Тод мэдээ
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх долоодугаар сард баруун болон говийн бүс нутгийн ихэнх хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас бага орох төлөвтэй байна.
Баруун аймгуудын нутгаар: Агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар бороо хуртай, агаарын температур сэрүүхэн байх төлөвтэй байна. Агаарын температурын явцын хувьд нэгдүгээр арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар түр зуурын бороо орох магадлалтай байна.
Төвийн аймгуудын нутгаар: Агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, харин Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр дунджаас ахиу бороо орох төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар бороо хуртай, агаарын температур сэрүүхэн байх төлөвтэй байна. Агаарын температурын явцын хувьд нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр олдон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн ихэнх нутаг болон Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Хэнтий, Дорнодын нутаг болон Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температурын явцын хувьд нэг болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Өмнөгоь, Дорноговийн нийт нутаг, Дундговь, Говьсүмбэрийн зарим сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температурын явцын хувьд нэгдүгээр арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн сүүлчийн хагаст ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод мэдээ2022/01/24
ХАСХОМ-ийг шинэчлэн бүртгүүлэх ажил улсын хэмжээнд 40 гаруй хувьтай байна
-
Өнөөдөр2022/01/06
НОБГ: Галыг бүрэн унтраахаар ажиллаж байна
-
Тод мэдээ2025/03/20
Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх, санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдлаа...
-
Тод зураг2019/08/06
“Маргааш л уухгүй байя” гэсэн үгс хорт зуршлын хамгийн энгийн хэлбэр...