Тод мэдээ
Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Үндэсний статистикийн хороонд ажиллалаа

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар 2023 оны тавдугаар сарын 01-ний өдөр Үндэсний статистикийн хороонд ажиллаж, статистикийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тус хорооноос хийж хэрэгжүүлж буй ажлууд болон цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо.
Үндэсний статистикийн хороо 2021-2025 оны стратеги төлөвлөгөөндөө тодорхой зорилтуудыг тавин ажиллаж байна. Тухайлбал, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, статистикийн системийн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвар, албан хаагчдыг тогтмол сургах, чадавхыг бэхжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, хүчин чадлыг дээшлүүлэх, хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн мэдээллийг оновчтой хүргэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа гэнэ. Мөн Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж буй юм байна.
Түүнчлэн статистикийн салбарыг орчин үеийн өгөгдлийн шинжлэх ухааны суурьтай хөгжүүлэх зорилго бүхий “Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн Их Өгөгдөл” төслийг улс орон даяар хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж буй юм байна. Уг төсөл хэрэгжсэнээр төрийн байгууллагуудын олон салангид мэдээллүүдийг холбож, уялдааг хангахад чиглэжээ. Төсөл Азийн Хөгжлийн Банкны буцалтгүй тусламжаар хэрэгжихээр болсон байна.
Статистикийн хорооны дарга Б.Батдаваа, “Хүний нөөцийн хувьд манай байгууллагын мэргэшсэн, чадалтай ажилтнууд цалин бага гэх шалтгаанаар өөр ажилд шилжих тохиолдол цөөнгүй гарч байна. Орон нутгийн нэгжүүд ажлын байргүй улмаас үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд хүндрэл үүсч байгаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шийдвэрлүүлэх хүсэлт тавьсан байгаа. Цалин нэмэгдүүлэх тал дээр хуульд тодорхой зааж өгөх шаардлагатай гэж үзэж байна. Иймд Статистикийн тухай хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага үүссэн. Мөн хүний нөөцийг чадавхжуулан бэхжүүлэх, нөөц бүрдүүлэх, орон нутгийн нэгжүүдийн ажлын байрны асуудлыг шийдвэрлэх, цалингийн шатлал дээшлүүлэх, анхдагч мэдээллийн чанарыг сайжруулах асуудлууд нэн тулгамдаад буй гэдгийг танилцуулга хийх үеэрээ онцолж байлаа.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг “Статистикийн хорооны үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд жигдэрч, чанаржиж байгааг сайшаагаад статистик мэдээлэл гэдэг бодлого гаргах түвшинд хамгийн чухал зүйлийн нэг. Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд хэн нэгэн эргэлзэх ёсгүй. Та бүхний үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байх учиртай. Байнгын хороо хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжин ажиллах болно” хэмээсэн юм.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, судалгаа, шинжилгээний үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн байгууллагууд бий. Төрийн байгууллага энэ салбарт оролцох, тэдэнтэй зах зээлийг нь булаацалдах шаардлагагүй. Та бүхэн статистик мэдээлэл дээрээ төвлөрч анхаарч ажиллах хэрэгтэй хэмээгээд статистикийн хорооны веб сайтад хэт мэргэжлийн хэллэг ашиглахаас татгалзаж, иргэд мэдээлэл авахад төвөггүй байхаар зохицуулах, хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энгийн үг хэллэг ашиглахыг санал болголоо.
Ташрамд дурдахад, Стастистикийн хорооноос боловсруулж буй хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд байгууллагын засаглалыг сайжруулах үүднээс хорооны дарга дан ганцаараа шийдвэр гаргадаггүй хамтын удирдлагатай болох, төрийн байгууллагуудын мэдээллийг нэгтгэх, гадны байгууллагуудаас захиалга авч өөрийгөө санхүүжүүлэх нөхцөлийг хангах, Судалгаа статистикийн хөгжлийн хүрээлэн байгуулах зэрэг онцлох асуудлуудыг тусгаж өгсөн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод индэр2023/04/03
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уул уурхайн салбарын төлөөлөлтэй уулзаж байна
-
Тод мэдээ2025/02/19
“Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг болно
-
Тод мэдээ2023/10/27
Их Британи улсаас морьт эргүүлийн чиглэлээр туршлага судална
-
Өнөөдөр2020/04/08
УИХ-ын байнгын хороодын хуралдаан өнөөдөр болно