Тод мэдээ
Баянхошуу дэд төвд 126 айлын түр суурьшуулах орон сууцыг ашиглалтад орууллаа

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын бодлогын баримт бичигт зааснаар Нийслэл Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатарын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зургаан дэд төвийг байгуулж буй. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны Баянхошуу дэд төвд есөн давхар бүхий хоёр блок, нийт 126 айлын түр суурьшуулах зориулалтын орон сууцыг ашиглалтад орууллаа.
Энэхүү орон сууц нь стандартын дагуу явган хүний болон авто зам, машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбайтай бөгөөд ус, дулаан хангамж нь Баянхошуу дэд төвийн дэд бүтэцтэй бүрэн холбогдсон юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-Нийслэлд хэрэгжиж буй зургаан дэд төвийн төслийг түшиглэн бүтээн байгуулалтын ажлууд шат дараатайгаар өрнөж буй. Бүтээн байгуулалт нь бүрэн дууссан Баянхошуу болон Сэлбэ дэд төвд нийт 250 өрхийн орон сууц, инженерийн шугам сүлжээ, нийгмийн барилга байгууламж, авто замыг ашиглалтад орууллаа. 2024 он гэхэд Баянхошуу, Шархад дэд төвүүдийг түшиглэн 196 нэгж талбарын 11.1 га газарт төслийн нэгдүгээр үе шатны 750 өрхийн ногоон орон сууцыг ашиглалтад оруулна. Ингэснээр түр суурьшуулах болон түрээслээд өмчлөх орон сууцны сан 750 орон сууцаар нэмэгдэх юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Барилга, хот байгуулалт хариуцсан зөвлөх Б.Сүхбаатар:
-Төрийн оролцоогүйгээс үүдэн дахин төлөвлөлтөд өртөж буй айлууд газраа зараад явчихдаг, түүн дээр нь аж ахуйн нэгжүүд сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих боломжгүйгээр төлөвлөлт хийдэг байв. Энэ алдааг засахын тулд Нийслэлийн Орон сууцны бодлогын газар, Нийслэлийн Орон сууцны корпораци /НОСК/ ХК хамтран дахин төлөвлөлт гарган, түүний дагуу барилгажуулах бодлого баримталж байна. Тухайлбал, газар чөлөөлөх ажлыг НОСК хариуцан аж ахуйн нэгжүүдэд хүлээлгэн өгч, барилга барих үйл явцад нь хяналт тавих юм. Мөн орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд хоорондоо нэгдэн чөлөөлөх хүсэлтээ өгснөөр хөтөлбөр хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, иргэдийн оролцоог хангаснаар газар чөлөөлөлтийн явц хурдасна гэж үзэж буй гэлээ.
Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан:
-Түр суурьшуулах орон сууцанд хамрагдах иргэдийг Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах журмын дагуу сонгон шалгаруулна. Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд газар чөлөөлөлтөд өртөж байгаа иргэдийг хамруулахаар төлөвлөж байна. Дахин төлөвлөлтийн байршлын хүрээнд бид 10 мянган айлын орон сууц барихаар төлөвлөж байгаа. Энэ төлөвлөлтөд хамрагдсан иргэд түр суурьшуулах орон сууцанд байрлан, орон сууц нь ашиглалтад орох үед шилжин суух зарчмаар явах юм. Цаашид энэ зарчмаар түр оршин суух орон сууцууд барин газар чөлөөлөлтийн ажлыг өрнүүлнэ гэсэн юм.
Энэ орон сууцны айл бүрд гал тогооны тавилга угсарч, дагалдуулан өгч буйгаараа онцлог юм.
Орлогод нийцсэн ногоон орон сууцны шав тавилаа
Дээрх зургаан дэд төвийг түшиглэн нийт 31 мянган айлын ногоон орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж буй. Үүний эхлэл болгон өнөөдөр Баянхошуу дэд төвд орлогод нийцсэн, 330 айлын ногоон орон сууцны шавыг тавилаа.
Төслийн хүрээнд 110 айлын дөрвөн блок, олон улсын стандартад нийцсэн орон сууцыг 1.6 га талбайд барих юм.
Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү:
-Ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн энэхүү орон сууц нь олон улсын ногоон барилгын үнэлгээний систем болох “EDGE” стандартыг нэвтрүүлсэн гэдгээрээ онцлог. Тодруулбал, ногоон орон сууц нь дулаан алдагдал багатай, ус ашиглалтыг 20 хувь, эрчим хүчний хэрэглээг 20 хувь бууруулсан хэмээлээ.
Ташрамд, Баянхошуу дэд төв нь нийт 162 га буюу Сонгинохайрхан дүүргийн зургаан хорооны нутаг дэвсгэрийг хамарч байгаа бөгөөд одоогоор 2200 орчим өрхийн 8500 иргэн амьдарч буй. Цаашид дахин төлөвлөлтөөр 6500 орчим айлын орон сууц барьж, 53 мянган иргэн амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн тус дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд нийт 5.6 га талбайг чөлөөлж, ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлэх юм. Дахин төлөвлөлттэй холбоотойгоор өнгөрсөн хугацаанд нийт 250 орчим түр суурьшуулах орон сууцыг ашиглалтад оруулаад байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод мэдээ2021/09/21
Монгол, Кувейтийн Гадаад хэргийн сайд нар уулзав
-
Тод мэдээ2023/09/26
Олон улсын цагдаагийн эмэгтэй алба хаагчдын чуулга уулзалтад оролцлоо
-
Чөлөөт бүс2020/06/29
Агаарын нээлттэй орон зайн тухай гэрээнээс гарах АНУ-ын санаархал
-
Тод индэр2022/05/16
Г.Занданшатар: Тэрбум мод нэг модноос эхэлнэ