Дэлхий нийтээр..
“Төрийн албан хаагчийн хандлага, ёс зүйн өөрчлөлт бүтээмжид нөлөөлөх нь” сэдэвт сургалт болов
“Төрийн албан хаагчийн хандлага, ёс зүйн өөрчлөлт бүтээмжид нөлөөлөх нь” сэдэвт сургалт 2023 оны тавдугаар сарын 03-ны өдөр болж, нийслэл хот болон 21 аймгийн засаг даргын тамгын газрын удирдлагууд хамрагдлаа. Уг сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газар болон Төрийн албаны зөвлөлийн санаачлагаар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.
Сургалтыг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар улс орны гадаад, дотоод нөхцөл байдал, цаг үеийн хүчин зүйлсээс шалтгаалан төрийн албаны шинэчлэлийг бүх шатанд, цогцоор нь хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий болсныг тэмдэглэв. Тэрбээр үргэжлүүлэн, энэ шинэчлэл нь төрийн албан хаагчийн цалин хөлс, ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулах, түүнчлэн төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагыг нэмэгдүүлснээр нэр хүндийг дээшлүүлж, иргэдийн итгэлийг сэргээх зорилготойг онцоллоо. Гүйцэтгэлийн үр дүнд суурилсан цалингийн тогтолцоо нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлдэг олон улсын сайн жишиг бий. Улсын Их Хурлаас 2023 онд төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, цалин хөлсний тогтолцоонд шинэчлэл хийх зорилтыг тавьж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар дурдсан юм.
Мөн өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Түүнчлэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар иргэддээ ижил тэгш үйлчилдэг, ажилдаа ёс зүй, хариуцлагыг эрхэмлэдэг, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх тогтолцооны суурийг бүрдүүлэхэд чиглэж байгаа гэдгийг УИХ-ын дарга тэмдэглэн хэлэв. Энэ хүрээнд нийслэл, хөдөө орон нутгийн төрийн байгууллагуудад ажил олгогч, татвар төлөгч иргэд, хууль хяналтын байгууллагын төлөөлөл бүхий Ёс зүйн зөвлөл ажиллах бөгөөд нэгдсэн хяналттайгаар ил тод үйл ажиллагаа явуулах аж. Аливаа ёс зүйгүй үйлдэл гаргасан, албан тушаалаа урвуулан ашигласан, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн зэрэг үйлдлүүдийг таслан зогсооход зөвлөлийн үйл ажиллагааны зорилго оршино. Мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэхийн тулд хандлага, ёс зүйд суурилсан, чадамж, бүтээмжийг чухалчилсан ил тод сонгон шалгаруулдаг байхаар зохицуулна гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дурдлаа.
Манай улсад нийт 4232 төрийн байгууллагад 225205 төрийн албан хаагч ажиллаж байгаагаас 66,7 хувийг төрийн үйлчилгээний албан хаагчид эзэлдэг. Түүнчлэн хөдөө орон нутагт төрийн албанд ажиллах боловсон хүчний хомсдол байгааг хөндөж, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар санал, сэтгэгдлээ оролцогчдын зүгээс уламжиллаа. Уг сургалтаар Төрийн албаны зөвлөлийн гишүүд, зөвлөх экспертүүд холбогдох сэдвээр илтгэл хэлэлцүүлж, харилцан санал солилцов.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
