Тод мэдээ
"МИАТ" ТӨХК аяллын дугаар хуваах нислэгээр Вашингтон, Чикаго хот руу нислэг үйлдэх боломжтой боллоо
Монгол Улс, АНУ-тай “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсны үр дүнд "МИАТ" ТӨХК АНУ-ын Вашингтон, Чикаго хот руу "Туркиш Эйрлайнс"-тай хамтарсан нислэг үйлдэхэд бэлэн болж өнөөдрөөс тийз борлуулалтаа эхлүүлж байна.
Улаанбаатараас эхлэлтэй Вашингтон, Чикаго чиглэлийн нислэгүүд нь "МИАТ" компанийн ОМ аяллын дугаартай байх бөгөөд зорчигчид "МИАТ" компанийн нислэгээр Истанбул хот хүрч цааш ОМ аяллын дугаар бүхий нислэгээр "Туркиш Эйрлайнс" компаниар дамжин Вашингтон, Чикаго хот руу аялах боломжтой болж байна.
Авиа компаниудын хамтын ажиллагааны дээд хэлбэр болох “Аяллын дугаар хамтран эзэмших” нь зорчигч үйлчлүүлэгчдэд нислэгийн сонголт нэмэгдэж, дамжин нисэх буудал дээр дахин бүртгэл хийлгэхгүй тав тухтай үйлчлүүлэх, ачаа тээшээ эцсийн цэгтээ хүлээн авах боломжийг олгодог гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
Монгол Улс нэгдүгээр улиралд 17.6 сая тонн нүүрс экспортлов
Монгол Улс нэгдүгээр улиралд 17.6 сая тонн нүүрс экспортолжээ. Тодбуулбал, 2024 оны 1-5 дугаар сарын 1 хүртэл манай улс 17.6 сая тонн нүүрс экспортолсон дүн мэдээ байна.
Үүнээс Гашуунсухайт боомтоор 12.7 сая.тн, Шивээхүрэн боомтоор 7.1 сая.тн, Ханги боомтоор 2.4 сая.тн, Замын-Үүд боомтоор 1 сая.тн, Булган боомтоор 1 сая.тн, Бичигт боомтоор 584 мян.тн, Хавирга боомтоор 7 мян.тн, нийт 25 сая.тн нүүрс экспортолсон байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Тод мэдээ
Богдхан уулын ойн сангийн 3000 га талбайд хөнөөлт шавжтай тэмцэнэ
2024 онд Богдхан уулын дархан цаазат газрын ойн сангийн 3000 га-д ойн хөнөөлт, хортон шавжтай тэмцэх ажил хийнэ.
Монгол Улсад хэрэгжиж буй “Эрүүл ой” төслийн хүрээнд Монгол Улсад газраар ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэж байгаа арга технологитой газар дээр нь танилцах, гадаадын эрдэмтдээс туршлага судлах сургалтад МУИС-ийн судлаачид, ЗГХА Ойн газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Ойн хөнөөлт шавжтай тэмцэх үйл ажиллагаа эрхлэгчдийн холбоо” зэрэг байгууллагууд хамтран оролцлоо.
Америк, Канад улсаас ирсэн эрдэмтэд Монгол орон хөнөөлт шавжтай тэмцэхдээ дэвшилтэт технологи ашиглаж байгааг онцоллоо. Цаашид Монгол орны ойн эрүүл байдлыг хамгаалах, хадгалах талаар зөвлөмж боловсруулж хүргүүлнэ.
2024 онд Богдхан уулын ойн сангийн 3000 га талбайд хөнөөлт шавжтай онгоцоор тэмцлийн ажил хийхээр төлөвлөөд байна гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Сэтгэгдэл