Тод мэдээ
Нийгмийн хамгааллын тусгай төв автобустай боллоо

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас Нийгмийн хамгааллын тусгай төвд иж бүрэн засвар хийсэн, 32 хүний суудалтай автобус хүлээлгэн өглөө. Тус төв нь 21-ээс дээш насны өөрийн гэсэн орон гэргүй, орлого нь хязгаарлагдмал, эрхэлсэн тодорхой ажилгүй, харж хандах хүнгүй, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх, тэднийг бие даасан амьдралд шилжихэд нь туслан дэмжих зорилготой. 2003 оноос хойш Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн үйлчилгээний байгууллага юм.
Нийгмийн хамгааллын тусгай төв өнгөрсөн найман жилийн хугацаанд л гэхэд 251 иргэнийг бие даан амьдрахад нь тусалж, 634 иргэнийг бичиг баримтжуулж, 1000 иргэнийг ажлын байранд зуучлан, орлогын эх үүсвэрийг нь нэмэгдүүлжээ. Түүнчлэн тус төвөөр үйлчлүүлж буй иргэдийг бүлгээр нь ажлын байранд зуучлах тохиолдолд нэгдсэн зохион байгуулалтаар хүргэх, буцаан авах, аливаа эрсдэлээс сэргийлэх, ажлын байрыг тогтвортой хадгалахад машины хэрэгцээ шаардлага их тулгардаг байсан аж. Харин тус төвийн ажилчид өнгөрсөн хугацаанд хувийн машинаараа үйлчилгээ үзүүлж байжээ.
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Техникийн хэлтсийн дарга О.Лувсандагва “Нийгмийн хариуцлагын хүрээнд манай байгууллагын зүгээс тус төвд автобус хүлээлгэн өгөхдөө дан ганц автобусыг нь бэлдэж өгөх бус, давхар жолоочийг нь байгууллагынхаа дэргэдэх “Нарны зам” авто сургалтын төвд бэлтгэсэн. Мөн манай байгууллага инженер техникийн бүрэн багтай бөгөөд автобусыг хүлээлгэн өгөхдөө иж бүрэн засвар хийн, суудлын тоог нь 24 байсныг 32 болгон нэмэгдүүлэн, зорчигчдод үйлчлэхэд бэлэн болгоод байна” гэв.
Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг “Төвөөр үйлчлүүлж буй эмзэг бүлгийн, орон гэргүй иргэдийг зохион байгуулалттайгаар ажлын байраар дэмжиж, орлогыг нь нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж, үзвэр үйлчилгээнд хамруулах, асрамж сувилал, гэр бүлд нь хүргэж өгөх зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлэхэд автомашины хэрэгцээ өдөр бүр үүсдэг байлаа. Харин өнөөдөр Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас автобус хүлээлгэн өгч байгаа нь дээрх хэрэгцээ, тулгамдсан асуудлуудыг шийдэхэд маш том хувь нэмэр болж байна. Бид үйлчлүүлэгч иргэдийнхээ нэрийн өмнөөс талархаж байна” хэмээлээ.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС