Дэлхий нийтээр..
БНСУ-д Монгол далайчдыг бэлтгэнэ
Далайд гарцгүй Монгол Улс өөрийн эзэмшлийн хөлөг онгоцтой болж түүн дээр өөрийн орны далайчдыг ажиллуулах алсын харааны хүрээнд БНСУ-тай энэ чиглэлээр 2012 оноос хойш идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлж байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд Монгол Улсын Далайн захиргаа БНСУ-ын Далайн тээвэр, загас агнуурын технологийн институттэй далайн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийг анх 2013 онд байгуулснаас хойш тус институтэд олон улсад ажиллах эрх бүхий гэрчилгээтэй 10 гаруй далайчдыг бэлтгэсэн.
Улмаар Монгол-Солонгосын хамтарсан “Монгол-Саммок Ложистикс” ХХК-ийг Засгийн газрын 180 дугаар тогтоолоор үүсгэн байгуулж Солонгосын талын хамтрагч болох “Саммок Шиппинг” ХХК-ийн эзэмшлийн хөлөг онгоцон дээр бэлтгэгдсэн далайчдыг дадлагажуулан ажиллуулж ирсэн.
Олон улсын далайн тээврийн танхимаас гаргасан судалгаагаар дэлхий нийтийн далайчдын эрэлт нь нийлүүлэлтээсээ даруй 2.1 хувиар илүү буюу 16,500 олон улсын үнэмлэх бүхий хөлөг онгоцны удирдлагын ажилтан болон инженерийн бодит шаардлага тулгараад байгааг мэдээлсэн бөгөөд нийт туслах далайчдын эрэлт 15.8 хувь буюу 119,000 далайчид дэлхийн хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай байна.
Монгол Улс газар зүйн байршлын хувьд далайд гарцгүй ч ажиллах хүчний нөөцийн хувьд далайд гарч ажиллах бүрэн боломжтой бөгөөд дэлхий нийтийн хөдөлмөрийн зах зээлд далайчдын эрэлт /16500 удирдах түвшний офицер, 119000 туслах далайчны бодит хэрэгцээ/ байсаар байгаа энэхүү боломжийг ашиглах зорилгоор 2022 оны зургаадугаар сард Монгол Улсын Далайн захиргаа БНСУ-ын Далайн тээвэр, загас агнуурын технологийн институт, БНСУ-ын Далайн тээврийн аюулгүй байдлын захиргаа хооронд гурван талт хамтын ажиллагааны Санамж бичгийг шинэчлэн байгуулсан.
Энэхүү Санамж бичгийн хүрээнд талууд БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд дээрх байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр “Монгол Улсын далайн тээврийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, дотоодын усан замын тээврийн хяналт, аюулгүй байдлыг сайжруулах төсөл”-ийг боловсруулан Монгол Улсын Сангийн яамаар дамжуулан БНСУ-ын талд хүргүүлсэн.
Энэ төслийн хүрээнд 45 Монгол далайчныг бэлтгэх ба 2023 оны дөрөвдүгээр сарын 23-30-ны өдрүүдэд Далайн захиргааны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга тэргүүтэй албан хаагчид БНСУ-д томилолтоор ажиллах үеэр БНСУ-ын Далайн тээвэр, загас агнуурын яамны удирдлагатай уулзсаны дагуу тус яамнаас уг төслийг бүрэн дэмжиж, ирэх 2024 онд БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх тэргүүлэгч төслүүдийн жагсаалтад оруулан Гадаад харилцааны яамандаа уламжилсан болохыг мэдэгдлээ.
Дэлхийн далайчдын хөдөлмөрийн зах зээлийн дийлэнх хувийг БНХАУ, Филиппиний далайчид эзэлдэг. Олон улсын хөдөлмөрийн зах зээлд Монгол далайчдыг бэлтгэн нийлүүлснээр Монгол Улсын далайн тээврийн салбарын хөгжлийг дэмжээд зогсохгүй ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, валютын урсгалыг татах, ажилгүйдлийг бууруулахад уг төсөл онцгой ач холбогдолтой юм.
Төслийн хүрээнд бэлтгэгдсэн далайчдыг цаашид Монгол Улсын далбаатай хөлөг онгоцон дээр ажиллуулах бодлого баримтлан ажиллаж байна.
Эх сурвалж: Монгол Улсын Далайн захиргаа
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2023/06/05
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Пап Францис Монгол Улсад айлчилна
-
Дэлхий нийтээр..2021/11/07
Европт нэрээ гаргасан Монголын хамгийн анхны төгөлдөр хуурчийг өнөөдөр нэхэн дур...
-
Үйл явдал2024/07/01
Наадмын тасалбарыг өнөөдрөөс эхлэн www.enaadam.mn сайтаар худалдаална
-
Дэлхий нийтээр..2023/11/24
“Эрсдэл ба Стандарт” үндэсний чуулган орон даяар зохион байгуулагдла...
