Тод мэдээ
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төсөлд дэмжлэг хүслээ
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Бүгд Найрамдах Турк Улс /БНТУ/-ын “Samir textile” ХК, “Bircan textile” ХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад ирсэн төлөөлөгчид Турк, Сирид болсон газар хөдлөлтийн дараа үүссэн нөхцөл байдлын үеэр нийслэлийн зүгээс тусламж, дэмжлэг үзүүлж, гэр, асар хандивласанд талархал илэрхийлсэн юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Байгалийн гамшигт өртсөн хүмүүст туслахаар нийслэлийн есөн дүүрэг болон иргэдийн зүгээс Турк Улсад гэр, асар, майхан болон бусад хандивын эд зүйлсийг илгээсэн. Эдгээр зүйлсийг шаардлагатай газар нь шуурхай хүргэсэн та бүхэнд талархал илэрхийлье. Цаашид БНТУ нь бүх нийтийн хүчин чармайлтаар энэхүү хүнд цаг үеийг даван туулна гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.
БНТУ-ын төлөөлөгчид гамшгийн дараах хүнд хэцүү нөхцөл байдалд Улаанбаатар хотын Ах дүү хотын харилцааны илрэлийг бодитоор харуулсанд талархаж буйгаа илэрхийлж, Чингэлтэй дүүрэгт даавууны үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх гэж буйгаа уламжлав. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих, ажлын байр бий болгох зорилготой уг төсөлд нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэж буйгаа төлөөлөгчид онцолж байлаа.
Нийслэлийн зүгээс хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлж, төслийг дэмжин ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.
Тод мэдээ
"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг засварлаж байна
"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замд засвар, шинэчлэл хийх гэж байна. Тодруулбал, 2024 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагийн хооронд авто замыг хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна.
Энэ ажлын хүрээнд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлууд хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Яармагийг Эрчим хүчний гудамжтай холбох гүүрийн ажил 94 хувьтай байна
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан зам засвар, шинэчлэлтийн ажлын талаар мэдээлэл өглөө.
Говийн замыг “Мишээл экспо”-ийн замтай холбох “Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг энэ долоо хоногт нээх бол Ээрмэлийн замын зорчих хөдөлгөөнийг ирэх долоо хоногт нээнэ.
Яармагийг Эрчим хүчний гудамжтай холбох гүүрийн ажил 94 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд зорчих хэсгийг нээхэд бэлэн болсон. Гэвч УСУГ-ын хугацаат засварын ажилтай холбоотойгоор далангийн ажил удаашралтай явж байгааг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан хэллээ.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “УСУГ-ынхан өөрсдийн хийх ёстой хугацаат засвар, үйлчилгээний ажлыг зам болон бусад бүтээн байгуулалтыг далимдуулж хийлгэдэг. Авлига хээл, хахууль авч байгаа тухай ч мэдээлэл байна. Холбогдох хуулийн байгууллагад шалгуулна. Улсын ажлыг гацааж, шантаачилж өөрсдийн хийх ёстой ажлаа хийлгэх гэж байна” гэв.
Тод мэдээ
Монголын модон барилдааны тамирчид Ази тивээс 15 медаль хүртлээ
Узбекистан улсын Нукус хотод модон барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-19-нд болов.
Зургаа дахь удаагийн тэмцээнд Монголын 22 тамирчин эр бяраа сорин өрсөлдөхөд нэг алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн ба тэд багийн дүнгээр гуравдугаар байр эзэлжээ. Тэмцээнд зургаан орны нийт 178 тамирчин 23 жингийн ангилалд өрсөлдсөн бөгөөд тэмцээнийг манай улсаас Б.Даариймаа дэнсэлсэн байна.
Энэ тэмцээний өсвөрийн хөвгүүдийн 80 кг-ын жинд Б.Гарьд алт, 60 кг-д С.Баянсан мөнгө, 70 кг-п Б.Дөлгөөн хүрэл медаль хүртсэн бол охидын 60 кг-д Э.Орхонтамир, 70 кг-д Г.Гүндэгмаа нар хүрэл медаль хүртлээ.
Тэгвэл насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд Б.Мөнхтүшиг мөнгө, 70 кг-д М.Алтайбаатар, 75 кг-д М.Шындаулет нар хүрэл, эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Б.Чойсүрэндорж, 75 кг-д Д.Баасансүрэн, Н.Тайванжаргал, +85 кг-д Б.Эрдэнэтуяа нар хүрэл медаль хүртсэн байна. Мөн үнэмлэхүй жингийн эрэгтэйчүүдийн ангилалд М.Буяндалай мөнгө, Б.Мөнхтүшиг хүрэл медалийн тавцанд гарсан бол эмэгтэйчүүдийн үнэмлэхүй жингийн ангилалд Н.Тайванжаргал мөнгөн медаль хүртлээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
-
Тод мэдээ2022/06/30
Волейболын өсвөрийн улсын аварга тодорлоо
-
Тод мэдээ2023/01/10
Галын аюулгүй байдлын дүгнэлтийг цахимаар авах боломжтой
-
Тод мэдээ2021/05/12
Архаг, суурь өвчтэй иргэдийг дархлаажуулах гурван цэг ажиллаж байна
-
Өнөөдөр2023/02/06
Газрын багц хуулийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр болно
Сэтгэгдэл