Дэлхий нийтээр..
“Монгол Хьюндай автомотив” ХХК барилгын суурь ухсанаас үүдэж, хажуу талын 20 давхар орон сууцад нуралт ҮҮСЧ, НУРАХ ЭРСДЭЛД оржээ
Тодруулбал, ХУД-ийн нутаг дэвсгэр, Тэмээтэй хөшөөний хажууд байрлах “Режис плэйс” орон сууцанд тулгаж баригдаж буй барилга нь оршин суугчдын эрхийг ноцтой зөрчиж байгаа гэжээ.
Тус барилгын эзэмшигч нь “Монгол Хьюндай автомотив” ХХК бөгөөд гүйцэтгэгчээр Шарк Ц.Батбаатарын компани ажиллаж байгаа аж. Тэд үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар барилга барьж байгаа бөгөөд ингэхдээ Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн хэд хэдэн зүйл заалтыг нойцтойгоор зөрчсөн гэж оршин суугчид үзэж байгаа юм байна. Иймд “Режис плэйс” орон сууцны оршин суугчид БХБЯ-нд гомдол гаргажээ.
Гомдолд, “Монгол Хьюндай автомотив” ХХК-ийн барьж буй 20 давхар барилга баригдаж эхэлсэнээсээ хойш их хэмжээний шороо тоос босож, орчныг бохирдуулж, дуу чимээ ихээр гаргаж, хөрсний усыг усны суваг руу урсгах болсон.
Үүний улмаас ойр орчимд оршин суух иргэдийн амгалан тайван байдал алдагдаж, эрүүл мэндэд ноцтой хохирол учрах эрсдэл бий болсон.
Мөн Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2021 онд “Монгол Хьюндай автомотив” ХХК-д Барилгын тухай хууль, Барилга байгууламжийн норм, норматив, дүрэм, стандарт, журмыг ноцтой зөрчин, Архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон.
Тэр ч бүү хэл уг барилгыг Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах “Режис плэйс” орон сууцанд тулгаж барихаар төлөвлөсөн нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн хэд хэдэн зүйл заалтыг нойцтойгоор зөрчсөн бөгөөд тус барилгын суурьт суулгалт өгч, нурах эрсдэлийг бий болгосон” гэжээ.
Тэгвэл “Режис плэйс” орон сууц нь газар доор В3 буюу 3 давхар автомашины зогсоолтой ба газрын гүн рүү 20 орчим метрийн суурьтай. Харин “Монгол Хьюндай автомотив” ХХК-ийн барьж буй барилга нь газрын гүн рүү В1 буюу 1 давхар автомашины зогсоолтой байхаар төлөвлөгдсөн нь “Режис плэйс” барилгын суурь сөрөг нөлөө үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэжээ. Тиймээс тус орон сууцад оршин суух иргэд гомдолтой байгаа төдийгүй барилга барих зөвшөөрөл олгохдоо хөрш залгаа иргэд, оршин суугчдаас санал авалгүйгээр барилгын ажил эхлүүлснийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа юм байна.
Гэтэл энэ нь дан ганц анхаарал татсан асуудал биш юм. Учир нь, тус барилгын зөвшөөрлийг Туул голын ай савд хамаарах хөрсний ус ихтэй газар олгосон байна
Үүний улмаас барилгын суурийг ухах явцад газар доороос их хэмжээний хөрсний ус гарч, нуур, цөөрмийн хэмжээтэй болж тогтсон ч барилгын ажил үргэлжилсээр байгаад иргэд бухимдалтай байна.
Гэтэл Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2021 онд “Монгол Хьюндай автомотив” ХХК-д Архитектур төлөвлөлтийн даалгаварт хөрсний усны аюулаас сэргийлэх, хамгаалалт хийх талаар огт тусгаагүйн дээр тус компани нь хөрсний усны аюулаас сэргийлэх хамгаалалт, аюулгүй байдлын ямар ч арга хэмжээ авахгүй, их хэмжээний устай ухсан нүх гаргасан байдалтайгаар ажиллаж байгаагаас гадна хөрсний усыг бохирын худаг руу юүлж байгаа нь ойр орчмын барилгын бохир зайлуулах худаг дүүрч бөглөрөх аюулыг бий болгожээ.

Мөн Тус барилгын ажлыг эхлүүлэх, Архитектур төлөвлөлтийн даалгавар олгох, Ерөнхий төлөвлөгөөний зургийг батлахдаа “Гол гудамж замын зорчих хэсгийн ирмэгээс барилгажилтын улаан шугам хүртлэх зай 50 м-ээс багагүй байна” гэж заасныг зөрчсөөр байхад зөвшөөрөл олгосон нь уг зөвшөөрлийг өгсөн эрх бүхий албан тушаалтан, алба хаагчид тус компанид хууль бус давуу байдал бий болгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж хардах шууд үндэслэлийг бий болгож байгаа аж.

Тиймээс борооны улмаас иргэд эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирч байгаа энэ цаг үед дахин хохирол учруулахгүйн үүднээс Ерөнхий сайд, Хотын дарга нар шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Гэтэл дайран дээр давс гэгчээр “Авлига” хороолол гэх “Усан парк”, S outlet зэрэг компаниудын асуудлыг шийдээгүй байтал дахин нэг компани 20 давхар орон сууцны оршин суугчдыг эрсдэлд оруулаад байна. Тиймээс “Монгол Хьюндай Автомотив” ХХК-ийн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож, хууль зөрчиж бусдад хууль бус давуу байдал олгосон эрх бүхий албан тушаалтан, алба хаагчдад хариуцлага хүлээлгэж өгөхийг оршин суугчдын зүгээс хүсэж байна.


Эх сурвалж: https://ubn.mn/
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
