Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцэв

Огноо:

,

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар явуулах санал хураалтыг хойшлуулав. Ингээд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцлээ.

Хүний эрхийн Үндэсний комисс (ХЭҮК)-ын дарга Ж.Хунан уг илтгэлийн талаар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, илтгэлийг 2022 онд гүйцэтгэсэн судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ, ХЭҮК-т ирсэн гомдол, мэдээлэл болон комиссын гишүүний санаачилгаар хийсэн хяналт шалгалтын үр дүн, төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын албан ёсны тайлан мэдээлэл болон бусад эх сурвалжид үндэслэн долоон бүлгийн хүрээнд боловсруулсан гэдгийг хэлж, бүлэг тус бүрээр хүний эрхийн нөхцөл байдал ямар байгаар тоймлон дурдлаа.

Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хангах зохицуулалтууд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад бий ч эдгээр хуулийг хэрэгжүүлэхдээ эрх зүйн хийдэл гаргах, алба хаагчдын мэдлэг, хандлагаас шалтгаалан хүний халдашгүй эрх зөрчигдөж байгааг ХЭҮК-ын дарга онцолсон юм. 2020-2022 онд нийт 2674 сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, үүнээс 1079 буюу 40.3 хувийг нь шүүх, прокурор, баривчлах байрны даргын шийдвэрээр суллажээ. Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах үндэслэлүүдийг тодорхой хязгаарлалтгүйгээр, хэт өргөн хүрээтэй хуульчилсан, баривчлах ажиллагаа шүүхийн хяналтад бүрэн ороогүй, бүх насаар хорих ял эдэлж байгаа хоригдлын эрхийг хангах хууль, тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй, ганцаарчлан хорих ял эдлүүлэх шийтгэл өнөөг хүртэл байсаар байгаа нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж тэрбээр тэмдэглээд, хууль, эрхзүйн зохицуулалтыг олон улсын гэрээ, конвенцод бүрэн нийцүүлэх шаардлагатай гэсэн юм. Мөн эмнэлгийн чанартай албадлагын болон хүний эрхийг хязгаарлах, саатуулах арга хэмжээ хэрэглэхэд гарч байгаа процессын зөрчилтэй байдлыг дурдаж, хуулийн тодорхойгүй нөхцлөөс болж хүний эрх чөлөөг дур мэдэн хязгаарлах эрсдэл бий болоод байгааг анхааруулсан юм.

Мөн тэрбээр, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн хараат бус, олон ургальч дуу хоолой нэмэгдсэн нь тэдний үйл ажиллагааг хянах, эдийн засгийн болон бусад аргаар нөлөөлөх сонирхлыг нэмэгдүүлж байгаа талаар дурдаж, санхүүжилтийн хязгаарлагдмал нөхцөл нь хэвлэл мэдээллийн салбарыг эмзэг болгож буйг ярилаа. Хэвлэл мэдээллийн эзэмшлийн хэт төвлөрөл, ил тод бус байдал элдэв төрлийн цензур хэлбэрээр илэрч, олон нийтийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үл итгэхэд хүргэж байна гээд тэрбээр, хараат бус, мэргэжлийн хэвлэл мэдээллийн салбарыг төлөвшүүлэхийн тулд хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ёстойг онцлов.

Түүний танилцуулснаар, Монгол Улсад 2020-2023 онд 736 удаагийн жагсаал, цуглаан зохион байгуулагдсаны 649 нь Улаанбаатар хотод, 87 нь орон нутагт болжээ. 1994 онд батлагдсан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн зарим ойлголт, зохицуулалт хэт ерөнхий байгаагаас иргэд, төрийн албан хаагчид хооронд үл ойлголцол үүсэж байгааг тэрбээр тэмдэглээд, орчин үед зохион байгуулагчгүй, бүртгэх боломжгүй цуглаан аяндаа үүсэх, нэг цуглааныг эсэргүүцсэн зэрэгцээ цуглаан гарах, иргэний үл захирагдахуйн акц явуулах, хэн болохоо илчлэхгүй, эсвэл урлагийн хэв маяг бүхий бүтээлч хэлбэрээр цахим орчинд дижитал болон биет байдлыг хослуулж үзэл бодлоо илэрхийлэх зэрэг олон арга хэлбэр бий болж буйг нэрлэсэн юм. Иймд цаг үеийн шаардлагыг харгалзан тус хуулийг шинэчлэх, ингэхдээ төрийн бус байгууллагууд, иргэний нийгэм, олон нийтийн дуу хоолойг тусгах, Холбооны болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг хүний эрхийн зарчим, хэм хэмжээ, сайн туршлагад нийцүүлж батлах хэрэгтэй байгааг дурдав.

Төрийн албаны тухай хуульд оруулсан олон удаагийн нэмэлт, өөрчлөлт хуулийн анхны үзэл баримтлал, суурь зарчмыг алдагдуулсан гэж ХЭҮК үзжээ. Төрийн албан хаагчид ядуурлын нөхцөлд байна хэмээн комиссын дарга мэдэгдлээ. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн удирдлагын томилгоо улс төр төрөөс хамааралтай, тогтворгүй байгаагаас төрийн албан хаагчдын хэвийн ажиллах нөхцөл алдагдсаны зэрэгцээ ажлын ачаалал их, аюулгүй байдал хангалтгүй, дарамт шахалт, зүй бус харьцах асуудал үлэмж байгааг тэрбээр дурдав. Цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмж муу, тэтгэмж урамшуулал, нийгмийн хангамж тааруу, орон сууцын дэмжлэг хангалтгүйгээс төрийн алба хаагчид хувийн хэвшлийн байгууллагад шилжих, эсвэл гадаад оронд ажиллахаар явах үзэгдэл хэвийн зүйл болсон байна гэлээ.

Хүүхдийн эрхийн асуудал анхаарал татаж буйг ХЭҮК-ын дарга Ж.Хунан хөндөн ярьж, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2022-2023 онд улсын хэмжээнд нийт 532 дотуур байр байгаагийн 477 нь стандартын, 55 нь стандартын бус гэж мэдээлсэн боловч тус комисс 79 дотуур байранд хяналт шалгалт хийхэд бүгд стандартын шаардлага хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй байсныг тэмдэглэсэн юм. Тэдгээрт, нэг өрөөнд олноороо амьдрах, ундны усны асуудал шийдвэрлээгүй, хоолны зардал хүрэлцээгүй, ариун цэврийн өрөөний нөхцөл хангалтгүй, эмч, эмийн хүрэлцээ дутмаг, хүүхэд хамгааллын ажил явуулах төсөвгүй, хяналтын камергүй зэрэг олон зөрчил дутагдал илэрсэн байна. Монгол Улсад 2017 оноос Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо ажиллаж байгаа. 2022 оны байдлаар ийм хороо улсын хэмжээнд 39 ажиллаж, гэмт хэрэгт холбогдсон 577, хохирогч болсон 703, гэрч болсон 211, нийт 1491 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн гэж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ)-аас мэдээлсэн. ХЭҮК-оос хүүхдийн эрхийн хууль зүйн 23 хороог хяналт шалгалтад хамруулахад үйл ажиллагаа нь жигдрээгүй, тогтмол хуралддаггүй, гишүүд нь орондоо өөр хүн хуралд суулгадаг, чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, хөтөлбөр, төлөвлөгөөгөө баталдаггүй, гэмт хэргийн холбогдогч, гэрч, хохирогч хүүхдүүдэд цөөн үйлчилгээ үзүүлсэн буюу хангалттай туслаагүй, мэдээлэл, тайлан, бүртгэл нь бүрэн бус зэрэг түгээмэл зөрчлүүд гарчээ. Иймд ХЭҮК-оос Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажлыг үр дүн муутай, хэлбэр төдий, хүүхэд бүрд хүрч ажилладаггүй гэж дүгнэсэн байна.

Түүнчлэн, ахмад настны эрх бас асуудалтай байгааг ХЭҮК-ын дарга танилцууллаа. Ахмадуудад төрөөс олгож буй тэтгэвэр наад захын хэрэгцээг нь хангахгүй байна. Нийгмийн халамж, хамгаалал, эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжгүй, хангалтгүй байна. Хөгжих, хөдөлмөрлөх, ядууралд өртөхгүйгээр амьдрах боломж нөхцөл ахмад настнуудад алга байна хэмээн тэрбээр дурдав. Засгийн газар тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээг бодитой бус, инфляцтай уялдаагүй, улс төрийн шинжтэйгээр авч хэрэгжүүлдэг тул тэтгэврийн зөрүү, ялгаа үүсгэж буйг мөн онцгойлон анхааруулав. Эрүүл мэндийн үйлчилгээ чирэгдэл ихтэй, эмийн үнэ өндөр, эмч, эмнэлгийн ажилчдын зан харилцаа муу, Геронтологийн үндэсний төвийн барилга байгууламж, материаллаг бааз, хүний нөөц, санхүүжилтийн хүрэлцээгүй байдлаас болж ахмад настны эрх зөрчигдсөөр байна. Тэдэнд ээлтэй, аюулгүй орчин нөхцөл бүрдээгүйгээс гэмтэж бэртэх, хөгжлийн бэрхшээлтэй болох, ялангуяа нийгмийн амьдралд оролцоход сөргөөр нөлөөлдөг хэмээн ХЭҮК-ын дарга тэмдэглээд, урт хугацааны тусламж үйлчилгээний нэгдсэн цогц тогтолцоо, асаргааны даатгалын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатайг онцолсон юм. Мөн, ахмад настнууд ажил хөдөлмөр эрхлэх идэвх санаачилга гаргаж байгаа ч тэднийг ажиллуулахгүй, тэдэнд тохирсон ажлын байр байхгүйгээс бүтэлгүйтэж, насаар ялгаварлагдах, үл хайхрагдах, ганцаардах, сэтгэл гутралд орох, нийгмээс тусгаарлагдах явдал их байгаа юм. Иймд ахмад хүмүүсийг ажилд авсан аж ахуйн нэгжүүдийг татвар, урамшууллаар дэмжих бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэж ХЭҮК үзсэн байна.

Монгол Улс Ази Номхон далайн бүс нутагт хүний эрх хамгаалагчийн тогтолцоог бүрдүүлсэн анхны улс болсон. Гэвч хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдөх, тэдэнд аюул, эрсдэл учрах тохиолдол гарсаар байгааг ХЭҮК-ийн дарга Ж.Хунан тэмдэглэлээ. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар аюул, эрсдэлд өртсөн, өртөж болзошгүй хүний эрх хамгаалагч, түүний хамаарал бүхий гэр бүлийн гишүүдийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасан хэдий ч үүнд шаардагдах зардлыг улсын төсөвт тусгагдаагүй байна. Уг хуулийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд зааж өгсөн хэр нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд тухайн зөрчлийг ямар байгууллага хариуцахыг огт зохицуулалтгүй орхижээ. Үүнээс үүдэн хэргийн харьяалал тодорхойгүй гэх үндэслэлээр асуудал эзгүйдэж, хүний эрх хамгаалагчдын зөрчигдсөн эрх үр дүнтэй сэргээгдэхгүй, зөрчигдсөн хэвээр байгаа юм.

Мөн, улс төрийн хүрээнд жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлээгүй тохиолдолд гарах үр дагавар, хүлээлгэх хариуцлагын тогтолцоо байхгүй байгааг ХЭҮК-ийн илтгэлд дүгнэсэн байна. Улс төрийн намууд энэ талаар авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааныхаа тайланг Жендерийн үндэсний хороонд хоёр жил тутам хүргүүлж байхаар хуульчилсан боловч МАН, ХҮН, Иргэдийн оролцооны нэгдэл нам 2022 онд анх удаа ирүүлснээс бусад намууд үүнийг огт хэрэгжүүлэхгүй байгааг комиссын дарга Ж.Хунан цохон тэмдэглэлээ. Эмэгтэй улс төрчид, албан тушаал хашиж байгаа, сонгуульд нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүд нэр хүндэд нь халдах, хэл амаар доромжлох, ялангуяа цахим орчинд эрэгтэйчүүдээс илүү их дайралт, дарамтанд өртөж байгааг тэрбээр дурдаж, сонгуульд нэр дэвших санхүүгийн шалгуурыг тэр бүр давдаггүй, хандив, дэмжлэг авч чаддаггүй нь тэдний улс төрийн оролцоог хязгаарлаж байна гэсэн юм.

Дараа нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Б.Энхбаяр танилцууллаа. Байнгын хороо илтгэлийг хоёр өдрийн турш буюу энэ сарын 25, 26-нд олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар, сэдэв тус бүрээр хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанд зургаан төрийн бус байгууллага, хэвлэл, мэдээллийн таван байгууллага, мэргэжлийн гурван холбоо, төрийн 23 байгууллагаас давхардсан тоогоор 97 төлөөлөл оролцож УИХ-ын гишүүдийн асуултад хариулсан гэж тэрбээр танилцуулав.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн боловсролын салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд улс төрийн албан хаагчдын томилгоогоор ажил албан тушаалаас чөлөөлөгдөж, хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн судалгаа байгаа эсэх, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хөдөө орон нутагт ажиллах боловсон хүчин хомсдолд орсонтой холбогдуулан тухайн орон нутгийн онцлогийг харгалзаж төрийн албаны шалгалтыг ялгамжтай авах боломж бий эсэх, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хүний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн талаар төрийн байгууллагуудад өгсөн шаардлагын биелэлтийн талаар асууж, хариулт авчээ. Мөн Хүүхдийн эрхийн асуудал сэдвийн хүрээнд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Б.Энх-Амгалан нар хүүхдийн бэлгийн хүчирхийллийн талаар, насанд хүрээгүй хүүхэд жирэмсэн болж, үр хөндүүлж байгаа асуудлыг шийдвэрлэх бодлогын талаар, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир дотуур байранд амьдарч байгаа хүүхдийн орчин нөхцөл, хамгааллын талаар тус тус асуусан бол ахмад настны эрхийн хэрэгжилт сэдвийн хүрээнд, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир тэтгэврийн зөрүүг арилгах бодлого, ахмадууд орон сууцны хөнгөлөлтөд хэрхэн хамрагддаг талаар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахмад настны ганцаардлын асуудал, хүчирхийлэлд өртсөн ахмадын тоо, шалтгааны талаар асууж, холбогдох хүмүүсээс хариулт авсан байна.

Мөн, улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал сэдвийн хүрээнд, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог хангах боломж бололцооны талаар, халдашгүй чөлөөтэй байх эрхийн хэрэгжилт сэдвийн хүрээнд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж болох хэрхэн өөрчлөх, мөн гэмт хэрэгт сэжиглэгдэж, шалгагдаж байгаа тохиолдолд цахим орчинд нийтэд зарлаж, шүүхээр эцэслэн шийдвэрээгүй байхад олон нийтээр яллаж байгаа талаар, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир мөрдөгчийн хойшлуулшгүй ажиллагаа гэдэг нэрийн доор хавтгайруулж зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа явуулж байгаа талаар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цагдан хорьж байгаад нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүрээ хязгаарыг хумих, шалгаж буй хэргийн мэдээ баримт, зураг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч, эцэслэн шийдэгдээгүй байхад гэмт хэрэгтэн хэмээн цоллож байгааг хуулийн байгууллага шалгах талаар, Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалт сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хэвлэл мэдээллийн байгууллагуудын хараат бус байдал, түүний үр дагаварын талаар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хэвлэл мэдлээллийн эрх чөлөөний тухай хуулийг боловсруулах шатанд талуудын оролцоог Засгийн газар хэр хангаж, ямар бодлого барьж ажиллаж байгаа талаар тус тус асуулт асууж, хариулт авсан байна.

Мөн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, уул, уурхайн компанид ажиллаж байгаа иргэдийн хөдөлмөрлөх эрх, эрүүл мэнд, байгаль орчны асуудлаар ХЭҮК-той хамтарч шалгалт хийх санал дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эрхийг хамгаалах, хариуцлагын тогтолцоог чангаруулахад анхаарах шаардлагатайг тэмдэглэжээ. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир улс төрд манлайлагч эмэгтэйчүүдийг сонгохын тулд тэднийг хооронд нь өрсөлдүүлэх зохицуулалтыг хуульд тусгах нь зүйтэй гэсэн санал илэрхийлсэн байна. Илтгэлийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд оролцсон УИХ-ын гишүүдийн 60 хувь нь чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, ХЭҮК-ын дарга Ж.Хунангийн танилцуулга болон тус илтгэлийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв. УИХ-ын гишүүн Н.Энхболд, аливаа эрүүгийн хэргийн хуулиар хориглосон мэдээллүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр урьдчилан тарааж, уур амьсгал бүрдүүлж, нийгмээр яллуулж байгаа нь эргээд шүүх, прокурорын байгууллагын биеэ даасан, хараат бус байдалд хүндрэл дарамт учруулж буй тухай болон мэдээллийг задруулж байгаа эздийг олж илрүүлэх хуулийн зохицуулалтыг хэрхэн сайжруулах талаар асуув.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, ХЭҮК-ийн энэ удаагийн илтгэл маш сайн бичигдсэн байна хэмээн үнэлээд, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг яллаж, цахим гав зүүж буй асуудлыг судалж үзэхийг сануулж, нийт баривчилгааны 73 хувийг шүүх мэдээгүй, шүүхийн хяналтын гадуур хийгдсэн явдалд анхаарлаа хандуулж ажиллахыг зөвлөв. Мөн тэрбээр, ирэх долоо хоногт Хүний эрхийн дэд хороог хуралдуулах талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярт тавьсан шаардлагаа сануулсан юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, үндэслэлгүй хорьсон тохиолдолд ямар арга хэмжээ авч байгаа, үүнийг таслан зогсоох талаар ХЭҮК-т тодорхой санал байгаа, эсэх болон соошл орчинд хүний эрхэнд халдаж байгаатай яаж тэмцэж байгааг асуухад Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр тус байнгын хорооны хуралдаанд ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдын танилцуулсан нууц мөрдөн шалгах ажиллагааны талаарх санал дүгнэлтийг хэлэлцэж, шаардлагатай гэж үзвэл УИХ-ын тогтоол гаргах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлэв.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа ахмад настны эрхийг хангах, тэднийг ядуурал, үнийн өсөлт болон ганцаардлын эмгэгээс хамгаалах талаар, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, ХЭҮК-ын илтгэлд огт дурсагдаагүй боловч хамгийн их ярих ёстой асуудал бол хувийн хэвшлийнхний эрх, эрх чөлөөг хангах тухай асуудал болохыг, мөн захиалгатай, төлбөртэй, шантаажны сэтгүүлчдийн худал мэдээлэл, гүтгэлэг тараадаг явдлыг эцэс болгох тухай, УИХ-ын дарга Г.Занданшатар, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүнийг гүтгэсэн бол тухайн гүтгүүлсэн хүнд өөрийгөө хамгаалах, уг гүтгэлгийг няцаах цаг хугацаа, зай талбайг ижилхэн олгож байх тухай, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, төрийн албан хаагчдыг халдаг, чөлөөлдөг, улс төрийн нөлөө, үйл ажиллагаанд татан оролцуулдаг, улмаар тухайн салбарт тогтворгүй байдал үүсгэдэг хөдөлмөрлэх эрхийн зөрчлүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар асууж, хариулт авав. Мөн, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг Засгийн газрын үнэн төрхийг илчилсэн тайлан боллоо гэж дүгнээд, илтгэлд туссан тулгамдсан асуудлуудыг шийдэх шийдлийн талаар огт дурдаагүйд харамсаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр, хойшлуулшгүй ажиллагаа гэдэг нэрээр баривчилгаа явуулж, тэдний ихэнхийг буцаагаад суллаж байгаа нь хэлмэгдүүлэлт болохыг дурдаж, үүний шалтгааныг арилгуулах талаар ХЭҮК ажиллах ёстой гэсэн юм. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын нэр хүндэд халдах гэдэг заалт оруулж, улмаар Зөрчлийн хуулиар эхлээд 50 000 төгрөгөөр, дараагийн удаа 500 000 төгрөгөөр торгодог болсон нь хүмүүсийн амыг барих, үг хэлэх эрх чөлөөг нь боомилох арга хэрэгсэл болсон гэж тэрбээр байр сууриа илэрхийлэв. Үүнд хариулахдаа Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, олон зуун хүнийг, мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийг торгосон нь үнэн болохыг батлаад, энэ мэт асуудлыг шийдвэрлэхийн тулд ХЭҮК өнөөдөр хэлэлцүүлж буй илтгэлдээ Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн загвар төсөл хавсаргасныг танилцуулж, уг төслийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хамт өргөн барих санал тавив.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хүний эрхийн нөхцөл байдал дээрдэхгүй байгааг дурдаж, хүний эрхийн зөрчил нийгэмд ил тод явагдаж байхад тэр бүхнийг таслан зогсоох арга хэмжээ яагаад авахгүй байгааг, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал хэлэлцэн буй асуудлаарх хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх талаар судалгаа, тооцоо хийсэн эсэх, мөн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдлуудын тухай, түүнчлэн хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн үнэлэмжийн тухай, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, жагсаал, цуглааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох тодорхой санал байгаа эсэх, удахгүй болох Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдрөөр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулах тухай асууж, хариулт авсан юм. Мөн УИХ-ын гишүүн Н.Ганибал, иргэд хүний эрхийн зөрчлийн талаар хэнд, хэрхэн гомдол гаргах, ХЭҮК иргэдийг бүрэн хамгаалж чаддаг эсэх тухай, мөн тус комиссын өгсөн зөвлөмжийг холбогдох албан тушаалтнууд хэрхэн биелүүлдэг тухай, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар уул уурхайтай бүс нутгийн иргэдийн эрх, мөн уурхайд ажиллагсдын эрх зөрчигдөж байгааг шийдвэрлэхийн тулд эрх зүйн ямар зохицуулалт хийх шаардлагатайг асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүдийн асуултад ХЭҮК-ийн дарга Ж.Хунан, тус комиссын гишүүн С.Дондов Х.Мөнхзул Г.Нарантуяа, Д.Сүнжид Б.Энхболд, комиссын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг нар хариулт өгөв.

Илтгэлийг хэлэлцэж, УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг дүгнэж үг хэллээ. Тэрбээр, аливаа асуудлыг хууль руу чихэж, хууль болохгүй байна гэж булзааруулах явдал байгааг анхааруулаад, хуулийг хэрэгжүүлэх, хэрэглэх тал дээр маш их асуудал байна хэмээн сануулж, холбогдох асуудлуудаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж хэлэлцүүлэхийг Хууль зүйн байнгын хороонд чиглэл болгов. Тогтоолын төсөлд, хөдөлмөрлөх эрх, харилцаа, цалин хангамжийн талаар өнөөдрийн хэлэлцүүлэг дээр яригдсан санал, санаачилгыг тусгахыг даалгалаа. Мөн, халдашгүй чөлөөтэй байх эрхийн талаар процессын хуулиудад нарийвчлан тусгаж, тодорхой болгох, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан үе шат, шаардлагын дагуу боловсруулж, хэлэлцүүлэх шаардлагатайг тэмдэглээд, хуулийн хэрэгжилтийг иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор хянах “хэвтээ хяналтын тогтолцоо”-г нэвтрүүлэх талаар судлахыг үүрэг болгов.

Дараа нь ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. ХЭҮК-ийн гишүүн Я.Цэлмүүн тайлан илтгэлдээ, тус комиссын тухай хуульд заасан хүн өөрийн хүслээр гарч явах боломжгүй нөхцөлтэй нийт 843 газарт, давтагдсан тоогоор жилд 144942 иргэн урт, богино ямар нэг хугацаагаар байрлаж байгаагаас нэн тэргүүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтийг хангах хүрээнд зорилтот бүлгийн ойролцоогоор 37000 гаруй хүнд тогтмол хүрэлцэж, хяналт шинжилгээ, урьдчилан сэргийлэх ажлыг хийх шаардлагатай байгааг дурдаад, үүнийг шүүх эрх мэдлийн болон мөрдөн шалгах, хууль сахиулах байгууллагын удирдлага, алба хаагчдын хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх боломжтойг тэмдэглэв. Тэрбээр 2022 оны наймдугаар сараас эхлэн нэгжийн таван албан хаагчийн хамт Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн, асрамжийн тасгууд, Ахмад настны үндэсний төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа төв, орон нутагт байрлах хорих анги, цагдан хорих хаалттай 461 дүгээр анги, баривчлах байр, цагдан хорих байр, цагдаагийн газар, хэлтсүүдийн эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байр, сургуулийн дотуур байр зэрэг нийт 23 газар орон, байршилд хяналт шинжилгээ хийжээ. Хяналт шинжилгээний хүрээнд тэдгээр газруудад хүмүүсийн эрхийн хэрэгжилт, мөн алба хаагчдын хөдөлмөрлөх нөхцөл, эрүү шүүлт гарч болзошгүй тогтолцооны шалтгаан нөхцлийг судалж, өөрийн хүслээр гарч явах боломжгүй нөхцөлд байгаа 1954 хүнээс олон улсын жишиг стандарт, өөрийн улсын хууль эрх зүйн орчны онцлогт уялдуулан боловсруулсан асуумж авч, хорих ял эдэлж байгаа болон цагдан хоригдсон, баривчлагдсан 411 хүнтэй ганцаарчилсан ярилцлага хийж, 48 ажилтан, алба хаагчтай өөрсдийнх нь хүсэлтээр уулзаж, 209 хүнд зөвлөгөө өгч, харьяаллын дагуу зургаан гомдлыг шилжүүлэн шалгуулсан байна. Нийт 3357 хүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх болон хүний эрхийн асуудлаар сургалтууд хийж, эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор хэд хэдэн гарын авлага бүтээж, эрүү шүүлтийн хор аюул, түүнээс ангид байх эрхийн талаар иргэд, олон нийтэд тайлбарлан сурталчлах ажлуудыг зохион байгуулсан байна. Түүнчлэн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд холбогдох байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд 11 зөвлөмжийг хүргүүлж, биелэлтийг тооцон ажиллажээ.

Тэрбээр тайлан илтгэлдээ, эрүү шүүлт тулгаж, хүнтэй хүнлэг бусаар доромжлон харьцаж, хууль бусаар мөрдөх, нотлох ажиллагаа явуулж, олон жилийн ял шийтгэсэн үйл баримт нийтэд дэлгэгдэж, нийгмийг айдаст автуулж, ардчиллын үнэт зүйлсийг үгүйсгэсэн үйлдэл, эс үйлдэл багагүй гарч, түүний хор холбогдол арилахгүй байгааг дурдаад, үндэсний урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх шаардлагатайг онцолсон юм.

ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Б.Энхбаяр танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар тайланг хэлэлцэх үед тэрбээр хорих ангид ял эдэлж байгаа хүмүүсийн орчин нөхцөл, эрүү шүүлт байж болзошгүй улаан шугамын эрх зүйн үндэслэл, Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа хүнийг хорих ял шийтгэгдсэн этгээдтэй нэг дор, хяналтын камергүй өрөөнд оруулж эрүүл мэндэд нь халддаг асуудал байгаа эсэх, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байгаа хүмүүст олгодог нийгмийн халамжийн тэтгэврийн талаар, мөн эрүүл хүнд хуурамч өвчний онош тавьж ял завшуулдаг асуудал байгаа эсэх, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг ямар нэг шийдвэргүй үргэлжлүүлдэг асуудал байгаа эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна.

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлан, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ш.Адшаа нар асуулт асууж, үг хэлэв. УИХ-ын гишүүд зөвлөмж хүлээж авсан байгууллага, албан тушаалтан уг зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага тооцох, мөн эрүү шүүлтэд өртсөн тухай гомдол ХЭҮК-т хэд ирсэн, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн тухай, эрүүдэн шүүлтийн нөхцөл байдал Монгол Улсад ямар түвшинд байгаа, урьдчилан сэргийлэх ажилд ямар хэмжээний зардал хөрөнгө шаардлагатай зэргийг асууж, хариулт авлаа.

Эцэст нь УИХ-ын дарга Г.Занданшатар Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийн эцсийн найруулгыг сонсгосноор чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Тод мэдээ

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах 4 үйлдвэр ашиглалтад оржээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Траст трейд” ХХК, “Ажигана” ХХК-д ажиллалаа.

“Траст трейд” ХХК 2000 онд мах, махан бүтээгдэхүүн, хиам үйлдвэрлэл, гадаад, дотоод худалдааны чиглэлээр бага оврын тоног төхөөрөмж, түрээсийн байранд, зургаан ажилтантай үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.

Үүнээс хойш өөрийн гэсэн үйлдвэр, гахайн аж ахуй, мах ангилах, боловсруулах үйлдвэр зэргийг ашиглалтад оруулж, одоогоор 70 гаруй төрлийн бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд нийлүүлдэг. Мөн эхний ээлжинд гадаадын таван улсад бүтээгдэхүүнээ экспортлохоор бэлтгэж байна.

Хамгийн сүүлд буюу 2023 онд ХАЛАЛ аргаар хоногт 500 бод, 1000 бог төхөөрөх хүчин чадалтай, 5000 тн зоорь бүхий мал төхөөрөх үйлдвэрээ ашиглалтад оруулжээ.

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, газар тариалангийн техник, тоног төхөөрөмж, тусгай тээврийн хэрэгслийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр зээл авсан байна.

Үүний дүнд энэ онд борлуулалт 26 хувиар өсөж, ажлын байраа нэмэх боломж бүрдсэн. Цаашид борлуулалтын орлого болон ашгийн хэмжээ жил бүр өсөж, энэ хэрээр улсын төсөвт төлөх татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ нэмэгдэхээр байгааг компанийн гүйцэтгэх захирал Р.Сансармаа танилцууллаа.

Үйл ажиллагаагаа өргөтгөн “Траст групп” ХХК болсон тус компани ирэх жил мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр тэргүүлэгч байгууллага болж, 2030 он гэхэд бүтээмж, инновацаар олон улсын байгууллагуудын жишигт хүрэх зорилт тавьжээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 онд гэхэд л 934 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 1,957 аж ахуйн нэгж, иргэнд олгож, хүүгийн зөрүүг улсын төсвөөс төлсөн. Мөн хүнс, хөдөө аж ахуйн 19 төрлийн үйлдвэрлэлд шаардлагатай 428 төрлийн тоног төхөөрөмжийг импортын гаалийн албан татвараас чөлөөлж, хөнгөлж байна. Энэ дэмжлэг цаашид үргэлжилнэ гэдгийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хэллээ.

Үүний үр дүнд 2023 онд олон улсын шаардлагад нийцсэн мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад орсон байна. Мөн онд махны экспортоос 277 сая ам.долларын орлого олсон бол хүнсний бүтээгдэхүүний импорт 12 хувиар буурсан дүн гарсан. Энэ нь нэг тэрбум гаруй ам.доллароор гадаадаас хүнсний бүтээгдэхүүн худалдаж авдаг манай улс 2023 онд 120 сая орчим ам.долларыг эх орондоо үлдээсэн гэсэн үг юм.

“ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ЫН ХҮРЭЭНД ТАХИАНЫ МАХНЫ ХЭРЭГЦЭЭГ ДОТООДООС БҮРЭН ХАНГАНА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр “Ажигана” ХХК-д ажиллалаа. Компанийн удирдлагууд “Оргио” тахианы үйлдвэр, эх сүргийн байр, өндөг дарж дэгдээхэй болгох инкубатор болон тахиа өсгөх бройлер цехээ танилцуулав.

Манай улс жилд 22 мянга гаруй тн тахианы махыг гадаадаас 50-60 сая ам доллароор авдаг бөгөөд хэрэглээ жил бүр 20 хувиар өсдөг статистик үзүүлэлт бий.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүдэд бүх төрлийн дэмжлэг үзүүлснээр ирэх таван жилд тахианы махны хэрэглээг дотоодоос бүрэн хангана гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэллээ.

“Ажигана” компани жилд 1,000 гаруй тн буюу дотоодын тахианы махны хэрэглээний таван хувийг үйлдвэрлэж байна. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд шувууны аж ахуйн болон тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлж, урт хугацаатай, бага хүүтэй зээл олгон, бодлогын бусад дэмжлэг үзүүлж байгаа.

“Анжигана” ХХК-ийн хувьд авсан зээлээрээ шинэ инкубатор суурилуулж /импортын татвараас чөлөөлөгдсөн/, тэжээлийн үйлдвэрээ өргөтгөн, хүчин чадлаа нэмжээ. Цаашид төхөөрөх цехээ автоматжуулж, автомат удирдлага, хяналтын систем нэвтрүүлэх, эх сүргийн хүчин чадлыг 50 хувь нэмэгдүүлэх, хоршоологчид болон тахианы аж ахуйн нэгжүүдтэй хамтрах, тахианы махны хэрэглээний 20 хувийг бүрдүүлэх зорилт тавиад байна.

Тус компани өнгөрсөн жилүүдэд улсын төсөвт 10 тэрбум төгрөгийн татвар төлжээ.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

ГЕГ: Он гарснаас хойш нийт 3426.2 сая ам.долларын бараа, түүхий эд импортолжээ

Огноо:

,

Импортоор нийт 3426.2 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2023 оны мөн үеэс 765.9 сая ам.доллараар буюу 28.8 хувиар өссөн байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны 96.5 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.8 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 1.1 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.3 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.3 хувийг төлбөрт зориулсан бараа эзэлж байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 690.5 сая ам.доллар буюу 20.2 хувь, эрдэс бүтээгдэхүүн 833.9 сая ам.доллар  буюу 24.3 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 738.2 сая ам.доллар буюу 88.5 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 342.9 сая ам.доллар буюу 49.8 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 747.5 сая ам.доллар буюу 21.8 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 262.5 сая ам.доллар буюу 7.7 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 176.2  сая ам. доллар буюу 5.1 хувийг тус тус  эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 86.2 хувь ногдож байна.

Манай улс дэлхийн 137 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 38.2 хувь;  ОХУ-д 27.0 хувь;  Япон-д 10.7 хувь; БНСУ-д 4.0 хувь;  АНУ-д 3.7 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 83.5 хувийг эзэлж байна гэж Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Богд уулын арын авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ

Огноо:

,

Богд уулын арын авто замыг хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, /ХААИС-ийн уулзвараас зүүн тийш Буган халиун рестораны уулзвар хүртэлх/ авто зам хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын

I хэсэг /ХААИС-ийн уулзвараас Зайсан толгойн зүүн хэсгийн авто зам хүртэлх/

2024 оны 05 сарын 09-ний өдрийн 22:00 цагаас

2024 оны 05 сарын 12-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

II хэсэг /ХААИС-ийн уулзвар/

2024 оны 05 сарын 11-ний өдрийн 08:00 цагаас

2024 оны 05 сарын 11-ний өдрийн 16:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

III хэсэг /Зайсан толгойн зүүн хэсгийн авто замаас Буган халиун ресторан хүртэлх/

2024 оны 05 сарын 12-ны өдрийн 06:00 цагаас

2024 оны 05 сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус ажлын хүрээнд: Ул хөрс солих шүүрүүлэх давхарга үүсгэх, хучилтын бүтээцийн хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурь,хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, Тэгшилгээний үе болон асфальтбетон хучилтын ажил хийж гүйцэтгэнэ.

Мөн хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах ажлууд хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас зөвлөж байна. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ4 цаг 29 минут

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах...

Тод мэдээ4 цаг 31 минут

ГЕГ: Он гарснаас хойш нийт 3426.2 сая ам.долларын бараа, түүхий эд и...

Өнөөдөр4 цаг 44 минут

Шороон шуурга шуурна

Тод мэдээ4 цаг 47 минут

Богд уулын арын авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн аж...

Тод мэдээ4 цаг 55 минут

“Өнөр бүл”-ийн гурван хүүхэд Германд сурна

Тод мэдээ4 цаг 59 минут

“Шинэ хоршоо” хөдөлгөөний санхүүжилт шийдвэрлэгдлээ

Тод мэдээ7 цаг 41 минут

“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын хо...

Өнөөдөр7 цаг 44 минут

Цэцэг төвийн уулзвараас Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар х...

Өнөөдөр7 цаг 56 минут

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр7 цаг 59 минут

Хангайн уулархаг нутгаар бороо, уулаараа нойтон цас орно

Өнөөдөр2024/05/07

“Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улс...

Тод индэр2024/05/07

Х.Нямбаатар: Замын газар чөлөөлөлтийг цаг алдалгүй хийх хууль эрх зү...

Тод мэдээ2024/05/07

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөлийн х...

Тод мэдээ2024/05/07

“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг...

Тод мэдээ2024/05/07

Өмнөговь аймаг нэг сая мод тарьж ургуулаад байна

Тод мэдээ2024/05/07

Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга...

Тод мэдээ2024/05/07

Энэ 7 хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Тод мэдээ2024/05/07

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг хүчингүй болголоо

Өнөөдөр2024/05/07

УИХ: Өнөөдөр хуралдах түр хороо, ажлын хэсгүүд

Өнөөдөр2024/05/07

Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

Өнөөдөр2024/05/06

Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан

Тод мэдээ2024/05/06

Монгол Улс нэгдүгээр улиралд 17.6 сая тонн нүүрс экспортлов

Чөлөөт бүс2024/05/06

Цэвэр агаарт дугуй унавал уушги "баярладаг"

Чөлөөт бүс2024/05/06

Хачигт халдварын идэвхжлийн үед анхаарал болгоомжтой байхыг зөвлөж б...

Тод мэдээ2024/05/06

Богдхан уулын ойн сангийн 3000 га талбайд хөнөөлт шавжтай тэмцэнэ

Тод мэдээ2024/05/06

Нийтийн тээврийн 3 чиглэлд өөрчлөлт орууллаа

Тод мэдээ2024/05/06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээл...

Өнөөдөр2024/05/06

“КАНСАТ 2024” үндэсний тэмцээн үргэлжилж байна

Өнөөдөр2024/05/06

УИХ: Өнөөдөр хуралдах түр хороо, ажлын хэсгүүд

Өнөөдөр2024/05/06

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Санал болгох