Тод мэдээ
БНСУ-ын Үндэсний ассамблейн дэд дарга Чингэлтэй дүүргийн өрхийн эмнэлэгт ажиллав

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар энэ сарын 13-15-нд Монгол Улсад айлчлал хийж буй БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга, хатагтай Ким Ён Жү өчигдөр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдын хамтаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12, 21 дүгээр хорооны “Шэжид дүг” өрхийн эрүүл мэндэд төвд ажиллав.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд зорилтот бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой БНСУ-аас ирсэн эмч нарын багийн монгол эмч нартай хамтран хийж буй үзлэгийн явцтай танилцсан юм.
ЭМЯ БНСУ-ын Ногоон эмнэлэгтэй хүүхдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг энэ оны хоёрдугаар сард байгуулж гарын үсэг зурсан бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд тус эмнэлгийн 18 эмч Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг хийж шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгч байна.
Хатагтай Ким Ён Жү Монгол-Солонгосын хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлж, чухал салбарт чиглүүлж ажиллахыг эрхэмлэдэг улстөрчийн хувьд олон зүйлийг хийж хэрэгжүүлж ирсэн, Монголд элэгтэй нэгэн. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг тэр дундаа хүүхдийн эрүүл мэндийг дэмжих нь эрүүл монгол хүн өсч бойжиход чухал нөлөөтэй хэмээн үзэж энэ ажлыг хийж буйгаа ярьсан. Түүнчлэн хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Үндэсний Ассамблейн дэд даргын хувьд бүхий л боломжоороо дэмжиж ажиллана гэсэн юм.
Энэ арга хэмжээний талаар Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд “ЭМЯ-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд БНСУ-ын Ногоон эмнэлгийн баг энэ сарын 5-9-ны хооронд СХД-ийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран бага насны хүүхдүүдийн дунд элбэг тохиолддог хоол, шим тэжээлийн дутагдал, амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, амьсгалын зам, дотрын чиглэлээр үзлэг хийж шаардлагатай хүүхдүүдэд амин дэм, эмийн тусламж үзүүлсэн. Тус дүүрэгт 1000 гаруй хүүхдийг үзлэгт хамруулсан бол өчигдрөөс Чингэлтэй дүүргийн 12, 21 дүгээр хороонд ажиллаж байна. Эмч нарын баг 16-ныг дуустал ажиллах бөгөөд өдөрт 400 хүүхдийг үзлэгт хамруулахаар төлөвлөсөн. Энэ удаа хүүхдүүдийн дунд нэлээд түгээмэл байгаа амны хөндийн өвчлөлд түлхүү анхаарч байгаа” хэмээсэн.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жүний айлчлалын багт монгол хүүхдүүдийн эрүүл мэндэд ихээхэн санаа зовниж явдаг Ногоон эмнэлгийн захирал Им Сан Хёг багтсан байна. Тэрбээр “Аль ч Засгийн газрын үед хүүхдийн эрүүл мэндийг хамгаална гэдэг хүндрэлтэй асуудал байдаг. Би өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол Улсад ирээд өөрийн харсан, ажигласан зүйлсээсээ улбаалан энэхүү төслийг хэрэгжүүлэхээр зорьсон” гэж байлаа.
Тод мэдээ
Баянгол дүүргийн 2 байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарчээ
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй дүгнэлт нь гарсан, оршин суугчдын амьдрах нөхцөл хүнд байгаа байршлуудад дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-иас ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулгаж, байршил дээр нь дахин төлөвлөлтийн 15-20 төслийг хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалтыг үе шаттай зарласан.
Ийнхүү хоёр төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа. Тодруулбал,
- Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 35, 36 дугаар орон сууцны барилгыг буулган, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Тэргүүн чансаа” ХХК;
- Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 32 дугаар орон сууцны барилгыг буулган, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Грэйт Роуд” ХХК тус тус шалгарсан юм.
Батламж гардуулах үеэр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд амжилт хүсэн “Хамгийн гол нь хариуцлага алдахгүйгээр иргэдтэйгээ харилцан тохиролцож, бүтээн байгуулалтын ажилдаа яаравчлан орох хэрэгтэй. Дахин төлөвлөлтийн ажил цаг ямагт маргаан дагуулж байдаг. Гэвч та бүхнийг өнгөрсөн алдааг давтахгүй, хариуцлагаа өндөржүүлж, айл өрхийн амьдрах орчныг сайжруулахын төлөө хичээж ажиллана гэдэгт итгэж байна” гэв.
Тод мэдээ
Улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарилыг шүршиж угаах ажлыг тогтмол хийж байна
Нийслэлийн хэмжээнд 38.8 мянга гаруй улиас мод байдаг. Үүнээс 50.4 хувь буюу 19.5 мянган гаруй улиас нь нийслэлийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд ургаж байна. Нийт улиас модны 46.9 хувь буюу 18232 ширхэг нь эм улиас гэж нэрлэгддэг. Энэхүү эм улиас модны унгарилын гаралтыг багасгах, бууруулах чиглэлээр үе шаттай ажлууд хийж байна.
Тухайлбал, 2025 оны хаврын хэлбэржүүлэлтийн ажлын хүрээнд 86 байршилд 9298 ширхэг навчит мод буюу нийт хэлбэржүүлэх эм улиас модны 51 хувийг хэлбэржүүлсэн. Харин энэ зургаадугаар сарын байдлаар нийтийн эзэмшлийн 157 га талбайд ургаж байгаа улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарил гарсан үед шүршиж угаах зэрэг ажлыг тогтмол хийж байна.
Зургаадугаар сарын эхний 7 хоногоос эхлэн эм улиасны унгарилыг усаар шүршсэн. Ингэснээр эм улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 40 хувь хүртэл буурах боломжтойг холбогдох албаныхан хэллээ. Мөн ААНБ-ууд өөрсдийн эзэмшлийн талбайд байгаа улиас модны унгарилыг усаар шүршиж цэвэрлэхийг уриаллаа.
Тод мэдээ
Э.Ниндэв: Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах шаардлагатай
Нийслэлийн зүгээс тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах төслийг боловсруулж, Зам, тээврийн яамтай санал солилцож байна.
Уг стандартыг баталснаар манай улсын автомашины дугаартай иргэд олон улсад зорчихдоо ямар нэгэн саадгүй зорчих нөхцөл бүрдэхээс гадна ашиглаж буй улсын дугаараа дур мэдэн сольж, өөрчлөх зөрчил багасах ач холбогдолтой.
Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэв “Өнөөдрийн байдлаар манай улсад мөрдөгддөг тээврийн хэрэгслийн улсын дугаарын MNS 4410:2017, MNS 4410:2002 стандарт нь олон улсын стандартад нийцдэггүй. Иймээс Монгол Улс Замын хөдөлгөөний тухай конвенц /олон улсын гэрээний эрх зүйн тухай венийн конвенц/-д нэгдсэнийхээ дагуу иргэдийн зорчих эрхийг эдлүүлэх хүрээнд тээврийн хэрэгслийн олон улсын дугаарын стандартыг нэвтрүүлэх шаардлага гарсан. Мөн лацны стандартыг батлах ёстой. Ингэснээр иргэд тээврийн хэрэгслийн дугаарыг хоорондоо дамжуулах, тэгш, сондгойгоор хязгаарласан үед болон товчоогоор гарахдаа сольдог зөрчил арилна” гэв.
Гэсэн хэдий ч автомашины улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах нь төслийн шатандаа явж байгааг анхаарах хэрэгтэй. Хэрэв стандарт батлагдаж, хэрэгжих үед бүх тээврийн хэрэгслийн улсын дугаарыг төсвийн мөнгөөр солихгүй. Өөрөөр хэлбэл иргэд тээврийн хэрэгсэлдээ шинээр дугаар авч байгаа тохиолдолд шинэ стандартаар дугаарыг олгоно. Харин хуучин дугаартай иргэд өөрсдийн хүсэлтээр дугаараа шинэ стандартад шилжүүлэх боломжтой болж байгааг тэрбээр онцолсон юм.
Ташрамд, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн уг баталсан дээд хязгаарт багтаан зургаан шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгох, бусад тохиолдолд олгохгүй байх тогтоолыг үе шаттай хэрэгжүүлж байна.
-
Өнөөдөр2019/12/30
Ажлын хэсгийн хуралдаан боллоо
-
Тод индэр2020/06/30
УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг Монгол Улсын Их Хурлын даргаар сонголоо
-
Өнөөдөр2024/10/29
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
-
Тод мэдээ2023/05/05
Зогсоолын менежмент, засвар, арчлалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгэн...