Тод мэдээ
У.Хүрэлсүх: “Эрүүл хүн, эрүүл гэр бүл, эрүүл хамт олон”-ы төлөө үндэстнээрээ сэтгэлгээний өөрчлөлт хийе

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж байгаа гурван тулгуурт үндэсний хөдөлгөөний нэг нь “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн юм.
Хөдөлгөөн нь “Эрүүл зөв хооллолт”, “Эрүүл зан үйл”, “Эрүүл мэндийн боловсрол”, “Нийтийн биеийн тамир” гэсэн үндсэн дөрвөн бүрэлдэхүүнтэй.
Энэ хүрээнд иргэдийг өвчилсөн хойно нь эмчлэх бус, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн шалтгааныг бий болгож буй хүчин зүйлсийг арилгах, эрүүл орчин, нөхцөл бүрдүүлэх, эрүүл хүнсээр хангах, зөв дасгал хөдөлгөөн, зохистой амьдралын хэвшилтэй болгох, эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарч байна.
Хөдөлгөөний үзэл баримтлал, хамрах хүрээ, хийж байгаа ажил болон цаашдын зорилтоо тодотгож, хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилготой “Эрүүл монгол хүн” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганыг нээж хэлсэн үгэндээ, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн хоорондоо нягт уялдаа холбоотой хэрэгжих ёстойг тэмдэглэв.
Хүн ам өсөж, дундаж наслалт нэмэгдэн, амьдралын чанар сайжрахад хувь нэмрээ оруулж байгаа ажилтан, албан хаагчдад талархал илэрхийллээ.
Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах, сайжруулахын төлөө бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, манлайлал, дэмжлэг чухал гэдгийг хэлэв.
Цаашид “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, нийтийн эрүүл мэндийн тусламж, ялангуяа суурь болон анхдагч урьдчилан сэргийлэх тогтолцоогоо улам сайжруулж, санхүүжилтийг тогтвортой, хүртээмжтэй байлгахад анхаарах ёстойг тэмдэглэв.
- “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хамрах хүрээ, хэрэгжүүлэх арга зам,
- “Эрүүл хүүхэд, залуус ба эрүүл мэндийн боловсрол”,
- “Архидан согтуурахаас үүдэлтэй нийгмийн хор уршиг, түүнийг бууруулах шинэ хандлага”,
- “Эрүүл зөв хооллолт”,
- “Иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, нийтийн биеийн тамирын нөхцөл байдал, цаашдын чиг хандлага”,
- “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн-Судалгаанд суурилсан нийгмийн эрүүл мэндийн интервенци болох нь”,
- “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний шалгуур үзүүлэлт ба Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалт” зэрэг сэдвээр илтгэл сонсож, хэлэлцэнэ.
Үндэсний чуулганд эрүүл мэнд, спорт, боловсрол, болон хууль сахиулах байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаач, олон улсын байгууллага, иргэд, аж ахуйн нэгийн 800 гаруй хүн оролцож байна.
Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран зохион байгуулж байна.
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулав
Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргасан.
Энэ хүрээнд 2022 оны долоодугаар сард Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ хэлэлцэн баталсан.
Энэ дагуу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс согтууруулах ундааны хатуулгаас хамааран Онцгой албан татвар хоёр дахин нэмэгдэж, литр тутмын борлуулалтаас тодорхой хувийг Эрүүл мэндийн боловсрол олгох, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, бие даасан сан байгуулахад зарцуулж эхэллээ.
Өндөр хатуулагтай согтууруулах ундааны хэрэглээ жил бүр өсөж, насанд хүрсэн нэг хүн жилд дунджаар 54 литр согтууруулах ундаа хэрэглэдэг гэсэн судалгаа гарч гарчээ. Ялангуяа хэтрүүлэн хэрэглэх, донтох нь улам бүр нэмэгдэж байна.
Архи, тамхины сөрөг нөлөөнөөс шалтгаалж жилд 9-10 мянга орчим хүн амь насаа алдаж байгаа нь нийт нас баралтын 60 орчим хувийг эзэлдэг юм.
Насанд хүрэгсдийн 95 гаруй хувь нь эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай
Судалгаанаас үзвэл насанд хүрсэн иргэдийн 95 гаруй хувь нь ямар нэг байдлаар эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ.
Зохисгүй хооллолт, согтууруулах ундаа, тамхины хэрэглээ, дасгал, хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, таргалалт, даралт ихсэлт нэмэгдэж байгаа нь иргэдийн эрүүл мэнд төдийгүй үндэсний аюулгүй байдалд ч эрсдэл учруулах хэмжээнд хүрсэн гэж үздэг.
Эрүүл мэндийн салбарт 5,000 орчим эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 58 мянган хүн, 1,000 гаруй эрдэмтэн судлаач ажиллаж байна.
“Президент” спорт цогцолбор байгуулна
Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүүхэд, залуучуудын биеийн тамираар хичээллэх орчин нөхцөл, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-тай хамтран “Президент” спорт цогцолбор байгуулж байна.
Цогцолбор нь 19 нэр төрлийн спортын үйл ажиллагаа явуулж, өдөрт 5,000-6,000 хүүхэд, залууст үйлчлэх хүчин чадалтай.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрийг шинэчилж, бие бялдрын хөгжлийн цогц боловсрол олгодог байх ёстой гэж үзэж байна.
Зүрх, судасны төв байгуулна
“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүн амын өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болж буй зүрх, судасны эмгэгээс сэргийлэх, эрт илрүүлэх, оновчтой эмчлэх зорилгоор Япон Улстай хамтран Зүрх, судасны төв байгуулна.
Дэвшилтэт техник, технологи бүхий энэ төв дотооддоо оношилж, эмчилж чаддаггүй эмгэгүүдийг зөв оношилж, эмчлэхээс гадна эмч нараа Япон Улсад мэргэшүүлж, боловсон хүчин бэлтгэх зэрэг чиглэлээр ажиллах юм.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод индэр2021/04/06
Б.Одонтунгалаг: Дэлхий нийтээрээ санхүүгийн боловсролд анхаарч байна
-
Тод мэдээ2021/08/27
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид бараалха...
-
Тод мэдээ2023/04/17
Засгийн газраас "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл"...
-
Өнөөдөр2019/07/24
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг ирэх сараас үргэлжлүүлнэ