Дэлхий нийтээр..
“Хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн эрх тэгш байдал” сэдвээр хэлэлцлээ
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтын нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлэг “Хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн эрх тэгш байдал” сэдвийн хүрээнд боллоо.
Тус сэдвийн чиглүүлэгч Монголын социал демократ эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Мандхай үндсэн илтгэгч болон панелистуудыг танилцуулав.

Үндсэн илтгэлийг Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа танилцууллаа. Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн хууль эрх зүйн орчин, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн талаарх илтгэлдээ жендэрийн мэдрэмжтэй байх асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлээр хэрэгжүүлснийг тэрбээр онцолсон. Мөн хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн оролцох оролцоо эрэгтэйчүүдтэй харьцуулахад буурсан талаар, эмэгтэйчүүдийн бизнест санхүүжилт бага хэмжээтэй өгдөг тухай тоо баримтаар хөндөхийн зэрэгцээ Хөдөлмөрийн тухай хуулийн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг зохицуулсан онцлог зохицуулалтуудаас дурдлаа.
Дараа нь панелист, Азийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Марк Кэйниг илтгэлдээ аливаа асуудлаар нэг хүйсийг чухалчлан авч үзэх нь өрөөсгөл гэж үзэх хүмүүс байдаг. Гэтэл тусгайлан анхаарал хандуулах шаардлагатай асуудал бий. Ар гэрийн ажил, үр хүүхдээ өсгөх гээд их ачааг үүрдэг эмэгтэйчүүдийг бизнесийн орчинд амжилт гаргахад нь тусгайлан анхаарал хандуулахаас аргагүй. Тиймээс эмэгтэйчүүдийг чадавхжуулах тал дээр тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь зайлшгүй юм хэмээн тэмдэглэв.

Панелист, Япон Улсын Шига мужийн Отсу хотын дарга асан, “OnBoard” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Наоми Коши илтгэлдээ Япон Улсад жендэрийн тэгш байдлын хувьд даван туулах ёстой хоёр саад байдгийг тэмдэглэв. Тухайлбал, эмэгтэйчүүд ажил хийх, мөн эрэгтэйчүүдтэй адилхан ажил хийснийхээ төлөө ижил хэмжээний цалин авах ёсой гэсэн хоёр саадыг арилгах чиглэлээр хотын даргаар ажиллаж байх үедээ хийсэн ажлын шийдэл, туршлага дээрээ тулгуурлан илтгэлээ танилцууллаа.
Панелист, Эва эмэгтэйчүүдийн их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны коллежийн Эмэгтэйчүүд судлалын тэнхимийн эрхлэгч Юна Ли илтгэлдээ жендерийн тэгш байдлыг хангахын төлөө БНСУ санаачлагатай ажиллаж ирсэн ч тулгамдсан асуудлууд байдгийг тэмдэглээд ажлын цаг жендэрийн тэгш байдал болон хөдөлмөрийн зах зээлийн аль алинд нь яагаад ач холбогдолтой асуудал байдаг талаар танилцууллаа. Эмэгтэйчүүд гэр орондоо зарцуулах цаг хугацаа харьцангуй өндөр учир ажил, ар гэрийг тэнцвэртэйгээр зохицуулна гэдэг тэдэнд тулгамдсан асуудал болдог. Тиймээс эмэгтэйчүүдэд зориулсан хагас цагийн ажил, мөн ажлын цагийн уян хатан зохицуулалт шаардлагатай. Эс хийвээс жендэрийн ялгаа, өрөөсгөл байдлыг улам даамжруулах болно хэмээн онцоллоо.

Панелист, “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер уул уурхайн салбарт 25 жил ажиллаж буйгаа дурдаад, жендэрийн тэгш байдал бол эдлэх ёстой эрх юм гэдгийг мах цусандаа шингэтэл ойлгох ёстой. Үүнийг уул уурхайн салбар маш хурцаар мэдрүүлдэг. Өнөөдөр манай компанийн ажилтнуудын 20 гаруй хувь нь эмэгтэйчүүд. 2030 он ба түүнээс цааш энэ хувийг 50-иас доошгүй хувьд аваачих зорилттой байна. Энэ бол бодитой зорилт. Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр өсөлт дэвшилтийг авч ирэх болно хэмээн илтгэлдээ онцлов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2025/08/18
Зөвшөөрөлгүй ногоон байгууламжийг устгасан болон эзэмшил бүхий газраасаа хэтрүүл...
-
Дэлхий нийтээр..2022/01/05
Энэ 7 хоногт ажиллах шинжилгээний цэгүүд
-
Дэлхий нийтээр..2020/06/18
Тусгай үүргийн онгоцоор 257 иргэн эх орондоо ирлээ
-
Дэлхий нийтээр..2025/06/25
Монгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүрг...
