Тод мэдээ
Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томиллоо

Монгол Улсын Их Хурлын 2023 оны Хаврын ээлжит чуулганы 2023 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв.
Үндэсний зөвлөл нь эрүүл мэндийн даатгалын сангийн болон эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны зардлын төсвийн төсөл, төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдлийг актуар тооцоололд үндэслэн боловсруулах, батлагдсан төсвийн нарийвчилсан хуваарийг батлах, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэгтэй. Мөн эрүүл мэндийн даатгалын сангийн болон эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, үйл ажиллагааны болон удирдлагын зардлыг хянах, үнэлэлт, дүгнэлт өгөх; эрүүл мэндийн даатгалтай холбогдсон асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргийг хэрэгжүүлдэг. Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад орох тусламж, үйлчилгээний жагсаалтыг эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл баталдаг байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тогтоодог байна. Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журмыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах үүргийг хэрэгжүүлдэг байна. Түүнчлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ, чанарын болон санхүүгийн хяналтын асуудлаар дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус техникийн хороог тухайн асуудлаар мэргэшсэн шинжээч, судлаач, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, даатгуулагчийн оролцоотой байгуулж, ажиллах журмыг батлах, холбогдох шийдвэрийг техникийн хорооны дүгнэлт, зөвлөмжид үндэслэн гаргах, хууль тогтоомжид заасан бусад үүргийг гүйцэтгэдэг байна.
Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулав. Тус Байнгын хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцжээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Б.Алтанхуяг, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн секторын эрхлэгч, Шинжлэх ухааны байгууллагын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Т.Баясгалан, Ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын Нэгдсэн холбооны ерөнхийлөгч, Улаанбаатар Сонгдо эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал Ш.Зоригоо, Монголын сумын эмч мэргэжилтнүүд холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Гэрэлмаа, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эрдмийн зөвлөлийн гишүүн Н.Одонгуаг тус тус нэр дэвшүүлсэн байна.
Байнгын хороо Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 14.1.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 123, 126 дугаар зүйлийг баримтлан нэр дэвшигчийн сонсголыг 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулжээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.8 дахь хэсэгт заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд нэр дэвшсэн гишүүний мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй туршлагын талаар мэргэжлийн хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчээр Л.Мөнх-Эрдэнийг томилох саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дэмжиж томилсон байна. Хараат бус шинжээч нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичигтэй танилцаж, нэр дэвшигчтэй ганцаарчилсан ярилцлага хийж, гаргасан дүгнэлтээ нэр дэвшигчийн сонсголын үеэр танилцуулсан байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу хуралдаанд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, сонсголын тайлан гаргасан. Тус тайланг Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч Ц.Идэрбат Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан бөгөөд сонсголын тайланд даатгуулагчийг төлөөлсөн гишүүн нэр дэвшигч С.Эрдэнэбаяр, Т.Баясгалан, ажил олгогчийг төлөөлсөн гишүүн нэр дэвшигч Ж.Гэрэлмаа Н.Одонгуа нарыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан гэж үзсэн байна. Харин ажил олгогчийг төлөөлсөн гишүүн, нэр дэвшигч Ш.Зоригоог эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг хувийн байгууллагад тодорхой албан тушаал хашдаг нь тусламж үйлчилгээ авдаг байгууллагад тодорхой даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах, төлөөлөн тусламж үйлчилгээ үзүүлэгчийн төлөөлөл байж болохгүй гэсэн зарчмыг үндэслэн уг албан тушаалд тавигдах шаардлага хангаагүй гэж дүгнэсэн байна.
Цаашид Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд даатгуулагчийг төлөөлсөн нэр дэвшигчийг Улсын Их Хуралд санал болгохдоо Үндэсний зөвлөл нь санхүү эрүүл мэндийн эдийн засгийн нарийн судалгаа тооцоонд үндэслэн мэргэжлийн шийдвэр гаргадгийг харгалзан үйлдвэрчний эвлэлд олон жил ажилласан, үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл гэхээс илүү нийт даатгуулагчийн эрх, хууль, ёсны, ашиг сонирхлыг хамгаалах, эрүүл мэндийн салбарын эдийн засгийн асуудлаар мэргэшсэн, мэдлэг ур чадвартай хүнийг дэвшүүлэхийг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай талаар зөвлөмж хүргүүлсэн байна.
Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигч С.Эрдэнэбат, Б.Алтанхуяг, ажил олгогчийг төлөөлсөн гишүүн нэр нэр дэвшигч Ж.Гэрэлмаа Н.Одонгуа нарыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, даатгуулагчийг төлөөлсөн гишүүн, нэр дэвшсэн Т.Баясгалан ажил олгогчийг төлөөлсөн гишүүн нэр дэвшсэн Ш.Зоригоо нарыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.
Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Ц.Туваан, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, М.Оюунчимэг, О.Цогтгэрэл, Д.Сарангэрэл, Ч.Ундрам нар Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэв. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн тогтоолуудыг гаргахдаа судалгаатай, амьдралд хэрэгжихүйц шийдвэрүүдийг гаргахыг захиж байлаа. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг гүйцэтгэлийн тогтолцоонд шилжүүлсэн нь сумын эмнэлэгүүд дээр хүндрэл үүсгээд байгаа талаарх саналуудыг хэлж байв. Эл асуудалд Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл анхаарал хандуулж, алслагдсан сум, орон нутгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч буй иргэдийн эрх ашгийг хангасан шийдвэр гаргахад анхаарахыг Ц.Туваан гишүүн захиж байлаа. Сумдын ихэнх хувьд үнэгүй эм очоогүй байгааг анхаарах, сумын эмнэлгийн ажилтнуудын цалин хангамж, ажиллах нөхцөлийг тооцож, Үндэсний зөвлөлөөс гаргах шийдвэрүүддээ анхаарахыг захиж байсан. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нийгмийн эрүүл мэндийн асуудлыг хөндөж, иргэдийг аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарах шаардлагын талаар хэлж, төрөөс энэ чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг хэлсэн.
Ийнхүү гишүүд Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Нэр дэвшигч С.Эрдэнэбатыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг Улсын Их Хурлын 50 гишүүний 60 хувь нь дэмжсэн бол нэр дэвшигч Б.Алтанхуягийг томилохыг 62 хувь нь дэмжив. Нэр дэвшигч Т.Баясгаланг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг Нийгмийн бодлогын байнгын хороо дэмжээгүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд Байнгын хорооны дээрх саналыг дэмжээгүй юм. Нэр дэвшигч Ш.Зоригоог Нийгмийн бодлогын байнгын хороо Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжээгүй, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд Байнгын хорооны дээрх саналыг дэмжээгүй тул Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдлоо. Нэр дэвшигч Ж.Гэрэлмаа, Н.Одонгуа нарыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Ийнхүү Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох саналуудыг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн тул “Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тогтоолын эцсийн найруулгыг уншиж, нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод мэдээ2023/05/18
Говьсүмбэр аймгийн БОАЖ-ын салбарын албан хаагчидтай “Өглөөний уулзалт&rdq...
-
Тод индэр2021/08/03
Д.Сумъяабазар: Өглөөний жишиг гудамжийг дүүрэг бүрд үе шаттай байгуулна
-
Тод зураг2020/05/29
Хүүхдийн бэлэгт агуулагдах сахар зохист хэмжээнээс 16 дахин их байна
-
Тод мэдээ2021/12/15
ИТХ-ын ажлын алба болон ЗДТГ-ын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоов