Тод мэдээ
Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох замын газар чөлөөлөлт 95 хувьтай байна

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажлын газар чөлөөлөлт 95 хувьтай байгаа юм. Тус байршилд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг холбогдох албаныхны хамт ажиллалаа.
Энэ үеэр тэрбээр:
-Авто зам, замын байгууламжийн өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд 13 байршилд авто зам, замын байгууламжуудыг өргөтгөн, шинэчлэх ажил хийж байгаа. Улаанбаатар хотын хэвтээ чиглэлд зургаан эгнээ замыг ирэх оны зургаадугаар сард ашиглалтад оруулна. Энэ жил шороо, далан овоолгын ажлыг 70 хувьтай хийж дуусгах ёстой. Хучилтын ажлыг ирэх онд хийж дуусгахаар төлөвлөж байна. Газар чөлөөлөлтийн ажил 2022 оноос хойш буюу нэг жил гаруйн хугацаанд үргэлжилсэн. Нийт 356 нэгж талбар өртөж байгаагаас одоогийн байдлаар 34 нэгж талбар үлдээд байна. Тодруулбал, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг хэрнээ хувь хүний нэр дээр байдаг газрын зургаан иргэнтэй ойлголцож чадахгүй байгаа. Тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, 3-4 дахин их төлбөр нэхэмжилдэг. Үүнээс болж тус замын ажил саатсан. Энэ зам хоногт 26-35 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай гол холбоос үндсэн зам болж байгаа. 13 байршилд авто зам, замын байгууламжийг өргөтгөн, шинэчилснээр замын сүлжээ 17.8 хувиар нэмэгдэнэ гэлээ.
Мөн өмнө нь тавьсан холбоос замыг үндсэн замтай холбох ажлыг хийж байгаа гэдгийг хэлж байв.
671 нэгж талбар газар чөлөөлсөн
2022 он гарснаас хойш нийслэлд 671 нэгж талбар газар чөлөөлжээ. Энэ нь ойрын 10 жилд байгаагүй үзүүлэлт. Учир нь Улаанбаатар хот жилд 100 хүрэхгүй нэгж талбар чөлөөлдөг байсан. Мөн аж ахуйн нэгж нийгмийн хариуцлагаа ухамсарлан хамтарч ажиллаж байгаа тохиолдол олон байгааг албаныхан дурдаж байв. Гэвч мөн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, хэд дахин өндөр үнэлгээ хэлж, бүтээн байгуулалтад хүндрэл учруулах нь бий. Иймээс иргэдэд хандаж бүтээн байгуулалтын газар чөлөөлтөд хамтран ажиллаж, уян хатан хандахыг хүссэн юм.
Авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хийж буй 13 байршлын замын ажил 2023 онд 70 хувьтай хэрэгжиж, 2024 онд бүрэн дуусна.
“Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг 50 хувь бууруулна гэж тооцоолсон”
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан:
-Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох авто зам нь зургаан эгнээ бөгөөд хоёр талдаа тойрогтой, гүүрэн гарцтай. Замын ажлыг “Монгол зам групп” ХХК гүйцэтгэж буй. Ажил 2022 оны зургаадугаар сард эхэлсэн бөгөөд 2024 оны зургаадугаар сард дуусгахаар төлөвлөсөн. Энэхүү замыг ашиглалтад оруулснаар Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг 50 хувь бууруулна гэж тооцоолж байна. Өнөөдрийн байдлаар хөрс хуулалтын ажил 10 хувьтай үргэлжилж буй. Энэ жил нийслэлд нийт 16 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил гүйцэтгэж байгаагаас тав нь ашиглалтад орсон. Мөн үерийн улмаас замын ажил удааширч байна. Авто замын шинэчлэл, засварын ажлуудыг наймдугаар сарын 15-н гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэв.
Энэ жил дөрвөн байршилд гүүрэн байгууламж барьж буй. Эдгээрийг энэ онд бүрэн ашиглалтад оруулах юм. Мөн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд өдөрт 990 орчим автобус үйлчилгээнд явдаг байсныг 1200 болгон нэмэгдүүлнэ. Нийтийн тээврээр өдөрт 500 мянга орчим иргэн зорчиж байгаа бөгөөд үүнийг 700 мянга болгохоор төлөвлөжээ. Энэ хүрээнд шинээр нийтийн тээврийн чиглэл нэмж, мөн богино эргэлтийг бий болгохоос гадна автобуснуудыг бүрэн шинэчилж байгаа юм.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС