Дэлхий нийтээр..
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 2023 оны долоодугаар сарын 05-ны өдөр “Монгол-Хятадын 1955 оны Хилийн төмөр замын хэлэлцээр болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатарт өргөн мэдүүллээ.
Бүгд Найрамдах Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд “Хилийн төмөр замын хэлэлцээр"-ийг 1955 онд байгуулсан бөгөөд хэлэлцээрийн хүрээнд хилийн өртөөг ганцхан Замын-Үүд-Эрээн байхаар тогтоож хэлэлцээрийн хүрээнд өнөөдрийг хүртэл Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтыг ашиглаж иржээ. Уг хэлэлцээрт гал тэрэгний хөдөлгөөний нөхцөл, ачаа тээврийн төлөвлөгөө тохиролцох журам, ачаа тээвэрлэлт, зорчигч тээвэрлэлт, талуудын хариуцлага зэрэг зарим зарчмын асуудлыг тусгасан боловч хэлэлцээр байгуулагдсанаас хойш 70 орчим жил өнгөрсөн байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийг 2004 онд байгуулсан. Энэхүү хэлэлцээрийн дагуу Монгол-Хятадын хилийн хэсэгт Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч хилийн боомтуудад төмөр замын хилийн боомт ажиллахаар тогтсон боловч хэлэлцээр байгуулагдсанаас хойш төмөр замын хилийн холболт, боомтын ажлууд хийгдээгүй өнөөг хүрчээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талаас 2012 онд Ганцмод боомт хүртэлх төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийж дууссан төдийгүй Сэхээ, Зүүнхатавч боомтуудыг манай улсын төмөр замтай холбоход бэлэн болгожээ.
“Шинэ сэргэлтийн бодлого”-д тодорхойлсноор Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлын нэг нь боомтуудын үйл ажиллагааны тогтвортой бус байдал юм. Экспортын голлох бүтээгдэхүүн болох уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтэд авто болон төмөр зам, боомтуудын хүчин чадал, гаалиар нэвтрэх тоо, боомт хооронд зарцуулах хугацаа чухал үүрэгтэй. Боомт болон уурхайг холбосон тээврийн сүлжээ нь уул уурхайн гаралтай экспортын бүтээгдэхүүний гарцад шууд нөлөө үзүүлж байна.
Худалдааны голлох боомтуудын нийт импортын бараа, бүтээгдэхүүний 70.1 хувь Улаанбаатар-Замын-Үүд боомтоор хийгдэж байгаа нь боомтууд дээр ачааны бөөгнөрөл, төвлөрөл бий болж, экспортын алдагдсан боломжийг нэмэгдүүлж байна. Мөн гадаад, дотоодын зах зээлд холбогдох тээвэр, логистикийн хүртээмж, зардал нь эдийн засгийн өсөлтийг хязгаарласан хэвээр байна. Тухайлбал, БНХАУ-ын XIV таван жилийн төлөвлөгөөнд “Хил залгаа орнуудтай харилцаж буй боомтуудын бүтээн байгуулалт болон хөгжлийг бэхжүүлэх” ажлыг идэвхтэй урагшлуулахаар тусгасны дотор Монгол Улстай хиллэдэг Сэхээ, Ганцмод, Эрээн, Мандал, Зүүнхатавч боомтууд багтсан байна. Мөн нүүрсний нийт хэрэглээгээ 2050 он гэхэд 2.3 дахин бууруулахаар төлөвлөж байгаа ч эрчим хүчний нүүрсний импортыг түлхүү бууруулахаар төлөвлөсөн. Энэ нь манай улсын коксжих нүүрсний экспортын зах зээл хэвээр хадгалагдахаар байна. Түүнчлэн дэлхий даяар 2020 онд 1.9 тэрбум тонн ган үйлдвэрлэсний 57 хувийг БНХАУ дангаараа үйлдвэрлэж байгаа нь манай улс гол зах зээлд ойр болохыг илтгэдэг.
Иймд боомтуудыг өргөтгөн шинэчлэх зайлшгүй шаардлага үүсэж байна. Боомтуудыг өргөтгөн шинэчилснээр боомтуудын ачаа нэвтрүүлэх одоогийн хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлж 160 сая.тн-д хүргэх, боомтууд дээрх хилийн хяналтын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, нэгдмэл удирдлагад оруулан цахимжуулах замаар бүтээгдэхүүний хилийн хяналтад зарцуулах хугацааг 40 хувиар бууруулах, гаалийн хяналт бүрдүүлэлт, лабораторийн үйл ажиллагааг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр бизнес эрхлэгчдийн экспортод зарцуулах хугацааг нийтдээ 53 хувиар бууруулах тооцоолол гарчээ.
Тогтоолын төсөлд “Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд боомтын сэргэлтийн хэрэгжилтийг хангах зорилгоор 1955 оны "Хилийн төмөр замын хэлэлцээр"-т өөрчлөлт оруулах асуудлыг судлах, “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, Төмөр замын хилийн боомтын холболтын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийн болон барилга байгууламжийг цогцоор нь барих ажлыг эрчимжүүлэх, нүүрсний ордыг иж бүрэн ашиглаж, эдийн засгийн үр өгөөж, тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлэх зэрэг зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх асуудлуудыг тусгасан байна.
Хил дамнасан төмөр зам баригдсанаар Тавантолгойн бүлэг ордын үнэ цэн өсөх, тээврийн өртөг зардал буурах, уул уурхайн бүтээгдэхүүнийг байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай аргаар тээвэрлэх, төсвийн орлого, валютын нөөцийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2020/12/23
Өмнөговьчууд “Малчдаа дэмжье” аян өрнүүлж байна
-
Хэн юу хэлэв...2020/04/23
А.Ананд: Ипотекийн зээлийг хойшлуулахад орлого буурсан гэх нотлох баримт шаардах...
-
Дэлхий нийтээр..2025/04/10
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэ...
-
Хэн юу хэлэв...2021/10/25
Иргэний үнэмлэх анх удаа авах болон 25, 45 насны шинэчилсэн бүртгэлийн үйлчилгээ...
