Тод индэр
А.Дашням: Үерийн 44.1 га талбайн 94 хувийг бүрэн цэвэрлэж дууслаа

НОК-ын Шуурхай штаб үерийн гамшиг болсноос хойш гурав дахь хоногтоо хор уршгийг арилгах, сэргээн босгох ажлыг хийж байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, НОК-ын орлогч дарга А.Дашнямаас энэ талаар тодруулсан юм. Тэрбээр:
-Өнөөдрийн байдлаар 1056 ажилтан, алба хаагч 117 тээврийн хэрэгсэлтэй ажиллалаа. Нийт давхардсан тоогоор 2888 хүн, 413 тээврийн хэрэгсэлтэй ажилласан. Өнөөдөр үерийн усанд автсан Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны 194 өрхийн хашаанд тогтсон 3942 тонн лаг шаврыг 153 рейсээр зөөж цэвэрлэлээ. Нийт 536 өрх, 25 аж ахуйн нэгж, байгууллагын 10,054 тонн лаг шаврыг 410 рейсээр цэвэрлэсэн. Нийт 44.1 га талбайн 94 хувийг бүрэн цэвэрлэж дууслаа. Харин дөрвөн хувьд нь одоо ажиллаж байна. Үлдсэн хоёр хувь нь техник, хүн орох боломжгүй, нойтон лаг шавартай байгаа. Энэ газарт маргааш ажиллана. Далан хөвөөний засвар дүүргэлтэд 332 рейсээр 6191 шоо метр дайргыг ачиж зөөлөө гэв.
Ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж буй. Айлын хашаа, нийтийн эзэмшлийн 440 мянган ам метр зам талбайд ариутгал, халдваргүйтэл хийжээ. Одоогийн байдлаар орон гэргүй болсон 22 өрх байгаа бөгөөд тоо нь нэмэгдэж байгааг хэлж байлаа.
Түр байранд 50 орчим иргэн бий. Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгээс иргэдэд сэтгүүл зүйн дэмжлэг үзүүлж, заавар зөвлөмж өгөн, хоол хүнсээр хангаж байгаа. Түүнчлэн 360 гаруй өрхөд иргэдийн өгсөн хандив, тусламжийг хуваарилж, олгох ажлыг зохион байгуулжээ. Тэрчлэн бичиг баримт дутуу, бичиг баримтгүй, автомашин нь үерийн усанд урссан иргэдийн тодорхойлолтыг Ажлын хэсэг газар дээр нь олгож байна.
Үерт өртсөн 20 гаруй айлыг нүүлгэн шилжүүлэхээр зам засах ажил үргэлжилж буй. Цахилгаанаар хангах болон бусад дэд бүтцийн ажлыг холбогдох байгууллагынхан төлөвлөгөөний дагуу хийх юм.
Хот байгуулалт, хөгжлийн газрын суурь мэдээллийг ашиглав.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.
Тод индэр
Д.Батбаатар: Тээврийн салбарын хүндрэлээс яаж гарах вэ?
-
Тод мэдээ2022/03/09
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг талархал илэрхийлэв
-
Тод индэр2023/03/28
Т.Төмөрбаатар: Зорчигчид хилээр орж, гарахдаа эрүүл мэндийн хуудсыг цахимаар бөг...
-
Тод мэдээ2022/05/09
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг хийх эмнэлэг болон харьяалах хороо
-
Өнөөдөр2023/09/29
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн