Тод мэдээ
ЭЗБХ: Тогтоолын төслийг хууль санаачлагчдад буцаалаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар Хянан шалгах Ажлын хэсэг байгуулах тухай Эдийн засгийн байнгын хорооны тогтоолын төслийг батлав.
Түүний дараа Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаарх Ажлын хэсгийн тайланг УИХ-ын гишүүн Ч.Ундрам танилцуулсан.
Тэрбээр, Эдийн засгийн байнгын хороо тус тогтоолын төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам ахалж, Д.Батлут, Н.Ганибал, Х.Ганхуяг, Б.Энхбаяр нар гишүүнээр ажиллалаа. Энэ удаагийн тогтоолын төсөлд дараах үндэслэл, шалтгаанаар хөрөнгө нэмж тусгах шаардлага гарсан:
- Сүүлийн жилүүдэд төсвийн хөрөнгөөр авто тээврийн хэрэгсэл худалдан авахыг хязгаарласнаас үүдэлтэй алслагдсан сумдын төрийн үйлчилгээнд автомашин дутагдалтай байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд татан төвлөрүүлсэн автомашинаас шилжүүлэн авах хүсэлтийг төрийн байгууллагууд удаа дараа гаргаж байгаа бөгөөд энэ хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор алслагдмал сумдын Эрүүл мэндийн байгууллагад автомашин шилжүүлэхээр нэмж тусгах ;
- Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, түүний 21 аймаг дахь газруудыг татан буулгасан тул тухайн хөрөнгийг орон нутагт нь ялангуяа автомашин шаардлагатай байгаа байгууллагад нь шилжүүлэх зарчим барьсан. Иймд автомашиныг тухайн байгууллагуудад урьдчилан үзүүлж, чанар байдлыг шалгах, хэрэгцээнд нь нийцэж байгаа эсэхийг нягтлахад тодорхой хугацаа зарцуулсан. Ингээд хүлээн авах боломжтой гэж үзсэн хөрөнгийг гэрээгээр ашиглуулж байна. Ашиглалтын гэрээгээр орон нутгийн өмчит байгууллагад ашиглуулж байгаа эдгээр автомашиныг тогтоолын төсөлд нэмж тусган, орон нутгийн өмчид шилжүүлэх шаардлага үүссэн байна. Дээрх хүрээнд ажлын хэсэг зарчмын зөрүүтэй 39 санал, найруулгын 2 санал гаргасан. Эдгээр зарчмын зөрүүтэй саналаас 30 санал нь автомашиныг тогтоолын төслийн хавсралтад шинээр нэмж тусгах агуулга бүхий саналууд байгаа юм. Хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье гэв.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, ямар шалгуураар машин хуваарилсан талаар, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тогтоолын төслийг хууль санаачлагчдад буцаах санал гаргав. Тэрбээр 30 гаруй машины асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу 300 гаруй машин төвлөрүүлсэн. Эдгээр машиныг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд ихэвчлэн хуваарилсан. Түүнээс гадна өвөлжилт хүндэрсэн аймгуудад ашиглалтын гэрээгээр машин хуваарилсан. Мөн МХЕГ татан буугдсан учраас өмч хөрөнгийг зохицуулахаар Засгийн газраас Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна гэв. Ингээд байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хууль санаачлагчдад буцаахаар шийдвэрлэлээ гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Тод мэдээ
Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгоно
Энэ онд нийслэлийн хэмжээнд 10 байршилд шинээр зам барих бол 41 байршилд авто замыг шинэчилнэ. Тодруулбал, Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх авто замыг бүрэн шинэчлэх юм. Энэ хүрээнд Энхтайваны өргөн чөлөө дагуу автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгоно. Ингэснээр нийтийн тээврийн автобус нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих боломж бүрдэх юм.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зохиомол түгжрэлийн шалтгааныг арилгах, нийтийн тээвэр хоорондын зайг алдагдуулахгүй байх зорилгоор 2022 оноос эхлэн зам дагуух зогсоолуудыг үе шаттай хааж байгааг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр онцолж байлаа.
Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхэлсэн. Ингэхдээ иргэдэд саад учруулахгүйгээр шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд авто замыг засварлан шинэчилж байна. Харин асфальтбетон хучилтыг амралтын өдрүүдэд хийж байгаа юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Иргэн Б.П нь фэйсбүүк цахим орчинд “Nary Narut, Shimer shimka, Suki Nay, Anujin, Marlaa Marlaa, kimmyya InkIop” гэх нэртэй хуурамч хаяг нээн, түүнийгээ ашиглаж, “Токи.мн, Ленд.мнь Hipay” зэрэг зээлийн аппликейшны эрх нэмэгдүүлнэ" гэх зар оруулж хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар авч тухайн мэдээллээр иргэдийн цахим мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, олон удаагийн үйлдлээр зээл авч залилах, хулгайлах гэмт хэргийг үйлдэн их хэмжээний ашиг олж, амьдралын эх үүсвэрээ болгосон хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Шалгалтын явцад гэмт этгээдүүд нь тухайн үйлдлийн аргыг ашиглаж, олон иргэдийг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа тул дээрх нэр бүхий цахим фэйсбүүк хаягтай холбогдон зээлийн аппликейшны эрхээ нэмэгдүүлэх гэж хувийн мэдээллээ өгч, залилах гэмт хэргийн хохирогч болсон иргэд цагдаагийн байгууллагын 8822-2255 дугаарт холбогдохыг зөвлөлөө.
Хувийн мэдээллээ алдах нь цахим гэмт хэргийн хохирогч болох гол шалтгаан болж таныг санхүүгийн эрсдэлд оруулах аюул дагуулдаг гэдгийг ямагт анхаарч, таатай санал бүхий мэдээллүүдэд хянуур байж, дээр дурдагдсан эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Тод мэдээ
Хүннү хотын тээвэр логистикийн талаарх мэргэжлийн холбоод, компаниудын саналыг сонсож, ажлын хэсэг байгууллаа
Улаанбаатар хотын хүн ам өсөх тусам тээвэр логистикийн цогц, шинэлэг шийдэл хэрэгтэй болсон. Тиймээс Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хот Хүннү хотод тээвэр логистикийн нэгдсэн төвийг нийт 1019 га талбайд барина. Үүнээс 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулах юм.
Тээвэр логистикийн бүс байгуулахтай холбогдуулан мэргэжлийн холбоод, үйл ажиллагаа эрхлэгч компаниуд, экспертүүдтэй өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар болон нийслэлийн холбогдох албан тушаалтнууд уулзаж, санал бодлыг нь сонсож, хэлэлцүүлэг хийлээ. “Хүннү хотын тээвэр логистикийн бүсийн хөгжлийн стратеги” хэлэлцүүлгээр оролцогчдын санал хүсэлтийг сонсож, тээвэр логистикийн төвийн төлөвлөлтөд тусгах ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ажиллана.
Хэлэлцүүлгийн үеэр хотын дарга Х.Нямбаатар үг хэлэхдээ Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд одоогийн суурьшлыг задлах дагуул хотын төлөвлөлтийг тусгасан. Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хотод тээвэр логистикийн бүсийг бий болгох нь олон давуу талтайг онцоллоо.
Өнөөгийн Улаанбаатар тээвэр логистикийн хувьд үр ашиг, бүтээмж багатай, ажиллагаа ихтэй. Төмөр замын өртөөн дээр ирсэн чингэлгүүдийг гар аргаар ангилан ялгаж, 10 терминал руу цөөн тооны вагоноор түгээдэг. Нэг чингэлэгт ногдох зардал өндөр. 10 терминал бүрийн тоног төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар ашигладаггүй. Терминалууд дээр буусан ачааны 40 орчим хувийг эргэж орон нутагт түгээдэг. Логистик компани бүр өөрийн талбайтай болох хүсэлтэй боловч нийслэлд зай талбай байхгүй. Хүннү хотын тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулагдсанаар эдгээр асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтойг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа.
Хэлэлцүүлэгт Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр “Хүннү хотын тээвэр, логистикийн бүсийн төлөвлөлт”, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тээвэр, логистикийн төлөвлөлт”, Монголын тээвэр логистикийн түншлэл мэргэжлийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболд “Төр-хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчин: Боломж ба сорилтууд” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Хүннү хотын тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулагдсанаар дараах ач холбогдолтой.
- Монгол Улсын худалдаа, тээврийн дэд бүтцийг сайжруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,
- Тээвэр логистикийн зардлыг бууруулж, эдийн засаг, бизнесийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх,
- Олон улсын техник, технологийг нутагшуулан, хотын доторхи ачаа урсгалыг зохион байгуулах,
- Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, төмөр замын эрчмийг зохицуулах,
- Логистик төвүүдийн агуулахуудыг хотоос гаргаж, хадгалалтын зардлыг бууруулах,
- Орон нутаг руу чиглэсэн барааны урсгалыг хотын гадна талд төвлөрүүлэх давуу талтай.