодорхой ажлууд хийж байна.
Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч байгаа. Учир нь аливаа улсын хөгжлийг эх, хүүхдийн эрүүл мэндээр үнэлдэг. Эх хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт нь улс орны хөгжил, хүн амын эрүүл мэндийн түвшинг илтгэдэг үндсэн индекс болдог учраас энэ салбарт бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Тийм ч учраас ЭМЯ-ны зүгээс сүүлийн 2 жилийн хугацаанд эх барих, хүүхдийн чиглэлээр хөрөнгө оруулалтуудыг эрчимтэй хийсэн. Мөн хүний нөөцийг бэлдэх, чадавхжуулахад онцгой анхааран ажиллаж байна” гэсэн юм.
НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Калид Шарифи “Эх, хүүхдийн эрүүл мэнд нь нийгмийн гол асуудал юм. Эхийн эндэгдлийг бууруулахад эрүүл мэндийн салбар, төрөлжсөн төв эмнэлгүүд анхаарч ажиллаж байгаад талархалтай байна.
Эхийн эндэгдэлд гэр бүл төлөвлөлт, эмнэлгийн тусламж, үйлчилгээний ялгавартай байдал, жендерийн тэгш бус байдал зэрэг нь нөлөөлж, суурь үзүүлэлт болж өгдөг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхэд хөгжингүй орнуудад энэ төрлийн судалгаа, шинжилгээний ажлууд маш чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтээрээ судалгаа, шинжилгээний ажилд анхаарлаа хандуулж, ач холбогдол өгч байна. Үүн дээр тулгуурлан салбар дундын хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэх ёстой.
Судалгаа, шинжилгээний хувьд гэр бүл төлөвлөлт, жендерийн тэгш бус байдлыг арилгах, жендерт суурилсан хүчирхийллийг бууруулахад анхаарч эрдэм шинжилгээний ажлуудыг тогтмол хийх нь зөв ажлаа зохион байгуулахад үр дүнгээ өгнө” гэж байлаа.
Хамтарсан хурлыг зохион байгуулагчийн нэг ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Алтантуяа “Монгол Улсад сүүлийн жилүүдэд эх, хүүхдийн эндэгдэл тогтвортой буурч байна. Ковид-19-ийн шалтгаантай эх, хүүхдийн эндэгдэл тэр дундаа эхийн эндэгдэл өссөн. Гэхдээ Ковид-19-ийн үед маск зүүх зэргээр ариун цэврийг сайтар сахиснаар хүүхдийн өвчлөл буурсан сайн үзүүлэлтэй байгаа. Ковид-19-өөс хойш эх, хүүхдийн эндэгдэл тогтвортой хэмжээнд буурч байна.
Эх, нярайн эндэгдлийг бууруулахад:
-Нэгдүгээрт, жирэмсний хяналтад эрт орох
-Хоёрдугаарт, ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах шаардлагатай. Тухайлбал, гэр бүл төлөвлөлтийн талаар мэдээллийг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулах хэрэгтэй” байна гэсэн юм.
Олон улсын хурал эх барих судлал, эмэгтэйчүүд, хүүхэд, нярай гэсэн 4 салбар хуралдаанаар болж сэргийлж болох өвчлөл, эндэгдлийг хэрхэн бууруулах чиглэлээр санал солилцсон.
Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт 2023, “Алсын хараа-2050”-д эх, нярайн эндэгдлийг бууруулах, эрүүл амьдралыг дэмжих, дундаж наслалтыг уртасгах зэрэг маш олон зорилт тавьсан. Энэ хүрээнд оношилгоо, эмчилгээний талаарх эрдэм шинжилгээ, судалгааны ажил, эмнэлзүйн ховор тохиолдлуудыг танилцуулж, үр дүнг эмнэлзүйд нэвтрүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад томоохон үр дүнтэй болсныг оролцогчид үнэлж байв.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС